Тэрслүү үг: Монголд үхсэн хүн амьдаасаа үнэтэй-I!

Хуучирсан мэдээ: 2024.04.16-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Монголд үхсэн хүн амьдаасаа үнэтэй-I!

Тэрслүү үг: Монголд үхсэн хүн амьдаасаа үнэтэй-I!

Монголд ийм зүйр үг байдаг, “Үхсэний хохь, амьдын зол”. Гэхдээ өнөөдрийн бодит амьдрал дээр эсрэгээрээ, “Үхсэний зол, амьдын хохь” болсон байна.  Монголд, монгол хүний амь нас нохойноос дор үнэтэй нь гашуун үнэн. Монгол хүн Монголын баялаг гэдэг жинхэнэ поп үг. Жирийн иргэний амь насаа алдвал архичин, гуйлгачин болдог нь болсон явдал, бодит жишээ.

Тэгвэл цэрэг хүний амийг Монголын төр 300 сая төгрөгөөр үнэлэхээр болжээ. Урьд нь “хүн бишээ цэрэг” гэдэг байсан үг цаашдаа “цэрэг бишээ жирийн “архичин” гэж жишээлэх биз. Цэрэгжсэн /коммунист/ улсад цэрэг хүн бүгдээс илүү эрхтэй, эрх ямбатай амьдардаг. Арчилсан улсад иргэний эрх, эрх чөлөө нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Ийм л юм, ялгаа нь.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлснийг Тамгын газрын дарга Я.Содбаатар нь хэвлэлийнхэнд мэдээлэл танилцуулахдаа “Цэргийн албан хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар олгоно. Өөрөөр хэлбэл, байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаа, тусгай ажиллагаа, буудлага хийх, тэсэлгээ, хорт бодистой харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж явах үедээ, онц байдал, гэмт халдлага, онцгой байдлын нөхцөлд ажиллах, улсын тусгай онц объект, хил хамгаалах үедээ амиа алдвал бага хүүхдийг нь 18 нас хүртэл цалингийг нь олгох заалт бий болж байна. Хоёрдугаарт, амь алдсан тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй орон сууцыг төр нэг удаад олгох заалт бий. Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөдрийн ханшаар 300 сая төгрөгийн орон сууц олгоно. Зарим нь орон сууц бус бэлэн мөнгөө авах тохиолдолд энэ заалт үйлчилнэ” гэв.

Товчхондоо, ажил үүргээ гүйцэтгэж яваад үхвэл гурван өрөө байртай буюу 300 сая төгрөгтэй болно. Үхэхгүй бол өрнөөс өр, цалингаас цалингийн хооронд амьдарна. Үхэж байж л нэг ёсондоо амьдрал нь баталгаажина гэсэн үг. Хамгийн хоржоонтой нь, энэ хууль зуурдаар амиа алдсан онцгойн таван албан хаагчдад хамааралгүй. Хууль эргэж үйлчлэхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тодотгосон.

Хагас жилийн хугацаанд Онцгой байдлын таван албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг явдал гарснаар манай онцгой байдлын салбар авлига, хулгайдаа идэгдэж, идээ бээрэндээ баригдсан нь илчлэгдэв.  Онцгой байдлын дөрвөн алба хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай, түүнийгээ дамжуулж хэрэглэдэг. Шат болгож ашигладаг 20-хон машинтай,тэр нь арван давхраас дээш ашиглах боломжгүй. Арваас дээш давхарт гарсан галыг унтраах дрон байтугай машин Монголд нэг ширхэг ч байхгүй. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянгийн амаараа хэлсэн үг энэ. Атал генерал Г.Ариунбуян төсвийн мөнгөөр тансаг зэрэглэлийн “Land GX.R 300” авсан төдийгүй 668 сая төгрөгийг хэвлэлүүдийн пиарт цацжээ. Энэ мөнгөөр ядаж ганц, хоёр ширхэг дрон авсан бол албан хаагчдаа эрсдэлээс хамгаалах бодит хөрөнгө оруулалт болж чадах байв.

Онцгой байдлын салбарт нүүрлэсэн гай гамшиг ганц жилийн хугацаанд бий болчихсон асуудал биш нь ойлгомжтой. Олон жилийн турш нүүрлэсэн авлига, хулгайн хямрал энэ салбарт хүний алтан амиар яригдах хэмжээнд очжээ гэсэн үг. Тэгэхээр “үхсэн”-ийнх нь дараах үнэ цэнийг нь ярихаас илүү албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдахгүй байх ажлын байрны баталгааны тухай ярих цаг болсон. Удирдлагуудын менежментийг өөрчилж, шинэчлэхгүй бол хэчнээн хүнийг амийг 300 саяар үнэлэхийг бас хэлж таашгүй. С.Амарсайхан, Г.Ариунбуян хоёрыг мууг үзэх гээд байгаа юм биш. Асуудал гарвал хариуцлага хүлээдэг удирдлагын тогтолцоотой болж байж л албан хаагчид нь зуурдаар амиа алддаггүй болно. Тэр нь Ерөнхийлөгчийн найз байх эсэхтэй огт холбоогүй асуудал. Даргын тал, дайсны тал гэж даабль стандарт тогтоох юм бол хуулийн биш хувь хүний засаглал тогтоно.

Улаан галтай улаан гараараа “байлддаг” тогтолцоо Орос, Монгол хоёрт л байна.  Захын байшин шатахад өмсөх хувцасгүй, зүүх баггүй ороод амиа алдаж байна гэдэг чинь удирдлагыг нь бүхэлд нь, менежментыг нь тэр чигт нь өөрчлөх цаг болсны САНУУЛГА.

Хуулийн засаглалтай оронд огцрох байтугай л үйл явц өрнөж байгаа. Хуваарилсан төсөв мөнгөнөөс нь хэн, хэр хулгайлсныг нь шалгаж, тогтоож байгаа. Атал Монголд Ерөнхийлөгчийн найз, Ерөнхий сайдын нөхөр тулдаа  нүүрээ ширлүүлээд албан тушаалтайгаа үлдэж байна.

Цаашдаа тэгээд газар хөдлөж, гал усны гамшиг, аюул нүүрлэвэл яах юм бэ. Аврагчидтайгаа, ард түмэнтэйгээ бүгд үхээд дуусах юм уу?!  Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн зорилго, агуулгыг үгүйсгэх гэсэнгүй. Үүнээс өмнө, үхэлд хүргэж байгаа саад, шалтгааныг нь ольё. Албан хаагчдынхаа аюулгүй байдалд анхааръя. Үхсэнийх нь дараа үнэлэх биш амьдад нь ажиллах боломж, бололцоог нь олгоё. Амьд явах эрхийг нь хангая, баталгаажуулъя гэж байгаа юм. Гурван зуун сая төгрөг, гурван өрөө байр цэл залуухан үрийг нь, ханийг нь, аавыг нь яагаад ч орлохгүй. Ар гэр, үр хүүхдээ аятайхан аваад явчих цалин, хангамж, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа золгүйгээр алдахгүй гэсэн баталгааг нь бий болгож байж дараа нь амь насыг нь үнэлэх тухай ярих ёстой юм. Үүнийг л "үхсэний зол, амьдын хохь" гээд байгаа юм шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж