Хууль бус тоглоом тоглохгүй л бол “Hermès Birkin” цүнхтэй болох боломжгүй аж. Хэн дуртай нь “Hermès Birkin” цүнхтэй болдоггүй гэдгийг гуравдугаар сарын 19-нд Хойд Каролинагийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нэгэн хэргээс харж болно. Тодруулбал, тус мужийн хоёр иргэн Францын тансаг зэрэглэлийн брэндийн эсрэг гомдол гаргажээ.
Нэхэмжлэгчид “Hermès” брэнд хүмүүсийн хүсэл шуналыг далимдуулан үнээ өсгөж, ашгаа нэмэгдүүлсэн гэж буруутгасан байна. Мөн “Birkin” цүнхийг худалдаж авахын тулд брэндийн бусад бүтээгдэхүүнийг худалдаж авах шаардлагатай болдог гэжээ. Үүнийг “уях зохицуулалт” гэж нэрлэдэг бөгөөд нэг бүтээгдэхүүний худалдан авалтыг нөгөөтэй нь холбодог гэсэн үг юм. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан бизнесийн шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилготой АНУ-ын монополийн эсрэг хуулийг зөрчиж байна гэж нэхэмжлэгчид мэдүүлжээ.
Тодруулбал, “Hermès”-ын худалдааны арга барил тодорхой бус. “Birkin”, “Kelly” гэх мэт хамгийн эрэлттэй загваруудыг үе үе өмнө нь худалдан авалт хийж байсан түүхтэй хүмүүстээ л зардаг гэх мэт зүйлс бий. Энэ нь загварын хүрээнийхний дунд үргэлж яригддаг оньсого таавар адил сэдэв болжээ.
“Hermès”-ын дүрмээр хэрхэн тоглох тухай зөвлөсөн ТикТок бичлэг, “Reddit”-ын нийтлэлүүд ч бий.
Гэтэл тус брэнд өнгөрсөн жил “Business of Fashion” мэдэгдэл гаргахдаа “Бусад бүтээгдэхүүнийг худалдан авах нөхцөл тавьж өөр бүтээгдэхүүн борлуулахыг хориглодог” гэжээ.
Хатуу хяналттай хуваарилалт болон хомсдол гэсэн хүчин зүйлээс улбаалаад “Birkin” цүнх хамгийн урт удаан хугацаанд оршин тогтнож буй тогтвортой бүтээгдэхүүн болсон. Мөн дахин борлуулах үед үнэ нь даруй хоёр дахин өсөх боломжтой цүнх болсон.
Цар тахлын дараа бусад брэнд хөлөө олохгүй дэнжигнэж байхад “Hermès”-ын хэт онцгой байр суурь ганхсангүй. Тус брэндийн борлуулалт үргэлж өссөн үзүүлэлттэй байна. 2023 онд л гэхэд орлого нь өмнөх оноос 21 хувиар, цэвэр ашиг нь 28 хувиар өсчээ. Гэвч энэ амжилт нь өдгөө брэндийг хуулийн асуудалд оруулж болзошгүй болов.
Ихэнх тансаг зэрэглэлийн брэндийн нэгэн адил “Hermès” ч түгээлтээ хатуу хянадаг бөгөөд арьсан эдлэлээ зөвхөн өөрийн дэлгүүрээр дамжуулан зардаг. Мөн брэндийн хувьцааны үнэ хэзээ ч буурдаггүй. Ялангуяа “Birkin”, “Kelly” цүнхнүүд цахимаар зарагддаггүй, заримдаа бүр дэлгүүртээ ч байдаггүй.
Брэндийн жижиглэн худалдааны арга барил хот болгонд өөр өөр. Орон нутгийн салбар дэлгүүрийн ажилтнууд “эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан” цүнхийг өөрсдийн арга барилаар зарах асар өндөр эрх мэдэлтэй байдаг. Зарим дэлгүүр хүлээлгийн жагсаалттай байдаг бол зарим тохиолдолд борлуулалтын ажилтан хувийн үзэмжээрээ асуудлыг шийддэг аж. Мөн эхэлж ирсэн нь түрүүлж авна гэх зарчим ч бий. Ялангуяа Парис дахь салбар дэлгүүрт энэ зарчим үйлчилж байна. Үйлчлүүлэгч худалдан авалт хийхээр жагсаалтад нэрээ бүртгүүлсэн ч өөрийнх нь ээлж ирэхэд өнгө, загвар сэлтийг сонгох эрхгүй байх нь бий. Хамгийн үнэнч үйлчлүүлэгчид хүртэл жилд хязгаарлагдмал тоогоор эрхээ эдэлдэг.
Энэ мэт тодорхой бус байдал нь хэн, яаж цүнх авдаг вэ гэсэн асуултыг төрүүлнэ. Эндээс “TikTok”, “YouTube”, “Reddit”-ын контентууд урган гарсан. Тэдгээр бичлэгээс сонирхон үзвэл, хэрэглэгчдэд цүнх авах боломжоо нэмэгдүүлэхийн тулд юу хэлэх, хэрхэн хувцаслах, хэдий үед дэлгүүрээр зочловол хамгийн тохиромжтой, аль салбар нь зүгээр зэрэг мэдээллийг өгдөг аж. Хэрэглэгчид цүнх худалдан авахын тулд буюу “квот”-той болохын тулд уруулын будаг, цамц, шаахай, нохойн ор зэрэг брэндийн бусад бүтээгдэхүүнийг худалдан авах боломжоо тодорхойлдог. Эдгээр зүйлд хэдий их мөнгө зарцуулна төдий чинээ цүнх худалдаж авах квоттой болох боломж нэмэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, брэндийг үнэлж байгаагаа харуулж, гутал, дэр, тэр бүү хэл 900 ам.долларын үнэтэй бяцхан сувинер зэрэг зүйлийг худалдаж авах шаардлагатай аж.
Брэндэд хамгийн их мөнгө зарцуулдаг хэрэглэгчдээ цүнхийг борлуулах нь зүгээр л ухаалаг бизнес байж болох юм. Нэмэлтээр энэ нь нууцлаг байдлыг бий болгож, брэндийг жилээс жилд тогтвортой оршин тогтноход нөлөөлдөг. Хөрөнгө оруулагчид ч брэндийг сонирхох нь ихсэнэ.
“Hermès” өдгөө гомдлын хариуг чимээгүйхэн шийдвэрлэх, эс бол хэргийг шүүхэд шилжүүлэх гэсэн хоёр аргын нэгийг сонгох ёстой. Мөн борлуулалтын түншүүд болон үйлчлүүлэгчдийнхээ өмнө өөрийн үйл ажиллагаагаа хууль ёсных гэдгийг баталгаажуулах шаардлагатай тулгарч буй юм. Тэдний бизнесийн үйл ажиллагааны нарийн ширийнийг нийтэд дэлгэх шүүх хурлаас зайлсхийхийн тулд ухаалаг бөгөөд тэнцвэртэй шийдвэр гаргах ёстой.
Зөвхөн “Hermès”-ээр тогтохгүй бусад өндөр зэрэглэлийн брэндэд ч “уях зохицуулалт” тодорхой хэмжээгээр байдаг аж. Тиймээс нэхэмжлэлийн явцыг загварын салбар бүхэлдээ анхааралтай ажиглаж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ