"Амиа алдсан алба хаагч тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй байсан"

Хуучирсан мэдээ: 2024.04.15-нд нийтлэгдсэн

"Амиа алдсан алба хаагч тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй байсан"

"Амиа алдсан алба хаагч тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй байсан"

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуянгаас өнөөдөр/2024.04.15/ дараах тодруулгыг авлаа.


-Сүүлийн таван сарын хугацаанд онцгой байдлын таван алба хаагч амиа алдлаа. Удаа дараа амь насаа алдаж буй энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үнэхээр ард иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийг аврах явцдаа манай алба хаагчид амь насаа алдаж байна. Манай алба эрсдэлтэй алба. Хүнд хэцүү алба. Алба хаагчид маань тангараг өргөсөн хүмүүс. Өнөөдрийн нөхцөл байдал дээр бид дүгнэлт хийж, хяналт шалгалтаа хийж байна. "Миний" дэлгүүрийн асуудал цахилгааны монтажнаас эхлэлтэй нь тогтоогдож байна. Манай алба хаагчид дуудлага аваад найман минутын дотор очсон. Салаан захирагч байдлаа дүгнээд тухайн объект руу алба хаагчдаа хуваарилж оруулсан. Хайгуулын ажлаа хийсэн. Энэ үед л харамсалтайгаар амиа алдсан.

-Алба хаагчид ойр ойрхон амь насаа алдаж байна. Техник, хэрэгсэл, хангамж, хувцас дутуу байна гэх яриа гарсан.

-Галын голомт руу орж байгаа алба хаагчид иж бүрэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй орж байгаа. Гадна дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн тэр бүр галын хувцас өмсөх шаардлагаа тухайн нөхцөл байдалдаа зохицуулдаг. Ямар нэгэн байдлаар эвдэлбэл нөхөн төлүүлнэ гэх ойлголт байхгүй. Анги байгууллагадаа хүлээлгэн өгч, засах тохиолдолд засна. Үгүй бол акталдаг.

-Хариуцлагын асуудлыг бүгд ярьж байна. Зөвхөн хэлтсийн дарга, доод албан тушаалтнууд бус Шадар сайд болон таныг хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Та сая Шадар сайдтай уулзлаа. 

-Энэ нөхцөл байдал дээр дүгнэлт хийж байгаа. Сая санал солилцоод чиглэлээ авлаа. Мөн шат шатны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох чиглэлийг өгсөн. Одоо саналаа танилцуулна. Шадар сайдад хариуцлага тооцно гэж яригдаж байна. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд манай байгууллага харьяалагддаг. Сайдын хувьд бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, цалин хөлс нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах зэрэг бодлогын дэмжлэг үзүүлдэг. Тэрнээс биш гал дээр очоод гал унтраах, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог хүн биш.

-Өмнөх Дүнжингаравын дэлбэрэлтийн дараа та нийт алба хаагчдын 60 гаруй хувь нь хувцас, хэрэглэлтэй гэж байсан. Үүнээс хойш хангамж сайжирсан уу?

-Анхаарч байна. Засгийн газар төсвийнхөө боломжийн хүрээнд нэмж байна. Өмнөх 2020 онтой харьцуулахад 2024 онд төсөв 42 хувиар нэмэгдүүлсэн. Гэхдээ цалин хөлс, урсгал зардалд чиглэсэн. Тоног төхөөрөмжийн тал дээр цар тахлын үед хүнд байсан. Цар тахлын дараа төсвийн тал дээр Засгийн газар, УИХ анхаарсан. Энэ онд 17.2 тэрбум төгрөг техник, төхөөрөмжийн шинэчлэлд зориулагдсан.

-Амиа алдсан алба хаагчийн ар гэрт ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Хуулийн дагуу 10 жилийн үндсэн цалингийн дундажтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно. Мөн энэ удаагийн хэрэг дээр нийслэлээс орон сууц олгохоор яригдаж байна.

-"Миний" сүлжээ дэлгүүрийн гал түймэрт ажиллаж, амиа алдсан алба хаагчийн тухайд тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн ч хүлээж аваагүй гэсэн?

-Ийм асуудал тогтоогдоогүй. Бүх өргөдөл, хүсэлтийг нь шалгасан. Тэтгэвэртэй холбоотой асуудал огт байгаагүй. Тэтгэврийн эрх нь энэ оны наймдугаар сарын 30-нд тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгдэх байсан юм байна лээ. Гэр бүлийн хүрээнд яригдсан байх. Хоёр удаа тодорхойлолт авсан байсан. Нэг нь Солонгосын визэнд орох гэж, нөгөө нть банканд зориулан авсан байсан. Ар гэрийн зүгээс 80 хувийн түлэгдлийг 30 хувийг түлэгдэлтэй гэж тогтоосон гэж байсан. Ийм зүйл тогтоогдоогүй. Хамт ажиллаж байсан алба хаагчдаас нь тодруулсан.

-Онцгой байдлын алба хаагчид амь насаа алдах бүрт энэ албанд ажиллаж буй алба хаагчдын мэдлэг, чадвар дутмаг байна уу гэх яриа гарах боллоо. Алба хаагчдын ур чадвар дээр яаж анхаардаг вэ?

-Сургалт, бэлтгэлийг байнга тогтмол явуулж байгаа. Цаашид зайлшгүй чанаржуулах шаардлага бий. Өдөр тутмын дасгал хөдөлгөөнийг анги, байгууллага дээр нь зохион байгуулж, дүүргээс нь хяналт тавьж байна. Улиралдаа сургуулилалт зохион байгуулдаг. Төрөл бүрийн сэдвээр онол, практикийн сургалт болдог. Цаашдаа давтан сургалтын төв, байгууламж хэрэгтэй байна.

-Онцгой байдлын албанд авилгал өгч орсон гэх яриа цахим орчинд гарсан? Ямар шалгуураар алба хаагчдыг сонгон шалгаруулдаг вэ?

-Онцгой байдлын алба хаагчдыг өөрсдийнх нь хүсэлтээр авдаг. Энэ алба хаагчаа ДХИС-ийн ахлагчийн сургуульд 3-4 сар сургадаг. Дараа нь гал сөнөөгч, аврагч, жолооч зэргээр бэлтгэдэг. Түүнээс биш авилгал авдаг зүйл байхгүй. Асуудал байвал бид хүлээн авч, шалгана.

-Хавар ойн хээрийн түймэр гарна. Түймэртэй тэмцэж буй алба хаагчдад хангамж, хэрэгсэл хэр байна вэ?

-Ойн хээрийн түймэртэй тэмцэх хувцас, хэрэглэл дутагдалтай. 30-35 хувийн хангамжтай байна. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтаас шийднэ.

-Түрүүн та хариуцлага тооцох алба хаагчдыг танилцуулна гэсэн. Хэзээ танилцуулах вэ?

-Удахгүй, энэ долоо хоногтоо шийдвэр гарах байх.

-Та ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээе эсвэл хариуцлага хүлээх хүмүүсийн тоонд өөрийгөө оруулах уу?

-Мэдэхгүй. Хариуцлага хүлээ, чөлөөлөгд гэвэл би "Мэдлээ, гүйцэтгэе" гээд явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж