Хугацаа нь дууссан 5.4 тэрбум төгрөгийн оношлуур, урвалж, эм байна
Төрийн эзэмшлийн эмнэлгүүдэд хандив тусламжаар авсан ч хугацаа нь дууссан 5.4 тэрбум төгрөгийн оношлуур, урвалж, эм байна.
Харин хувийн компаниудад есөн тэрбум төгрөгтэй дүйх хугацаа нь дууссан эм байгаа аж.
Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүдийн зүгээс яагаад энэ их хэмжээний оношлуур, урвалж, эмнүүдийг авав, зарим эм, эмийн хэрэгслийг худалдан аваагүй байхдаа мөнгийг нь шилжүүлдэг байсан тухай сонсогддог. Энэ асуудалд тайлбар хийх ёстой гэв.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:
Ковидын цаг үе маш хүнд үе байсан. Шинжээч та дүгнэлтээ тодорхой гаргах ёстой. Ард иргэдэд буруу ойлголт өгөх ёсгүй. Санхүүгийн тайланг бүх гишүүдэд тараасан. Гамшгийн тухай хуулиараа шууд худалдан авалт хийсэн. Давалгаа бүр дээр хариу арга хэмжээг авч байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмчилгээндээ бүртгэж байсан эмийг нэгээс хоёр сарын дотор оруулж ирж байсан. Вакциныг яаралтай оруулж ирж, иргэдээ вакцинжуулснаар цар тахлыг эрсдэл багатай даван туулсан.
2021 онд татан авсан эмүүд 2023 оны гурав, зургадугаар сард хугацаа нь дууссан. Түүнээс өмнө устгах боломжгүй. Цар тахлын өндөр идэвхжилтэй үед донор орнуудаас хүссэн эм, хэрэгсэл жилийн дараа буюу халдварын эрчим буурсан үед орж ирсэн тохиолдлууд ч бий. Зарим улсаас хандиваар орж ирсэн эмүүд өндөр үнэтэй тул хугацаа нь дууссан эм, оношлуурын үнийн дүн өндөр гарч байгаа.
Бид 1.5 тэрбум төгрөгөөр 100 мянган оношлуур худалдан авахад аравхан хоногт дуусдаг байсан. Бидэнд тендер зарлах хугацаа байгаагүй. Онцгой комиссоос нөөцөө бүрдүүл гэж шахдаг байсан. Тийм нөхцөлд ажилладаг байсан гэлээ.
Монголд 4092 төрлийн эм бүртгэлтэйгээс 1167 нь онцгой эрхт эм
Шинжээчийн мэдээллээр Монголд өнөөдөр 4092 төрлийн эм бүртгэлтэй байгаагаас 1167 нь онцгой эрхт эм аж. Хэдийгээр хоёр аж ахуй нэгж хооронд энэхүү онцгой эрхт гэрээг байгуулдаг ч гэлээ эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай юм байна. Мөн хоёр бизнесийн байгууллага хооронд хийгдэж буй энэхүү гэрээ нь нууц тул эмийн үнэд нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэхүү онцгой эрхт гэрээгээр орж ирсэн эмүүд дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шалгалт хийж байсан удаагүй. Харин тус газар тарилгын шингэн нийлүүлэгч Авико компани зах зээлд давамгай байдал үүсгэсэн болохыг тогтоож байсан бол “Улаанбаатар монос” компани эмийн жижиглэнгийн зах зээлд давамгай байдал үүсгэсэн, “Монос фарм трейд” ХХК компанийг мөн импорт ханган нийлүүлэх зах зээлд давамгай байдал үүсгэснийг тогтоож байсан. Ингэхдээ “Монос фарм трейд”-д 8.4 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Гэвч тухайн аж ахуй нэгж нь шүүхэд хандан давамгай байдалтай аж ахуй нэгж биш гэдэг маргааныг үүсгэсэн, шүүхээр асуудал шийдэгдээгүй байгаа аж.
Мөн энэхүү онцгой эрхт 1167 эмээс 574 нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэгдсэн бол 205 нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оржээ. Мөн эдгээр онцгой эрхт гэрээгээр орж ирдэг эмүүдийн гэрээний хугацаа 2050 он хүртэл үйлчлэхээр байгаа аж.
Ц.Туваан: Эмийн бизнестэй албан тушаалтныг АТГ, ЦЕГ шалгах хэрэгтэй
Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Эмийн үйлдвэрийн 50 хувийг төрийн албан тушаалтан, эм ханган нийлүүлэх байгууллагын 27 хувийг төрийн албан тушаалтан, эмийн сангийн 17 хувьд төрд алба хашиж байгаа албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд байгаа мэдээллийг сая шинжээч танилцууллаа. Зөвшөөрөл олгодог, хянадаг шалгадаг эрх мэдэлтнүүд нь өөрийнхөө хамаарал бүхий компанийг хянан шалгана гэж юу байдаг юм, өөрийнхөө компанид л давуу байдал үүсгэнэ ш дээ. Covid-19 –ын үеийн шууд худалдан авалтаар асар их хэмжээний эм, тариа худалдан авсан.
Том, том компаниуд төрийн бүх шатны байгууллагад аалзны тор шиг бүх хүмүүсээ томилчихоод БЭТ гэмээр юм уу, түүгээрээ дамжуулж, ажлаа хийдэг болж таарч байна. Эмийн үнэ өсөөд байгаагийн гол шалтгаан энэ болж таарч байна. УИХ-аас ахмадуудын тэтгэврийг нэмээд байдаг. Гэтэл тэд маань тэтгэврийнхээ гуравны нэгийг өндөр үнэтэй эмэнд өгдөг, чанаргүй эм уудаг учраас өвчин нь эдгэдэггүй.
Бүр сайдаасаа авахуулаад хянадан шалгадаг, зөвшөөрөл олгодог хүмүүс энэ дотор орсон байна. Эдгээр хүмүүс Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдүүлэг бөглөж ирсэн үү. Шинжээч хариулт өгөөч?
Шинжээч:
-Хамаарал бүхий албан тушаалтнууд хуульд заасны дагуу ашиг сонирхлын мэдүүлэг өгөх албан тушаалтнууд байгаа. Бидний гаргасан судалгаан дээр үндэслээд эрх бүхий байгууллага тухайн этгээд нь хамаарал бүхий аж ахуй нэгжээрээ хэрхэн яаж тендерт оролцов гэдгийг үргэлжлүүлэн шалгаад явах боломжтой.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шинжээч нараас мэдээлэл аваад энэ асуудлыг шалгах ёстой. Бид энд цаг нөгцөөх гэж сууж байгаа биш. Асуудал нь шалгагддаггүй зүйлийг Түр хороо гаргаж ирэх ёстой. Үр дүн байх ёстой. Тийм учраас энэ асуудлыг сонсоод өнгөрөх бус ард түмний хэрэглэж байгаа эмийн чанар, үнэ, албан тушаалтнуудын өөрсдийн хамаарал бүхий компанидаа давуу байдал олгож уу гэдгийг мухарлаж шалгах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Яг л энэ аалзны торон дотор байгаа юм биш үү гэдэг хардлага өөрийн эрхгүй төрүүлж байна. Шинжээчийн мэдээллээр Эрүүл мэндийн яамны удирдлагын 110 хүнээс 87 нь эмийн салбартай хамааралтай, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 28 гишүүнээс давхардсан тоогоор 35 нь хамааралтай, (2018-2023 оны хоорондох хамаарал бүхий этгээдийг шалгасан) Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 42 хүнээс 41 хүн нь хамааралтай, Эрүүл мэндийн ерөнхий газрын 93 хүнээс 57 нь хамааралтай, Хүний эмийн зөвлөлийн 321 хүнээс 241 нь хамааралтай, Гаалийн ерөнхий газраас 14 хүн хамаарал бүхий гэж гарлаа.
Албан тушаалтнуудад Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хууль үйлчилдэггүй юм уу, энэ хууль байхгүй юм уу гэж хармаар. Гэтэл 2014 онд Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг баталсан, саяхан шинэчлэн баталсан. Хууль үйлчлээд байхад ашиг сонирхлын зөрчилтэй хэрнээ оролцоод явж байгаа нь энэ тооноос харагдаж байна. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх мэдүүлгээ энэ хүмүүс өгдөггүй байсан юм уу. АТГ энэ асуултад хариулт өгөхийг хүсч байна.
АТГ-ын комиссар н.Шинэбаяр:
-Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийн дагуу албан тушаалтнууд гурван удаа мэдүүлэг өгдөг. Эдгээр тохиолдол бүрд дээр албан тушаалтнууд мэдүүлэг өгч явсан байх ёстой. Шинээр албан тушаалтнуудыг томилохдоо манайхаас мэдээлэл авахгүйгээр шууд томилдог тохиолдлууд бий. Энэ тохиолдолд шаардлагаа тавьдаг. Авлигад өртөх өндөр эрсдэлтэй салбарын нэг нь эрүүл мэндийн салбар. Шинжээч нарын дүгнэлт манайхаас өмнө шалгалт хийгээд гаргаж байсан мэдээллээс хамаарлын хувьд өндөр байна. Мэдээллийг авч шалгаж үзье.
Цус ойртсон салбар гэдгийг АТГ удаа дараа гаргаж ирж байсан.
Шинжээч:
-УБЕГ аас авсан мэдээлэлд үндэслэж хамаарал бүхий этгээдийг тогтоосон. Цаашдын сонсголын явцад эрх бүхий албан тушаалтнууд моно’оль компанитай хэрхэн холбогдсон бэ гэдгийг илтгэлээр үргэлжлэн гарна. Түүгээр илүү тодорхой болно.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Хүний эмийн зөвлөлд "Монос"-ын хамааралтай дөрвөн этгээд бий. АТГ т өгдөг ч ямар нэг арга хэмжээ авдаггүй.
Түр хорооны дарга Ж.Чинбүрэн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн нэрсийг хуулийн байгууллагад шилжүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Ж.Чинбүрэн: Сүрдүүлсэн мессэж гар утсанд ирж байна
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Нотлох баримтыг шинжлэх судлах сонсголоор эрүүл мэндийн салбар дахь хамаарал бүхий компанитай албан тушаалтнуудын нэрсийг зарлалаа. Хамаарал бүхий компанитай албан тушаалтнуудын нэрсийг зарлахад УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Чинбүрэнгийн гар утасанд сүрдүүлсэн мессэж ирсэн байна.
Түр хорооны дарга Ж.Чинбүрэн:
-Албан тушаалтны харилцан хамаарал аалзны тор шиг шигджээ. Эрүүл мэндийн салбарын эмийн өсөлт өндөр байгаагийн үндсэн углуурга нь хамаарал бүхий компанитай этгээдүүдтэй холбоотой байна. Энэ сонсголын үеэр “Хүн гүжирдлээ, чи яасан том юм” гэсэн сүрдүүлсэн мессэж гар утасанд ирж байна. Бид энэ салбарт нэгдмэл ашиг сонирхолтой байгааг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Мөрдөн байцаагч өөрөө өмгөөллийн компанитай байвал яах вэ. Мэдүүлэг өгчихөөд тухайн асуудлыг шийдвэрлэх үед тухайн асуудлыг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэйгээ хэлж, оролцохгүй байх ёстой. Бид нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн нэрсийг хуулийн байгууллагад шилжүүлж байна” гэлээ.
Нотлох баримтыг судлан шинжлэх шинжээч 2018-2023 онд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт 757 албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий 9654 этгээдийн эзэмшиж буй аж ахуй нэгж байгууллага, тэдгээрийн охин компани, охин компанийн охин компани, хараат компани болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой нийт давхардаагүй байдлаар 20221 хуулийн этгээд, мөн 2023 оны байдлаар Эм зүйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 2786 Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий нийт 2645 хуулийн этгээд, тэдгээрийн охин компани, охин компанийн охин компани, хараат компани болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой нийт 10238 хуулийн этгээдийн хамруулан судалжээ.
ЭМЯ-ны хамаарал бүхий компанитай албан тушаалтнуудын нэрс
Нотлох баримтыг судлан шинжлэх дүгнэлтээр эрүүл мэндийн салбарын албан тушаалнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжийг зарлалаа. Эрүүл мэндийн яамны 110 албан тушаалтнаас 97 буюу 88.1 хувь нь хамаарал бүхий компанитай байна. Тухайбал,
- Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун”,
- Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа -“Тахилтын овоо”,
- Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бямбасүрэн “Космостек монгол”,
- Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн “Фореверрийч”,
- Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа- “МИССДИ”,
- Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал -“МСМ групп”,
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа- “Жикүжи”
- Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын УАУХ-ийн дарга Б.Долгорсүрэн -“Нэрст-Өндөр”,
- Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Мөнхтуул – “Эс Би Ди фарм”,
- ЭМГ, УСХЗХ-ийн дарга Б.Туяа- “Баршим”,
- Д.Золзаяа -”Интернэйшнлмедикал сентер” зэргээр хамаарал бүхий компанитай нь нотлон судлах баримтаар илэрсэн байна.
Цаашлаад Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн давхардсан тоогоор 28 албан тушаалтныг шинжлэн судлахад 100 хувь буюу давхардсан тоогоор хамаарал бүхий 35 компанитай байжээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулах газрын давхардсан тоогоор 41 албан тушаалтан буюу 97.6 хувь, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын давхардсан тоогоор 57 албан тушаалтан буюу 61.2 хувь, Хүний эмийн зөвлөлийн давхардсан тоогоор 241 албан тушаалтан буюу 75 хувь, Эрүүл мэндийн яамны комиссын албан тушаалтнуудын давхардсан тоогоор 32 албан тушаалтан буюу 64 хувь, аймгийн эрүүл мэндийн төвүүдийн давхарсан тоогоор 36 албан тушаалтан буюу 24.6 хувь нь хамаарал бүхий компанитай байжээ.
Албан тушаалтнууд хамаарал бүхий этгээд дээрээ эмийн сан байгуулжээ
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ өдрийн сонсголоор эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, үнийн мэдээллийн ил тод байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал зэрэг асуудлуудаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт, тайлбар авах юм.
Шинжээчийн танилцуулснаар Эрүүл мэндийн яам, Төрийн худалдан авах ажиллагаа, Гааль, Нийслэлийн эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагад алба хашиж байгаа албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд нь эмийн сан, эм үйлдвэр болон эм импортлох компанид ажилладаг зэрэг асуудал хөндөгдөж байна. Сүүлийн жилүүдэд эмийн сангийн тоо эрс өссөн байсан нь Нийслэлийн эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн төвийн орон тооны бус зөвлөлөөс эмийн сан ажиллуулах эрх олгодог нь хамаарал бүхий этгээдийнхээ нэрээр аптек байгуулах үндсэн шалтгааан болсон байж болзошгүй аж.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ