НЭМЭЛТ
Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 147 дүгээр сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна” гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр 10:43 цагт ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар тус сургуулийн сурагч биедээ авч явсан "Нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовиуртайгаар эмнэлгийн байгууллагын тусламж аваад байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна гэлээ.
Сурагчид эмнэлгийн яаралтай тусламж авч, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж байна гэдгийг ар гэрийнхнийх нь зүгээс хэлэв.
Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн сурагчид ангидаа хордсон байж болзошгүй шинж тэмдгээр яаралтай тусламж авч байна.
Хүүхдүүдийн ар гэртэй холбогдоход "хүүхдүүдийн биеийн байдал тогтворжоогүй. Хордлогын шинж тэмдэгтэй яг одоо яаралтай тусламж авч байна. Биеийн ерөнхий үзлэг хийж дууссаны дараа мэдээлэл өгнө" гэлээ.
Хордсон хүүхдүүд нь есдүгээр анги бөгөөд нэг ангийн сурагчид байсан байна. Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар хүүхдүүд нь хийд хордсон байж болзошгүй байна. Учир нь хордсон гэх хүү гэрийнхэндээ ангийнх нь хүүхэд нулимс асгаруулагч цацаад улмаар нулимс нь гоожиж, толгой нь эргэсэн гэжээ.
Хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Монгол-Японы нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Хүүхдүүд эмнэлэгт хүргэгдээд цаг гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд шаардлагатай анхны тусламж авсны дараагаар нэгдсэн шинжилгээ өгөх аж.