Нигерийн засгийн газар АНУ-тай хийсэн цэргийн гэрээгээ дуусгаж, ОХУ-ын армийн сургагч нарыг хүлээн авсан. Үүний дараа дөрөвдүгээр сарын 13-нд Нигерийн олон зуун иргэд АНУ-ын цэргийг эх орноос нь түргэн гарахыг шаардсан жагсаал өрнүүлэв. Ниамей хотын төвөөр жагсч буй олон түмэн Нигерийн далбааг даллан жагсч, "АНУ Нигерээс хурдан гар" гэж англи хэлээр бичсэн лоозон барьсан байжээ. Өнгөрсөн жил тус улсын арми төрийн эргэлт хийж Францын цэргийн үйл ажиллагааг зогсоож байсан.
Иргэд шинэ засгийн үйл ажиллагааг дэмжиж Францын эсрэг жагсч байсан бол энэ удаад АНУ-ын цэргийн гэрээ дуусгавар болсонд баярлаж, шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Тодруулбал, Нигер АНУ-ын мянга орчим албан хаагчдыг өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байсан. Хоёр талт гэрээг хүчингүй болгох тухай гуравдугаар сарын дундуур цэргийн засгийн газар шийдвэрлэсэн юм. Жагсагч Мария Сэйли "Бид Америкийн баазад үгүй гэж хэлэхээр ирлээ. Бид америкчуудыг нутаг дэвсгэртээ байлгахыг хүсэхгүй байна" гэж "Reuters" агентлагт ярьжээ. Цугларсан хүмүүс мөн "Америкийн империализм устах болтугай ", "Ард түмний эрх чөлөөний төлөө жагсаж байна" гэж хашгирах нь сонсогдож байсан гэж хэвлэлийн төлөөлөгчид ярьсан байна.
Төрийн эргэлт болох хүртэл Нигер нь Франц, АНУ-ын аюулгүй байдлын гол түнш байжээ. Тус хоёр улс Баруун Африкийн Сахел мужид олон арван жил үргэлжилсэн бослогыг дарахын тулд Нигерийг гол бааз болгон ашигласан.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Нигерт 650 орчим албан хаагч ажиллаж байгаа гэж Цагаан ордны тайланд дурджээ. АНУ-ын арми Ниамей хотоос 920 км зайд орших Нигерийн Агадес хотод томоохон агаарын бааз ажиллуулж,нисгэгчтэй болон нисгэгчгүй ажиглалтын нислэг хийдэг байв. Нигерийн шинэ эрх баригчид хөрш Мали, Буркина Фасогийн цэргийн засгийн газруудтай нэгдэж, барууны холбоотон орнуудтай байгуулсан цэргийн хэлэлцээрийг зогсоож эхэлсэн. Түүнчлэн бүс нутгийн улс төр, эдийн засгийн "ECOWAS" блокоос гарч, Оростой илүү ойр дотно харилцаатай болжээ.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA
Холбоотой мэдээ