Туг барьж, тугал ч хариулсан түшээ

Хуучирсан мэдээ: 2024.04.16-нд нийтлэгдсэн

76:1

Туг барьж, тугал ч хариулсан түшээ

Туг барьж, тугал ч хариулсан түшээ

"NEWS" агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг танилцуулж байна.


Сонгуулийн сурталчилгааныхаа дундуур баривчлагдан өргөст торны цаана суусан ч 20 мянга гаруй сонгогчийн санал авч, УИХ-д сонгогдсон улстөрч бол Ж.Эрдэнэбат юм. Монголын улс төрд өмнө өрнөж байгаагүй үзэгдлийн гол дүр болсон гэж хэлж болно.

Хэрэг явдлыг тодруулбал, 2020 оны зургадугаар сарын 13-нд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу түүнийг албадан баривчилж байв.

Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, шүүхээс нэхэмжилсэн 10 тэрбум төгрөгийн барьцааг гаргаж өгөөгүй үндэслэлээр цагдан хорьсон юм.

10 тэрбумын барьцаа нэхсэн шүүхийн шийдвэрийн цаад агуулгыг тухайн үед “Ерөнхийлөгч Х.Баттулгын заавраар сонгуулийнх нь өрсөлдөгч нарт боломж олгох зорилгоор хийж буй үйлдэл” гэж тайлбарлах хэсэг байсан бол “МАН махны машинаа ажиллуулж байна”гэж үзсэн нь ч бий. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар, Булган аймгийн Тэшиг сумдын нутаг дээр улсын тусгай хамгаалалттай газарт лиценз эзэмшиж байсан компаниудын зөвшөөрлийг цуцалж, өөр компанид нөхөн олговор байдлаар олгосон нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-т шалгагдах үндэслэл болсон юм. Концессын гэрээнээс болж Засгийн газар нь огцорч байсан бол танхимаараа гаргасан шийдвэртэй холбоотойгоор АТГ-т шалгуулж, шүүхээс зургаан жилийн хорих ял сонссон юм. Шүүхээс ял сонсох үед УИХ-д сонгогдсон байсан бөгөөд сэлэнгэчүүд түүнийг өмөөрөн шүүхийн гадаа жагсаж, шийдвэрийг нь эсэргүүцэж байв.

Найман сар орчмын хугацаанд ял эдэлсний эцэст 2021 оны гуравдугаар сарын 3-нд  суллагдаж, гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангараг өргөсөн түүхтэй. Тэр цагаас хойш тугал ч хариулсан, туг ч барьсан түшээ гэдэг тодотголтой болсон юм.

2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдал хүлээж, гудамжинд гараад байсан МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авснаар Засгийн эрхийг дангаараа барих эрхтэй болсон юм. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайд болдог бичигдээгүй хуультай ч тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд Засгийн газрын тэргүүн болох эрхээсээ татгалзаж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад энэ эрхийг олгож байв. УИХ-д ердөө хоёр дахь удаагаа сонгогдсон, хамтарсан Засгийн газрын үед жил орчмын хугацаанд Сангийн сайдаар ажилласан хүнд Ерөнхий сайд хэмээх том алба хаших болсон нь МАН-ынхны шийдвэр гэхээс илүүтэй М.Энхболдын хүсэл байсан гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй. Учир нь, түүнд нэг жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, дээр нь Монгол Улсын эдийн засаг амаргүй байгаа үед Засгийн газрыг тэргүүлэх нь нэр хүндэд нь сэв суулгана гэж үзсэн тул Ж.Эрдэнэбатад итгэл үзүүлсэн.

Гэвч нам дотроо шадарлаад байх фракцгүй, зөвхөн Засгийн газрын танхим доторх гишүүдийнхээ дэмжлэгээр ажиллаж ирсэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаа зөвхөн нэг жилээр хязгаарлагдсан юм.

Хэдийгээр гадна талаас М.Энхболдын фракцын дэмжлэг байсан ч хүчгүйдсэн гэж хэлж болно. Хэдийгээр тэр нэгхэн жилийн хугацаанд Засгийн газрыг тэргүүлж ажилласан ч цалин, тэтгэвэр, халамжаа чүү арай тавьж, валютын нөөцөө бүрэн шавхсан, зээлжих зэрэглэл нь буурсан, гадаадын зээл тусламж зогссон амаргүй улсыг дампуурлаа зарлаж болзошгүй эгзэгтэй мөчөөс гаргаж чадсан юм.

Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөн, ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХК-иас эхлүүлж байсан түүний хувьд аймгийн Засаг дараар ажиллах болсон үеэс МАН-ын удирдлагуудад тоогдож, УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх авч байсан гэх нь бий.

Ер нь Ардын намынхны хувьд аймгийн Засаг дарга нараа УИХ-ын сонгуульд сойдог нь нэг талаараа тухайн орон нутгийнхаа амьдралыг гадарлахтайгаа болсон, нөгөө талдаа УИХ-д авч ирэх суудлынх нь тоог бодолцож барьж ирсэн бодлого юм.

Ж.ЭРДЭНЭБАТЫН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль
  • 1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр
  • 1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
  • 2004 онд Удирдлагын академи
  • 2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сүүтэй" ХХК-д нягтлан бодогч
  • 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч
  • 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
  • 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч
  • 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2021 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2005 онд Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2010 онд Алтангадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж