SPEAK OUT: Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар нууц санал хураалт явуулна

SPEAK OUT: Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар нууц санал хураалт явуулна

 УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилсан Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хөндлөнгийн судлаач болон хуульчийн байр суурийг хүргэж байна.


"ИРГЭН ӨӨРИЙНХӨӨ ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭР ШУУД ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БИЙ БОЛНО"

"Оюуны инноваци" төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл:

-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тэргүүтэй гишүүдээс Үндсэн хуулийн Цэцийн шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ хуулийн төсөлтэй танилцахад, нэлээд шинэлэг, суурь өөрчлөлтийг бий болгож чадна гэж харж байна. Цэцийн үйл ажиллагаа асар өргөн болж, иргэн хүний үндсэн эрхийг ямар нэгэн шүүхийн шийдвэр эсвэл хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын шийдвэр зөрчвөл Цэцэд өргөдөл гаргах боломж нээгдэнэ. Ингэснээр Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг шууд хэрэгжүүлэх боломжтой хууль болгож байгаагаараа давуу талтай. Иргэн болгон өөрийнхөө эрхийг Үндсэн хуулийн Цэцээр шууд хамгаалах тогтолцоо бий болно. Өмнө нь хийсвэр, явцуу хүрээнд ийм тогтолцоо байсан ч хуулийн шинэчлэлийн хүрээнд бодитоор хэрэгжих гэж байна.

Цэцийн байгууллага өнгөрсөн 30 жилийн хугацаанд олны шүүмжлэлд өртөж ирсэн. Жишээлбэл, Цэцийн даргад маш их эрх мэдэл хуваарилагдаж, хэрэг маргааныг дураараа дүгнэх, хэрэг үүсгэх, үүсгэхгүйг дураараа шийддэг, хугацаа их алддаг, зарим гишүүдийн хугацаа нь дууссан байхад дараагийн гишүүн нь томилогдохгүй байх зэрэг асуудлыг энэ хуулиар нарийвчлан зохицуулж байгаа гэж харсан.

Цэцийн нийт гишүүний хурал зохион байгуулж, Цэцийн даргыг томилох, Цэцийн гишүүн хууль зөрчих юм бол эгүүлэн татах асуудлаар санал хураалт нууцаар явуулах, шинээр иргэний үндсэн эрхийн маргаан үүслээ гэхэд өргөдлийг нь Цэцийн гишүүн хүлээж авахгүйгээр ерөнхий бүртгэгч гэж хүн хянах юм байна. Ингэсний дараа хэрэг үүсгэх, үүсгэхгүй, үндсэн эрх зөрчсөн, зөрчихгүй дээр бага суудлын хуралдаанаар шийддэг болно. Их болон дунд суудлын хуралдаанаар өөр өөр асуудлыг шийднэ гэх мэт тодорхой процессыг тусгасан байна лээ.

"ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУСАХААС ӨМНӨ ДАРААГИЙН ГИШҮҮНИЙГ САНАЛ БОЛГОЖ, НЭР ДЭВШҮҮЛНЭ"

Судлаач, хуульч П.Баттулга:

-УИХ-ын нэр бүхий гишүүдээс Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-аас хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, хууль тогтоох ажиллагаа үргэлжилнэ гэж харж байна. Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль анх 1993 онд, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль 1997 онд батлагдаж байсан. Тэр цагаас хойш хуульд дорвитой шинэчлэл хийгээгүй, өмнө нь хэд хэдэн нэмэлт өөрчлөлтүүд орсон. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл санаачилж байсан боловч УИХ-аар хэлэлцэж чадахгүй, хойшилсоор ирсэн. Одоо энэ хоёр хуулийн төслөөр цоо шинэ эрх зүйн шинэтгэлийг хийнэ гэж харж байгаа. Хуулийн төслийг уншиж танилцахад, одоогийн байгаа зохицуулалтаас мэдээж томоохон нэмэлт өөрчлөлтийг тусгасан зохицуулалт байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар Цэцийн гишүүнээр ямар болзол, шаардлага хангасан хүн томилох вэ. Томилсны дараа эгүүлэн татах процессыг нарийвчлан тусгасан байна. Хамгийн наад зах нь Үндсэн хуульд хууль зүй, улс төрийн өндөр мэргэжилтэй хүнийг Цэцийн гишүүнээр томилно гэсэн зохицуулалт байгаа боловч энэ шаардлагыг хангаж байгаа хүнийг томилж байна уу. Хуульч биш эрх зүйч биш хүмүүсийг томилж байна гэдэг шүүмжлэл гардаг.

Цэцийн гишүүн хууль зүйн дээд боловсролтой хүн байх, эрүүгийн гэмт хэргээр ял шийтгэл аваагүй байх, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн намд удирдах албан тушаал хашаагүй байх гэх мэт шаардлагыг тавьж байгаа.

Тэгэхээр илүү мэргэжлийн хүмүүс Цэцэд ажиллах боломж нээгдэх болов уу. Цэц маргааныг хянан шийдвэрлэдэг, хууль хэрэглэдэг байгууллага. Тиймээс тодорхой хэмжээнд хууль зүйн дээд боловсролтой, хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар бүхий хүн ажиллах үндэс бүрдэнэ гэж харж байна.

Дараа нь Цэцийн гишүүдийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ томилдог Үндсэн хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд хүмүүсийг хэрхэн, ямар журмаар томилох вэ. Нээлттэй ил тод байдлыг хангаж, гишүүдийн намтар мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулна. Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна гэх мэт процессын шинжтэй асуудлыг тусгасан байна. Мөн Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилчихоод дараагийн гишүүдийг нөхөн томилохгүй байдаг тохиолдол бий. Энэ асуудлыг шийдвэрлэхээр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө санал болгох, нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа хийнэ гэх мэт зохицуулалтыг тусгасан. Бас Үндсэн хуулийн Цэцийн дарга болон гишүүнийг эгүүлэн татах асуудал Үндсэн хуульд хэрвээ хууль зөрчвөл анх илгээсэн байгууллага Цэцийн шийдвэрийг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэсэн зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтыг нарийвчлан тусгаагүйгээс Цэцийн даргыг хууль бусаар огцруулсан гэх асуудал үүсдэг. Энэ бүхнийг хуулиар нарийвчлан тусгасан байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-04-16 103.57.93.20

Их хурал, ерөнхийлөгч, дээд шүүхээс томилдогийг болиулах хэрэгтэй. Эндээс сонгогдсон гишүүд хараат байж тэдний эрх ашгийг хамгаалж сууна. Зохистой байдлаар ажилладаг нь ховор болжээ.

Avatar

Гэрэл 2024-04-16 103.212.118.51

үнэндээ ойлгогдох юм бага л байна.Хэн ямар албан тушаалд очино тухайн цаг үёдээ л өөрийгөө хамгаалсан хууль журам батлуулахыг хүснэ.ингэсээр байгаад хууль нь гууль болж хөгжил гацаанд орох суурийн нэг шалтгаан болно.Уг нь холыг хардаг оюуны болоод сэтгэхүйн бядтай шилдэг сэхээтэн шийдвэр гаргах хууль батлах түвшинд байдагсан бол манай орны хувьд хөгжлийн ирээдүй тун гэрэлтэй харагддаг.

Avatar

Зочин 2024-04-16 76.220.74.140

Шат шатандаа ямар ч хариуцлагын тогтолцоогүй байна гэдэг нь дампуурлын эхлэл шүү. Өөрсдөө төр барьж байгаа болохоор өөрсдийнхөө толгойг илсэн хууль дүрэм гаргаж явсаар ирлээ. Шударга ёс,хариуцлага бий болж байж Монгол улс хөгжих учиртай.

Avatar

Хотын уугуул иргэн 2024-04-16 66.181.177.48

ҮХЦ гэж нэг Шүдгүй Арслан байна.Энэ бүтцийг татан буулгах хэрэгтэй бөгөөд энэ нь тэтгэвэрт гарсан улс төрчдийн амралтын газар болоод удаж байна. Манайхан Америк Америк л гэдэг: Гэтэл тэр Америкт чинь ҮХЦ гэдэг бүтэц байдаггүй. Бүх асуудлыг Дээд Шүүх нь шийддэг. Манайхан Оросуудаас хуулбарлаж ҮХЦ буюу Оросын Конституционный Суд гээч юмыг яг үг үсгээр хуулж авчихаад зөв ажиллулахгуй мунгинсаар 30 жил болж байна. Монгол улс нэг л хуулийн дээд байгууллагтай байх ёстой. Тэр нь Дээд Шүүх.

Avatar

Амараа 2024-04-16 203.98.76.176

Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж