Төв банкны хараат бус байдал эдийн засгийн ДАРХЛАА болох нь

Төв банкны хараат бус байдал эдийн засгийн ДАРХЛАА болох нь

Төв банкны хараат бус байдал эдийн засгийн ДАРХЛАА болох нь

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд банк санхүүгийн системийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд “Монгол Улсын эдийн засагт банкны салбарын гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт нийтлэлийн уралдаанд Ⅲ байрт шалгарсан Erennews.mn сайтын сэтгүүлч Н.Элбэгжаргалын нийтлэлийг хүргэж байна.


Монгол Улсад 1991 оноос хоёр шатлалт банкны тогтолцоо үүсэж, санхүүгийн зах зээл цоо шинэ өнгө төрхөөр хөгжих болсон. Ийнхүү 1996 онд Төв банкны тухай хууль батлагдаж, Монголбанкны үүрэг зориулалт, үндсэн чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг нарийвчлан тодорхойлж өгсөн юм. Тус хуульд “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино, Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” хэмээн заасан байдаг.

Харин эрх баригчид Монголбанкны дээрх үндсэн чиглэл, зорилтыг хольж хутгах, эрх хэмжээнд нь олгогдоогүй үүрэг зориулалтыг нэхэх, Төв банкийг “мөнгө хэвлэдэг машинтай” андуурч эндүүрдэг түүхэн сорилтууд 30 гаруй жилийн хугацаанд нэг биш удаа тохиолдов. Иймээс Төв банкны хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулах үндсэн шаардлага гарч ирдэг. Тэгвэл энэхүү шаардлагыг аргумент, нотолгоотойгоор баталъя.

Аргумент 1: Баатрын дүр зохихгүй

Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголбанк, Засгийн газар хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2012 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Энэ талаар “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК 2018 онд үнэлгээ гаргахдаа “Монголбанк 2012-2016 онд төсвийн шинжтэй 17 хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлсэн. Ингэхдээ 7.2 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн” хэмээн тодорхойлсон байв.

Ийнхүү улс төрчдийн шахаагаар Монголбанк төсвийн шинжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь нийт эдийн засагт түүхэн гэж хэлж болохуйц ХАР ТОЛБО үлдээснийг мартаж болохгүй. Тухайлбал үүний үр дүнд  гадаад валютын албан нөөц ОУВС-гийн тодорхойлолтоор -2.75 тэрбум ам.доллар хүртлээ доошилж, Монголбанкны алдагдал -3.0 их наяд хүрч байв. Үүгээр зогсохгүй 2012-2016 оны хооронд валютын ханш огцом нэмэгдэж, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1.359.40 төгрөгөөс 2.147.74 болж, чангарч байв.

Эх сурвалж: 1212.mn

Иймд макро эдийн засгийн тогтвортой байдал нь Төв банкны хараат бус, бие даасан байдалтай шууд холбоотойг харж болно. Монголбанк огт хамааралгүй сангийн яамны үүрэг гүйцэтгэж, төсвийн шинжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн БААТАР болох шаардлага үнэн хэрэгтээ байхгүй. Гагцхүү эрх зүйн хүрээнд тодорхойлж өгсөн үүрэг зорилгын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь чухал юм.

Аргумент 2: Сайн туршлага “чийдэн” болох нь

Төв банкны хараат бус байдлын төлөөх тэмцэл олон улсад урт настай гэж хэлэхэд хилсдэхгүй. Тухайлбал Төв банк нь Засгийн газрын харьяанд байх үед улстөрчдийн нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлт хэт ихсэж, мөнгөн тэмдэгтийн хямрал, эдийн засгийн хямрал Латин Америкийн хөгжиж буй орнуудад тохиолдож байсан түүх олон бий. Иймээс Төв банкны хараат бус, бие даасан байдлыг хангахын тулд улс төрөөс салгах нийтлэг ТРЕНД өнөөдрийг хүртэл үргэлжилжээ.

Тухайлбал 2019 онд “Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүлд нийтлэгдсэн Төв банкны хараат бус байдал: Олон улсын сайн туршлага, Монголбанкны анхаарах асуудал өгүүлэлд дурдсанаар дэлхий дахинд 100 гаруй улс орон Төв банкны мөнгөний бодлогыг улстөрийн болоод аливаа хөндлөнгийн нөлөөллөөс хараат бусаар хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна хэмээн бичсэн байв.

Үндсэндээ улс орнууд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Төв банкны хараат бус байдлыг баталгаажуулан эрх зүйн шинэчлэл хийх, хууль тогтоомжийг сайжруулах тренд өнөөдрийг хүртэл моод хэвээр байсаар байгаа юм.

CEPR цахим хуудсанд 2024 оны 2 дугаар сард нийтлэгдсэн “Recent trends in central bank independence” өгүүлэлд  дараах хоёр графикийг судалгааны үр дүн болгон танилцуулсан байв. Ингэхдээ 1923-2023 он хүртэлх хугацааны 155 орны Төв банкны хараат бус байдлын хувьслыг судалжээ.

Эх сурвалж: CEPR

Дээрх графикаас /figure 1/ харвал 2008 оны санхүүгийн зах зээлийн хямралын үеэр Төв банкны хараат бус байдлыг сайжруулах шинэчлэл саарсан ч 2016 оноос дахин давлагаалж эхэлснийг харж болно.

 Эх сурвалж: CEPR

Харин дээрх график /figure 2/ улс орнуудын Төв банкны 2017 оны хараат бус байдлын түвшинг 2023 онтой харьцуулжээ. Эрх зүйн шинэчлэлийн давлагааны үр дүнд 2023 онд ихэнх орнуудад Төв банкны хараат бус байдлын түвшинд ахиц гарсан нь харагдана.

Иймд төр засгаасаа ангид үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэх цоорхойг эрэн хайж ирсэн олон улсын туршлага, эрх зүйн шинэчлэл нь бидэнд хангалттай том мессеж, үлгэрлэн дуурайх загвар болох юм.

Монгол Улс хамгийн сүүлд 2018, 2021 онд Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтүүдээр Төв банкны үйл ажиллагааны хараат бус байдлыг сайжруулах тодорхой өөрчлөлтүүд орж чадсан нь тухайн үедээ “чамлахаар чанга атга” гэдэгчлэн зохистой шинэчлэл болж чадсан. Тухайлбал Төв банкны тухай хуулийн 31.6-д Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно, мөн хуулийн 31.7-д “Монголбанк энэ хуулийн 15, 18 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Засгийн газарт шууд болон шууд бусаар зээл олгох, Засгийн газрын урт, богино хугацаат үнэт цаасыг анхдагч, эсхүл хоёрдогч захаас болон шууд худалдан авахыг хориглоно.” хэмээн тус тус өөрчлөлт оруулсан. Энэ  зохицуулалт нь 2012-2016 онд Төв банк улс төрчдийн шахалтаар төсвийн шинжтэй арга хэмжээ хэмжүүлж, эдийн засаг амаараа шороо үмхсэн гашуун түүхийн ташуур болж хуульд тусгалаа олсон.

Гэвч Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал улс төрчдийн өнгө үзэмжээр шийдэгдэх эрсдэл байсаар байгааг хэлэх нь зүйтэй. Төв банкны удирдлагын хараат бус байдлыг орхигдуулж болохгүй. Төв банкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх эрх бүхий улс төрийн институц нь хуульд зааснаар УИХ юм. Иймээс сонгуулийн мөчлөгөөр Төв банкны Ерөнхийлөгч чөлөөлөгддөг, солигддог гэх хардлага байсаар ирсэн.

Нөгөө талаар Төв банкны үүрэг, зориулалтыг ялгаж мэдэхгүй, кассын машин мэтээр хардаг улс төрчид Төв банкны удирдлага ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэхийг үндэслэлтэй дүгнэж чадах уу гэх асуултыг тавьж болно. УИХ хууль тогтоогч болохоос биш шүүх засаглал биш юм.

Иймд Төв банкны хараат бус байдлыг холбогдох хууль тогтоомжид илүү нарийвчлан тогтоож өгөх, цаашлаад улс төрийн шийдвэр гаргалтын үндсэн баримт бичиг болох Үндсэн хуулиар баталгаажуулж өгөх шаардлагатайг судлаачид тэмдэглэдэг.

Нэмэлт аргумент: Зөвлөгөөг зөвшөөрөх нь

С.Дэмбэрэлийн ОУВС-гаас 2022 оны 10 сард Артикл IV-ийн хүрээнд гаргасан “Mission Statement”-д хийсэн дүн шинжилгээнд бичсэнээр “Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх хууль эрх зүйн өөрчлөлтийг 2023 онд багтаан хийх” хэрэгтэйг онцолсон байдаг. Энэ нь Төв банкны хараат бус байдлын зохицуулалт өнөөдрийг хүртэл дахин нэхэгдсээр байгааг нотолно.

Аргумент 3: Хөөргөдлийг хязгаарлах нь

ХБНГУ-ын Төв банк (Бундесбанк) харьцангуй эрт буюу 1957 оноос Засгийн газраас хараат бус мөнгөний бодлогыг хэрэгжүүлснээр өндөр инфляцтай тулгараагүй сайн жишээг Төв банкны хараат бус байдлын талаарх өгүүлэлд түгээмэл иш татдаг.

Иймд Төв банкны хараат бус байдал болон дундаж инфляцын холбоо хамаарлыг судлан дүгнэсэн судалгаа элбэг бий. Тухайлбал 2020 онд Portland State University-ээс гаргасан “More Effective Than we Thought: Central Bank Independence and Inflation in Developing Countries”судалгааны бичвэрт дараах графикийг танилцуулсан байв.

Уг графикаас харвал хөгжиж буй орнуудад Төв банкны хараат бус бие даасан байдал өндөр байхын хэрээр дундаж инфляцын түвшин бага байгааг харуулжээ. Үүнээс үзвэл инфляц гэх бууж өгдөггүй дайсантай өнөөдрийн нөхцөл байдалд Төв банкны хараат бус байдал тунхгийн шинжтэй байж болохгүйг илтгэнэ.

Дүгнээд хэлбэл…

Эцсийн дүндээ Төв банкны хараат бус байдлыг сайжруулахаар уралдаж буй эрх зүйн шинэчлэлийн эрин үетэй бид нэгэнт хөл залгажээ. Үүнтэй зэрэгцээд дээрх эрх зүйн шинэчлэл нь үр дүнгээ өгч буй судалгаанууд ч түгээмэл гарах болж. Үндсэндээ Төв банкны хараат бус байдал сайжирснаар инфляц буурч, макро эдийн засаг тогтворждог сайн үр дүнг онцолж болохоор байна.

Төв банкны хараат бус байдал гэх ойлголт нь иргэн танд хамааралгүй, эсвэл хэрэггүй, амьдралаас хол сэдэв биш бөгөөд харин ч эцсийн дүндээ иргэн таны амьдралд хамгийн ихээр нөлөөлж байдаг байна. Учир нь монголын эдийн засаг монголын иргэдийн гараар бүтээгдсэн, бүтээгдэж байгаа цаашдаа ч бүтээгдсээр байх юм.

Монголбанкны хараат бус байдлыг бататган баталгаажуулахын хэрээр улсын эдийн засаг ДАРХЛАА суух нь ээ.

Эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZUV HUNII BODOL 2024-04-16 202.131.230.251

муу зээлдэгчээ хайрлан халамжлаад л бай, хараат бус байхад чинь нэмэр болно до хө

Avatar

baihgui munguu urdeggui setgelgee l darhlaa boldiin 2024-04-16 103.212.118.149

har alan dartsag mine

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж