Сурвалжлага: Турахын тулд "баас" идэхээс буцахгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2024.04.16-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Турахын тулд "баас" идэхээс буцахгүй болжээ

Сурвалжлага: Турахын тулд "баас" идэхээс буцахгүй болжээ

Алимны цуу найруулж уугаад эсвэл давстай усаар гэдсээ цэвэрлэж турна, жингээ хасна гэдэгт та итгэдэг үү?

Иргэд энэхүү асуултад дараах байдлаар хариулав.

  • "Итгэдэггүй ээ. Туршиж үзээгүй. Шинжлэх ухааны баталгаагүй гэж боддог. Юм уугаад биед нөлөөлнө гэж боддоггүй"
  • "Миний хувьд бас итгэдэггүй. "Herbalife" хэрэглэдэг хүн танина. Ярианд нь нэг их автаагүй. Худлаа юм шиг санагдсан"

  • "Би итгэдэггүй ээ. Ямар ч арга туршиж үзээгүй. Өөрөө хүмүүст санал болгож байгаагүй. Хүмүүсээс ч зөвлөгөө авч байгаагүй. Тийм аргууд судалж байгаа хүмүүст хэрэггүй дээ л гэж хэлье. Өөрийнхөөрөө дасгал хөдөлгөөн хийж, дуртай хоол хүнсээ зохицуулсан нь дээр байх. Нэг хүний үгэнд ороод сайн гэсэн болгоныг нь хэрэглэж, болохгүй гэсэн бүхнийг нь хориод байвал баланс нь алдагдах байх. Мэдээж, тэр чиглэлээрээ сурсан, боловсорсон мэргэжлийн хүний үгийг дагах хэрэгтэй. Тэрнээс биш "Би ингэж турсан" гэдэг захын хүний үгээр явах хэрэггүй"
  • "Тийм аргуудад итгэдэггүй. Ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй гэж боддог. Миний эргэн тойронд одоогоор тийм арга туршиж, үзсэн хүн алга л байна" 
  • "Миний мэдэх хүмүүс туршиж үзсэн байдаг. Зарим талаас нь харахад боломжтой л харагддаг. Гэхдээ өөр дээрээ 100 хувь туршиж үзээгүй" 

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд тураах, эрүүлжүүлэх гэх нэрийн дор олон янзын зөвлөгөө, зөвлөмж цацагдаж, хүмүүс ч туршиж байна. Ингэснээр эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирсон жишээнүүд цөөнгүй. Сүүлд л гэхэд турмерик болон алимны цуу хэрэглээд хордлогонд орж амь насаа алдах дөхсөн тохиолдол гарчээ. Үүнээс гадна шүдээ гэмтээж, хоолой, ходоодоо улайлгаж, цээж нь хорсдог болсон хүмүүс бишгүй байх аж.

"Хэдэн жилийн өмнө турах зорилгоор юу сайн тэр бүхнийг нь л хэрэглэдэг байлаа. Одоо бодоход реклам, сурталчилгаанд л гүн автжээ. Нэг хэсэг хэрэглээгүй зүйл гэж үгүй. "Herbalife"-аас эхлээд алимны цуу сүүлд тэр давсыг нь ч сонирхсон. Алимны цуу ховор үед хайж, хайж олж л байлаа. Үнэндээ аль нь ч үр дүнд хүрээгүй. Цээж л үе, үе хорсдог болсон. Ер нь манай монголчууд идэж, ууж байгаа зүйлдээ шинжлэх ухаанч ханддаггүй санагдсан" гэж элдвийн арга туршиж, эрүүл мэнд, цаг, мөнгөөрөө хохирсон нэгэн иргэн ярилаа.

Бидний мэдлэг, боловсролгүйн үр дүнд ашиг, хонжоо хайгчид улам гаарч, толгой дотор тоглолтоо хийж байна. Угтаа нийгэм соён гэгээрч, иргэд мэдлэгжиж, шинжлэх ухаанжих тусам идэж буй хоолноосоо эхлээд амьсгалж буй агаартаа хэрсүү хандах ёстой. Гэтэл одоогоор ходоодоо хогийн сав шиг санаж, бие махбодио хордуулах аргыг хайсаар байна.

Хүнсний инженер О.Гал-Очиртой ярилцан дээрх аргууд үнэхээр тураах, эрүүлжүүлэх үйлчилгээтэй эсэхийг тодрууллаа.

Тэрбээр "Тураах, жин хасах, өөх хайлуулах гэх мэт зорилгоор маш буруу, бүдүүлэг аргаар иргэдийг санхүү, эрүүл мэндээр нь хохироож байна. Алимны цуу буюу 5 хувийн цууны хүчил агуулсан уусмалыг шууд уухыг зөвлөөд 24-25 төрлөөр эрүүл мэндэд сайн гэж зөвлөж байна. Алимны цуу уугаад турахгүй.  Хүнсний нөөшлөгч бодис шүү дээ. Өөрөөр хэлбэл, хугацаа уртасгагч. Үүнийг шууд уухыг зөвлөж байна" гэв.

Мөн тэрбээр янз бүрийн давсны хэрэглээнд санаа зовж буйгаа хэлсэн юм. Олон нийтийн цахим сүлжээнд тураах, эрүүлжүүлэх үйлчилгээтэй гэгдэж буй давснуудыг натрийн хлор гэж бодоход ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ нь 2.3 грамм аж. Өдөрт хүн 2.3 грамм давс хэрэглэвэл хүний бие эрүүл байх боломжтой. Хоолонд, цайнд, хүнсний бүтээгдэхүүнд давс бий. Гэтэл 15 грамм давс өглөө бүр ууна гэдэг бол байж боломгүй гэнэ. Давсны хэтэрсэн хэрэглээ биеэс усыг хөөдөг. Зохистой хэмжээгээр хэрэглэвэл эс бүр шим тэжээлээ хангалттай авна гэлээ.

Усаар хүртэл тархи угаах тохиолдол гарчээ. О.Гал-Очир "Мөнгөжүүлсэн ус гэж бий. Мөнгөжүүлсэн усыг уувал дархлаа сайжирна, нярай хүүхдэд өгөөрэй, ханиад хүрэхгүй гэж сурталчилж байна лээ. "Гэдэс" гэдэг 5000 төгрөгний хураамжтай, хаалттай группд энэ талаар ярьсан байсан. Ийм аюултай зүйлс өдөр хэдэн зуугаар болж байна" гэж ярив.

Аюултай бодисуудыг үнэтэй зарж байна.

О.Гал-Очир "Сүүлд ‘Сүлдээгийн дэлгүүр’ гэх цахим хуудсаар ус, тос хоёрыг холилдохгүй гэдгийг харуулж, түүн дээр нэг бодис хийгээд тос, ус хоёр нь холилдсон. Үүнийгээ өөх хайлуулах үйлчилгээтэй гэж тайлбарласан. Тийм зүйл байхгүй. Ус, тос хоёр угаасаа гадаргуугийн идэвх нь өөр учир холилдохгүй" гэлээ.

"Эрүүл мэнд яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн үүн дээр анхаардаггүй учир үүнийг нь далимдуулж, янз бүрийн бодис зардаг"

Түүний хэлснээр монголчуудын хүнсний наад захын ойлголт үнэхээр тэг гэнэ. Хоол, шим тэжээлийн анхан шатны мэдэгдэхүүн байхгүй. Юу, яаж шингэх вэ, хэдий хэмжээтэй идэх вэ гэдэг дээр биш идэх зүйлээ сайн, муу гэдэг дээр л анхаардаг. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байвал муу байх боломжгүй. Хэрэглээ л муу болгодог гэж ярилаа. Сүүлийн жилүүдэд тураах шидтэй гэх элдвийн баталгаагүй эм тарианд хууртаж, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс нэмэгдсээр байгааг ЭМЯ-наас анхааруулдаг. Үнэндээ турахын тулд "баас" сайн гэвэл идэхээс буцахгүй хүмүүс олон нийтийн сүлжээнд цөөнгүй. Тэдний "мөнхийн хүсэл"-ээр мөнгө хийж, олж хайгчид нь олон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж