Монгол хүн болж төрснөөрөө бахархах ёстой

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Монгол хүн болж төрснөөрөө бахархах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдорж 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байгаатай
холбогдуулан МҮОНТ-ийн 600 студид “Монголын бахархал” сэдвээр сурагчдад
өнөөдөр теле хичээл заалаа.

Хичээлийнхээ эхэнд Ерөнхийлөгч өнгөрсөн жил заасан “Дэлхийн дулаарал,
Монгол Улс” сэдвийнхээ талаар товч дурсан өгүүлэхдээ энэ нь хүний өөрийн
нь үйл ажиллагаанаас шууд хамааралтайг анхааруулан хэлэв. Одоогоос 200
жилийн өмнө манай гаригийн хүн ам 2 тэрбум байсан бол одоо 6 тэрбум хол
давж, бараг 7 тэрбум руу дөхөж очсон байна. Энэ хугацаанд олон олон
үйлдвэр, уурын зуух байгуулагдаж, олон олон машин, онгоц бий болж, энэ
бүхнээс утаа ялгарч, мөн хог хаягдал ихэсчээ. Ой модыг маш их ашиглаж
байна. Эдгээрийн дүнд агаар мандалд давхрага үүсч, нарны туяа хөрсөнд
буугаад эргэхдээ тэр давхаргыг нэвmэлж чадалгүй ойн хургаж дулаарлыг
үүсгэж байна. Өөрөөр хэлбэл бууз жигнэдэг шиг нөхцөл бий болж байна
гэсэн үг. Бас зөвхөн дулаарч байгаа юм биш. Монгол оронд өвөлдөө долоо
хоног 40 хэм хүрч хүйтэрдэг газар одоо 3 сар үргэлжилдэг болсон байна.
Тиймээс үүнтэй тэмцэх гол хүмүүс бол хүүхдүүд та бүхэн. Наад зах нь
гадгаш гарахдаа гэрлээ унтраадаг байх ёстой. Ерөнхийлөгч захирамж
гаргаж, бүх нийтээрээ мод тарьдаг болж байна. Орчноо бохирдуулахгүй байх
хэрэгтэй. Одоо цахилгаанаар, нарны гэрлээр ажилладаг машин техник
хэдийнэ бий болсон байна. Дээр үед хүүхэд төрөхөд худаг гаргадаг
уламжлал монголд байжээ. Бид уламжлалаа сэргээх хэрэгтэй юм гэж
Ерөнхийлөгч яриад шинэ хичээлдээ орлоо. Ингэхдээ хүүхдүүдтэй хамтран
Монголын бахархал юу байж болохыг тодорхойлов. Тэд нэгд монгол хүн,
хоёрт эх орон, гуравт соёл зан заншил, дөрөвт түүх, тавд эрх чөлөө,
зургаад ирээдүй-өнөөдөр хэмээн тодорхойлж, эдгээр дээр тогтож ярилаа.
 
Хүн болж төрөх бол ховор хувь заяа, тэр тусмаа газраа олж төрөх,
тухайлбал монгол хүн болж төрөх. Монгол хүн бол монгол хүн болж
төрснөөрөө бахархдаг хүнийг хэлнэ гэж би боддог. Тэд нэг эх орон, нэг
хувь заяа, нэг газар нутагтай. Үүгээр бидний дараагийн бахархал эхлэдэг.
Манай эх орон бол жилийн дөрвөн улиралтай, тэнгэр нь ойрхон, бас илүү
гүн цэнхэр. Гадаадынхан ирээд гайхдаг шүү дээ. Эх орноороо сайн явах,
аялах хэрэгтэй. Дуу нь хүртэл эх орон, аав ээж, хүлэг морьтойгоо
холбоотой. Эндээс соёл, уламжлал бий болно. Цагаан сар, наадам, морин
хуур гээд. Гадаадынхан яах гэж ирдэг гэж санана. Монгол цайг амтлах гэж,
гэрт хонох гэж, соёл ёс заншлыг нь үзэх гэж ирдэг. Энэ соёлыг хүмүүс
бүтээж, эргээд тэр нь биднийг монголчууд хэмээн ялгаруулж, уламжлагдан
ирсэн. Ийн үргэлжилснээр түүх болдог. Монголчууд аугаа түүхтэй.  Дэлхий
дээр хүн төрөлхтөний түүхийг бүтээлцсэн, өөрчилсөн ард түмэн байдаг.
Зарим нь замдаа замхран уусч алга болдог. Монголчууд хуурай газрын
томоохон хэсгийг эзэлсэн Их Монгол улсыг байгуулсан ард түмэн. Түүх
өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн 3 цагт хуваагддаг. Түүхийг өвлөн авч
ирээдүй цагийн түүхийг бүтээх хүмүүс нь та нар. Монгол улсаа Их засаг
хуулиараа удирдаж, бас хаанаа сонгодог байжээ. Тэгэхээр ардчиллын үндэс
Монголын төрт ёсны уламжлалд байж. Эндээс эрх чөлөө гэдэг санаа маань
гарч байна.  Хүн өөрийнхөө сонголтоор хувь заяагаа тодорхойлдог. Гэхдээ
бусдыгаа, аав ээжээ, багшаа хүндэлдэг байх ёстой. Эрх чөлөө бол боломж л
олгодог. Өөрийн сонгосноор амьдрах боломжийг л эрх чөлөө олгодог хэмээн
яриад Ерөнхийлөгч хүүхдүүдэд сонирхсон асуултаа асууна уу гэлээ.
 
Асуулт: Хүүхдийн эрх чөлөө гэж юу вэ?
 
-Хүүхэд ч гэсэн эрхтэй. Хүүхэд бол том болж амжаагүй хүн. Хүн үүрэг
хүлээх ёстой. Хүүхдүүд та нарын үүрэг бол хичээлээ сайн хийх, багшаа
хүндэтгэх. Үүргээ биелүүлж байж эрхээ эдэлдэг.
 
Асуулт: Та монгол хүн болсноороо бахархах ёстой гэж ярилаа. Бусдаар өөрсдийгөө бахархуулахын тулд бид юу хийх ёстой вэ?
 
-Юуны өмнө эрүүл байх ёстой. Шинийг бүтээгч байх ёстой. Эрдэмтэй байх
ёстой. Монголд бахархах зүйлийг бий болгох ёстой. Эх орон, аав ээжийн
ачийг хариулахын зэрэгцээ сайн хүн болох хэрэгтэй. Эх орон, найз нөхдөө
хүндэтгэдэг байх хэрэгтэй. Санаа зөв бол заяа зөв гэдэг биз дээ.
 
Асуулт: Соёл зан заншил алдагдаж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
 
-Монголчууд олон бахархах зүйл бий болгосон. Монгол бичиг, үндэсний
хувцас, хөөмий, ном гээд олон зүйл дурдаж болно. Монгол бичиг бол
гайхамшигтай зүйл. Морь гэж та нарт бичиж үзүүлье. Хар даа морь шиг
байгаа биз. Нууц товчоог монгол бичгээр бичгээр бичсэн гэж бодож байна.
Энэ бичгийг олон зуун жил хэрэглэсэн. Төрийн хас тамган дээр монгол
бичгээр бичсэн байгаа.
 
Асуулт: Монгол хүн дэлхийд хэд байдаг юм бэ?
 
-Өөрийгөө монгол хүн гэж үздэг хүн 10 сая орчим байдаг. Би цөөхөн байна гэж боддог. Хүн амаа олон болоосой гэж боддог.

Асуулт: АНУ-д Эрх чөлөөний хөшөө гэж байдаг. Ийм хүний гараар бүтсэн зүйлийн талаар дурдахгүй юү?
 
-Цагаан хэрэм, Таж Махал, Бухарын байгууламжууд гээд хүн төрөлхтөн олон
зүйлийг бүтээсэн. Хүн төрөлхтөн 3 том соёлыг бий болгосон. Монголчууд
үүнд хувь нэмрээ оруулсан ард түмэн.
 
Асуулт: Эх орон, газар нутгийн тухай тодруулж ярихгүй юу?
 
-Наад зах нь сургуультайгаа, орон нутгийн музейтэйгээ танилц. Монгол
орноороо яв, бүх аймгаар ор. Эх орныхоо бахархалтай газруудыг үз.
Хөвсгөл гэхэд Хөвсгөл далайгаараа, Архангай Тайхар чулуугаараа, Эрдэнэт
хот Эрдэнэт үйлдвэрээрээ гээд бахархах зүйл олон байна. Олимпийн аварга
Булган аймгаас төрлөө. Тэгэхээр бид хүнээрээ бахархах ёстой. Сая
Сингапурын олимпоос аварга болсон хүүхдүүд хажууд чинь сууж байна.
Батцэцэг чөлөөт бөхөөр, Эрдэнэболд спортын гимнастикаар олимпийн аварга
боллоо.
 
Асуулт: Таны мөрөөдөл юу вэ?
 

-Миний мөрөөдөл олон. Монголын ард түмэн сайн сайхан байх нь миний
мөрөөдөл. Мэдсэнээ, бодсоноо бусадтай хуваалцах нь миний мөрөөдөл.
Монголчууд улам олон болоосой гэж мөрөөддөг. Та бүхэн ч мөрөөдлөөрөө
бахархал бий болгосон бол манай Тамгын газрын хаягаар явуулж болно.
Хүүхдүүд та нар бахархлаа баяжуулж яваарай гэж хүсье хэмээн ерөнхийлөгч
хэлээд хичээлээ дуусгалаа.
 
Ерөнхийлөгч хүүхдүүдтэй зургаа авахуулж, өөрийн хэрэглэж байсан үзгээ
олимпийн шинэ аварга Батцэцэгт дурсгав. Хүүхдүүд өөрийн нь бэлэглэсэн
Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан номыг барин гарын үсэг
зуруулж урам хөөртэй байв.
 
Теле хичээлийг орон даяар Монголын үндэсний олон нийтийн телевиз болон
“Боловсрол суваг”, “B телевиз”, Ийгл, UBS, “Эх орон”, SBN  телевизүүд
шууд дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж