Энэтхэг, Хятадын “халуун” энх тайван

Энэтхэг, Хятадын “халуун” энх тайван

Энэтхэг, Хятадын “халуун” энх тайван

Хятад, Японы харилцааг олон улсын түвшинд “хүйтэн энх тайван” гэж тодорхойлдог. Гэсэн хэдий ч хоёр улсын хооронд эдийн засгийн хүчтэй харилцаа хэзээнээсээ байсаар иржээ. Хоёр улсын томоохон компаниуд бие биеэсээ тодорхой хэмжээгээр хамааралтай байдаг. Тэгвэл Энэтхэг, Хятадын харилцаа яг эсрэгээрээ. Тэдний харилцааг “The Diplomat” хуудаснаа “халуун энх тайван” гэж тодорхойлжээ. Ладак, Сикким болон Аруначал Прадешийг хамарсан сорилтуудыг эс тооцвол 2020 оноос удаан үргэлжилсэн бодит мөргөлдөөн гараагүй. Өмнөх мөргөлдөөнүүдээс болж хоёр талын олон цэрэг амь үрэгдсэн. Мөн Хятад улс хоргодох байр, хонгил, бэхэлгээт тосгоны сүлжээг байгуулжээ. Энэтхэг улсын хувьд фронтын шугамын ойролцоо 100 мянган цэрэг дайчлан, логистикийн дэд бүтцүүдээ сайжруулан ажиллажээ.

Британичууд 1914 онд Макмахоны шугамыг байгуулснаас хойш Аруначал Прадеш нь Энэтхэгийн нутаг дэвсгэрт тооцогдож буй. Тус мужид ерөнхий сайд Нарендра Моди айлчилсан нь хүртэл Хятадын дургүйцлийг төрүүлэх хангалттай шалтгаан мөн. Хятадын үе үеийн засгийн газрууд 1914 онд тогтоосон уг хил хязгаарыг хэзээ ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй аж.

Гэсэн хэдий ч Хятад, Энэтхэгийн харилцаа холбоо хэзээ ч бүрэн тасарч байсангүй. Тиймээс тэдний харилцааг “халуун” буюу эгзэгтэй энх тайван гэж тодорхойлж болно.

Энэтхэг улс Японтой ижил үзэл баримтлалаар урагшилж, улам бүр барууншиж буй. Тус улсын гадаад бодлого АНУ, Франц болон Израиль зэрэг бусад улс руу чиглэж, Оростой зэвсгийн харилцаа тогтоох болсон. Нөгөөтэйгүүр, Энэтхэг улс дэд бүтэц болон нийгмийн салбарт Хятадын эрсдэлийг хязгаарлах алхмууд хийсэн билээ. Тухайлбал, Хятадыг боомт, төмөр зам барихыг хориглох, Хятадын аппликейшнүүдийг хориглох, Энэтхэгийн худалдааны салбарт Хятадын харилцаа холбооны технологийг ашиглахгүй байх, “BYD”, “Great Wall Motors” зэрэг автомашины томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг няцаах зэрэг арга хэмжээг энд дурдаж болно.

Гэхдээ энэ хязгаарлалт нь тодорхой цар хүрээг хамрана уу гэхээс хоёр улсын нийт худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаанд хамаарахгүй.

2022 оны гуравдугаар сарын 31-нд дуусгавар болсон санхүүгийн жилд хоёр талын худалдаа 136 тэрбум ам.доллар давсан. Гэхдээ Энэтхэгийн хувьд 100 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Өөрөөр хэлбэл, Хятадаас Энэтхэгт хийсэн борлуулалт өссөөр байхад Энэтхэгийн экспорт унасан гэсэн үг.

Энэтхэгийн албаныхан энэ оны нэгдүгээр сард Давосын чуулганы үеэр Хятадын хөрөнгө оруулалтад нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Тодруулбал, хоёр орны хил тайван хэвээр байвал Энэтхэг улс Хятадын хөрөнгө оруулалтад тавих хяналт шалгалтаа хөнгөвчлөх боломжтой гэж мэдэгдсэн юм. Угтаа бол хөрөнгө оруулалтын хязгаарлалт дөрвөн жил үргэлжилжээ.

Цөмийн зэвсэгтэй Азийн аваргууд хилийн хурцадмал байдлаа намжааж чадсан бол хөрөнгө оруулалтын нээлттэй байдал нэмэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд онцолж байна.

Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдлээ ч энэ нь урт хугацаандаа хэн хэндээ ашигтай байх эсэх нь тодорхойгүй. Шинжээчид Энэтхэгийг “хөрөнгө оруулалтын оршуулгын газар” гэж дүгнэж буйг “Global Times” сонин онцолжээ.

Хил орчмын хурцадмал байдал нь Энэтхэгийг АНУ, Францтай харилцаагаа гүнзгийрүүлэхэд хүргэсэн байна. Ялангуяа Энэтхэг, Франц улсууд энэ хооронд маш хүчтэй стратегийн түншлэлийн харилцаа тогтоожээ. Энэ нь нэг талаасаа Хятадын өөрсдийнх нь бий болгосон үр дүн юм. “Quad”, “AUKUS” зэрэг эвсэл улам цэцэглэн хөгжиж, Япон цэргийн зардлаа өсгөсөн зэрэг хүчин зүйлийг Хятад улс төдийлөн авч хэлэлцэхгүй байна гэж шинжээчид үзэж буй.

“The Diplomat” хуудаснаа дурдсанаар, Хятад улс ардчиллыг цаг хугацааны явцад аажмаар сулруулж болно гэж үзэхийн зэрэгцээ энэ стратеги нь одоогийн хүчний тэнцвэрт байдлаас илүү чухал гэж дүгнэж байна.

Хятадын эдийн засгийн өсөлт таван хувь давахгүй байхад эсрэгээрээ батлан хамгаалахын төсөв нь 7.2 хувиар нэмэгдсэн. Энэ нь Хятадын цэргийн худалдан авалтыг онцолж байна.

Харин Энэтхэг улс Хятадаас ирж буй сорилтод дипломат байр суурь илэрхийлж, хариу арга хэмжээ авахад төвлөрч байна. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкарын хэлснээр тус улс “олон талт” үзэл баримтлалыг баримталж буй. Энэ хүрээнд хэлэлцээр хийх боломж гарвал ОХУ, Хятад зэрэг түнштэйгээ нээлттэй байхын зэрэгцээ барууны дэмжлэгийг ч хүртэх хүсэл эрмэлзэлтэй байгаа аж.

Орос, Украины дайныг “Европчуудын хоорондын мөргөлдөөн” гэж үзэх хандлагатай улс орон олон. Үүнд, Энэтхэг ч багтана. Гэтэл Гималайн төлөөх мөргөлдөөн гарвал Хятадаас болж Энэтхэгийн талд орох улс хэд бол. Тийм урт жагсаалт гарахгүй болов уу.

Хятадын эсрэг тэмцэхийн тулд АНУ Азийн холбоотнуудтайгаа харилцаа холбоогоо эрчимжүүлэхийг хичээх болсон. Энэ хүрээнд Байдены засаг захиргаа өөрийн санаачлагаар Аруначал Прадешийг Энэтхэгийн нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрч байгаагаа албан ёсоор зарласан юм. АНУ-ын улс төр тогтворгүй байгаа үед энэ мэдэгдэл хэр удаан хугацаанд хүчинтэй байх нь тодорхойгүй. Ямартай ч одоогийн байдлаар энэ бол Энэтхэгийн хувьд дипломат амжилт юм.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dorjsuren 2024-04-16 59.153.86.19

Энэтхэг Хятад хоёрыг нэг газар найрсагаар уулзуулдаг Тэр бол Орос учир нь Энэтхэгийн төрийг Амерк ганхуулж байхад түшиж босгосон улс бол Орос мөн Хятадыг Франц Англи Японы эзэнт гүрэн эрхшээж байхад бараг бүгдээс нь чөлөөлсөн улс бол Орос улс. Харин өлөн Казакууд Орос руу бөгсөө харуулаад удаж байгаам даа. Да чамайг даа хорхойтой шүдэндээ зуухаа медьяаа

Avatar

Нэргүй 2024-04-16 202.126.89.140

БРИКС гээд хэлчихээч

Avatar

Нэргүй 2024-04-16 66.181.180.174

— "Хөрөнгө оруулалтын оршуулгын газар"
— Энэтхэг, Япон зэрэг орнууд улам бүр баруунжиж бна нтр гэсэн…… бодмоор санамаар юм нилээн байна даа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж