Сүүлийн жилүүдэд гэртээ муур тэжээх хүмүүс олширсон. Тиймээс гэрийн тэжээвэр муурнуудын дунд түгээмэл тохиолдох өвчлөл, муурнаас хүнд дамжих өвчлөл, гэрийн муурны арчилгааны талаар "SOS" мал эмнэлгийн ерөнхий эмч Ж.Өлзийхутагаас тодрууллаа.
-Сүүлийн үед гэрийн тэжээвэр муурнуудын дунд ямар өвчлөл элбэг тохиолдож байна вэ ?
-Гэрийн тэжээвэр муурнуудын дунд сүүлийн гурван жилийн хугацаанд коронавирус, нэг жилийн хугацаанд импортын муурнуудаар дамжин зөөвөрлөгдөн орж ирсэн херпис вирус, кальци вирус, панлакапина зэрэг өвчлөлтүүд элбэг тохиолдож байна. Мөн амьтад яг л хүн шиг эрхтэн тогтолцоотой байдаг. Иймд элэг, бөөр, зүрх, өндгөвч гээд бүх л эрхтэн нь ямар нэг байдлаар өвддөг, тэр дундаа сүүлийн үед давсаг, шээс дамжуулуурын үрэвсэл их байгаа.
Энэ өвчний тухайд, муурны давсагт хэвийн хэмжээгээр элсэрхэг чулуунууд байдаг. Гэвч буруу хооллолт, ус болон хөдөлгөөний дутагдал зэргээс шалтгаалан муурны бодисын солилцоо алдагдаж давсагны чулуунууд нь ихсч, үрэвсэл үүсдэг. Цаашлаад тухайн муурны шээс нь хаагдаж, түүнийг эздүүд нь анзаарахгүй, мэдэхгүй удаан явснаас болоод “Муур шээсэндээ хордож, авралгүй” болох эрсдэлийг дагуулдаг.
Түүнчлэн муур долоо эсвэл 14 хоногтоо 2-3 удаа бөөлжөөд үсэн бөмбөгөө гадагшлуулж байх хэрэгтэй. Гэтэл үүнийгээ удаан хугацаанд гадагшлуулж чадаагүйн улмаас ходоод, нарийн бүдүүн гэдсэнд хий их үүссэнээс болж түгжрэл их үүсдэг.
-Дээрх өвчлөлтүүдээс урьдчилан сэргийлэх арга зам бий юу. Хүмүүс амьтан тэжээхдээ юун дээр анхаарах вэ?
-Хайртай амьтнаа, өөрсдийгөө өвчнөөс хамгаалах хамгийн найдвартай арга бол маллагаа, арчилгаа байдаг. Жишээлбэл, түгжрэл үүсгэхгүйн тулд сардаа нэг удаа зориулалтын үсэн бөмбөг гадагшлуулдаг хоол, чихэр идүүлэх. Тогтмол үсийг нь самнаж хэвших хэрэгтэй. Мөн Диёоки, хүржигнүүр зэрэг хоолыг 6-12 сар тасралтгүй идсэн муурнууд бөөр, давсагны үрэвслээр өвдөөд байгаа ажиглагдаж байна.
Тэгэхээр муурандаа ямар хоол өгөхөө маш сайн судалж, мэргэжлийн эмчтэй зөвлөвөл их зүгээр.
Түүнчлэн муураа заавал эмчийн үзлэгт хамруулж, эхний удаад 14 хоногийн давтамжтай хоёр удаа дотор паразитын эсрэг туулга уулгах, хоёр удаа вакцинд хамруулж дархлаа тогтоох ёстой. Энэ нь дан ганц муураа биш өөрсдийгөө өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм шүү.
-Муурнаас хүнд дамжих өвчлөл гэж бий юу ?
–Арьсны мөөгөнцөр өвчин муурнаас хүнд их халддаг. Энэ өвчний тухайд, муурны өнгөн хэсэг буюу арьсанд тодорхой хэмжээгээр мөөгөнцөр байдаг. Муурны дархлаа унах, муураа хэт их усанд оруулах, угаалгын өрөөнд, нойтон чийгтэй орчинд хэт удаан байлгахад мөөгөнцөр идэвхжиж, цаашлаад хүнд дамждаг. Мөн дотор паразитын өвчлөл буюу туузан хорхойгоор үүсгэгддэг элэгний бэтэг өвчин нохой, муурнаас хүнд халддаг.
Тэгэхээр амьтан тэжээгчид өөрсдөө элэгний бэтэг өвчнөөр өвдөхгүйн тулд муурандаа эхний удаад 14 хоногийн давтамжтай хоёр удаа, цаашлаад гурван сар тутамдаа заавал туулга уулгах ёстой. Ялангуяа эмээ, өвөө нартай байдаг муурнууд түүхий мах иддэг мууранд сардаа нэг удаа дотор празитын эсрэг туулга уулгах хэрэгтэй.
-Хүмүүс үүнийг мэдээсэй гэж дотроо бодож явдаг зүйл бий юу?
-Муурны хоносон баасанд эгэл биетнээр үүсгэгддэг токсоплазм вирус жирэмсэн эхийг зулбуулдаг, эмэгтэй хүнийг үргүй болгох аюултай. Энэ талаар олон улсад маш олон судалгаа байдаг. Гэхдээ Монголд төдийлөн нарийн судлагдаагүй, амьтан тэжээгчид ч сайн мэдэхгүй байна. Тэгэхээр муур тэжээдэг эмэгтэйчүүд, охидууд маань энэ аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд муурны баас, шээсийг өдөр бүр тогтмол цэвэрлэх, цэвэрлэхдээ заавал бээлий, маск зүүж хэвших хэрэгтэй.
Мөн токсоплазм вирусийн талаар мэргэжилтнүүд нарийн судалж, олон нийтэд энэ талаар дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл, анхааруулгыг тогтмол өгч байгаасай гэж хүсч байна.
Т.Хуншагай
Холбоотой мэдээ