Шаби Алонсо хэрхэн Неверкузеныг Герман, Европын босоо баг болгосон бэ?

Шаби Алонсо хэрхэн Неверкузеныг Герман, Европын босоо баг болгосон бэ?

Шаби Алонсо хэрхэн Неверкузеныг Герман, Европын босоо баг болгосон бэ?

Европын хөлбөмбөгт энэ улирал Шаби Алонсогийн Байер Леверкузентэй эн дүйцэх баг алга. Хэдийгээр УЕФА Аваргуудын лигт оролцоогүй ч Германы цом, Бундеслиг, Европа лиг гээд гурван тэмцээндээ нэг ч хожигдолгүй, эхнээсээ түрүүгээ түүж байна. Өчигдөр л гэхэд Вердерийг хожсоноор таван тойргийн өмнө Бундеслигт түрүүлэх болзлоо хангалаа. Сүүлийн 10 гаран жил зөвхөн Байерн Мюнхен лигтээ түрүүлсэн гайхалтай басхүү уйтгартай үзүүлэлттэй байсан. Гэтэл Леверкузен тэдний ноёрхлыг зогсоож чадлаа. Тэгвэл энэ бүхэн хэрхэн бодит болсон бэ?

ШАБИ АЛОНСО ХЭРХЭН ЛЕВЕРКУЗЕНД ИРСЭН БЭ?

Мэдээж Леверкузений амжилт дасгалжуулагч Шаби Алонсогоос эхлэлтэй. Тамирчны хувиар бүхий л томоохон цомд түрүүлж, гайхалтай дасгалжуулагч нарын удирдлага дор тоглож байсан түүнийг сайн дасгалжуулагч болох боломжтой гэж олон хүн харж байсан ч ингэж том мэдэгдэл хийнэ гэж олон хүн бодоогүй биз.

Шаби Алонсо өөрийн цагаа удаан хүлээсэн, хүлээцтэй нэгэн. 2017 зодог тайлсныхаа дараа тэрбээр Реал Мадридын 14 хүртэлх насны багийг удирдаж, дасгалжуулагчийнхаа замналыг эхлүүлжээ. Үүнийхээ дараа төрөлх Реал Сосьедадын В багийг гурван жил удирдаж, мэргэжлийн багт мөрөө гаргав. Түүний удирдлага дор Реал Сосьедадын В баг Испанийн хоёрдугаар лигт дэвшиж, Алонсог хэвлэлүүд онцолж эхэлсэн.

Алонсог Боруссиа Мюнхенгладбах багийг удирдана гэх цуу яриа гарсан ч Байер Леверкузенд ирсэн. Түүнийг шинэ багтаа ирэхэд Леверкузен 1979 оноос хойшх хамгийн муу эхлэлээ тавьж, Бундеслигийн хоёрдугаар хагаст бичигдэж байлаа. Эндээс л түүний ажил эхэлсэн. Улирлын дундаас багтайгаа нэгдэж, ямартай ч доод лиг руу унагалгүй, Европа лигийн эрхтэй улирлаа өндөрлүүлсэн.

БАЙЕР ЛЕВЕРКУЗЕНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙСЭН БЭ?

Энэ улирал бол Шаби Алонсогийн бүтэн ажиллаж буй анхны улирал. Энэ ч утгаараа зуныг зүгээр өнгөрүүлэлгүй, багаа сайн судалж, хэд хэдэн өөрчлөлтийг хийжээ.

СОЛИЛЦОО НАЙМААНЫ СТРАТЕГИ

Байерн Мюнхен Англиас Тоттенхэмийн ахлагч, супер довтлогч Харри Кэйнийг 100 сая ам.доллараар авчрах үед фанатууд дахиад л тэднийг түрүүлнэ гэж бодсон нь лавтай. Гэтэл Байер Леверкузений хийсэн үнэгүй наймаа илүү нөлөөтэй байлаа.

Португалын Бенфикагаас үнэгүй авчирсан жигүүрийн хамгаалагч Алехандро Грималдо энэ улирал Бундеслигт 29 тоглолтод оролцохдоо есөн гоол оруулж, 13 гоолын дамжуулалт өгчээ. Түүний хөндлөн дамжуулалт, дамжуулалтын ур чадварыг магтмаар. Испанийн шигшээдээ хүртэл дуудагдсан.

Мөн Гранит Шака, Йонас Хофманн нарыг нэгтгэсэн гэдгийг мартаж үл болно. Нөр их туршлагатай, чанга залуус Алонсогийн багт үнэхээр хэрэг болж буй. Тэднээс гадна довтолгоондоо Виктор Бонифасэгаар хүч нэмсэн. Бэртлийн улмаас төдийлөн сайн тоглоогүй ч тэрбээр улирлын эхэнд 10 гоол оруулж, багийнхаа сайн эхлэлд үнэтэй хувь нэмрээ оруулсан.

АЛОНСОГИЙН УР УХААН  

Энэ улирлын төгсгөлд олон баг шинэ дасгалжуулагчийн эрэлд гарна. Тэд бүгд л Алонсог тоочиглож байна. Дасгалжуулагч аавтай Алонсо тамирчин ахуйдаа Карло Анчелотти, Пеп Гвардиола, Рафаэль Бенитез, Жозе Моуриньо гэх шилдгүүдийн дор тоглосон. Өөрөө ч талбайн төвд, багийнхаа уурга тархи байсан учир ухаалаг нэгэн байхаас өөр аргагүй.

Аналистуудын хэлж буйгаар Алонсо ямар нэгэн тактик, хувилбарт баригддаггүй, уян хатан тоглолттой гэнэ. Тэрбээр багаа янз бүрийн арга барилаар тоглуулж, нэг хэвэнд барьдаггүй аж. Тоглолт нь болохгүй бол сэлгээг ч хурдан хийж, тоглолтын хэмнэлийг өөрчилж, барихдаа тунчиг гарамгай.

Улирлын эхэнд Байерн Мюнхенийг 3-0 гэсэн харьцаатай хожихдоо гурван хамгаалагчтай хувилбар гаргасан ч тоглолтын явцад дөрвөн хамгаалагчтай тоглож, сөрөг довтолгоо зонхилсон тоглолтыг үзүүлжээ. Улмаар хурдтай Жереми Фримпонгийг гаргаж, Байерны хамгаалалтыг сэтэлж чаджээ.

БАЙЕРНЫ БҮТЭЛГҮЙТЭЛ

Хэдий Байерны бүтэлгүйтэлд Леверкузен хамаагүй ч Леверкузены түрүүлэх гол шалтгааны нэг нь Байерны бүтэлгүйтэл билээ. Томас Тухель Байерныг аврахаар ирсэн ч чадаагүй учир улирлын төгсгөлд багаа орхино гэдгээ мэдэгдсэн.

Германы дархан аваргуудын гол тоглогчид болох Серж Гнабри, Лерой Зане, Кингсли Коман нар энэ улирал бэртлээс салаагүй. Хамгаалалт нь ч ороо бусгаа байсан учир Тухель тогтмол гараа гаргаж чадаагүй, долоо хоног бүр шинэ гараа гаргаж байлаа.

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Бүх тэмцээнийг оролцуулаад 43 тоглолт дараалан хожигдохгүй байна гэдэг бол ур чадвар, сэтгэл зүй, тактик, бие махбодь гээд бүхий л зүйлийн хязгаар, тэвчээрийг шалгасан амжилт. Энэ улирал Леверкузен эцсийн мөчид, шүүгчийн сунгасан нэмэлт цагт хожсон, тэнцсэн тоглолт цөөнгүй. Ингээд бодохоор тэдний сэтгэл зүй, бие биедээ итгэх итгэл тулчихсан байгаа хэрэг. Алонсо ч ярихдаа "Улирлын турш олон чухал тоглолтод бид хүчирхэг сэтгэл зүйтэй гэдгээ харуулсан. Бид эргэн ирж, ямар ч хүнд нөхцөл байдалд бууж өгдөггүй гэдгээ хангалттай харуулсан" гэжээ.

ТЭНЦВЭРТЭЙ БҮРЭЛДЭХҮҮН

Алонсогийн баг энэ улирал гурван цомд түрүүлэх боломж дүүрэн бий. Бундеслигт түрүүлсэн тэднийг одоо Германы цом, Европа лиг хүлээж байна. Урт удаан улирлын турш тэд тэнцвэртэй тоглолтоо хадгалж, бүрэлдэхүүний нөөц боломжоо сайтар ашиглаж буй. Хэн нь ч, хэнийгээ орлоод талбайд гарахад үүргээ хангалттай биелүүлж, багтаа тус болж байна. Жишээлбэл, Натан Телла. Улирлын эхэнд сэлгээний сандлаас холдоогүй тэрбээр сүүлийн чухал тоглолтуудад талбайд гарч, хэрэгтэй гоол, гоолын дамжуулалтыг өгч байна.

НЕВЕРКУЗЕН

Байер Леверкузеныг Бундеслигт түрүүлж үзээгүй учир "Неверкузен" /Neverkusen/ гэж хочилдог аж. 1904 онд Германы эмийн алдарт Байер компанийн ажилчид тус багийг үүсгэн байгуулснаас хойш 1979 онд анх удаагаа Бундеслигт дэвшжээ.

Үүний дараа 1987-1988 оны хооронд УЕФА-ийн цомд түрүүлж, клубийнхээ анхны томоохон түрүүг хүртжээ. Хачирхалтай нь, тухайн үед Алонсо мөн л тус болж байсан гэнэ. Гэхдээ Шаби бус Анхэль Алонсо гэх тамирчин гоолоор тус болжээ.

Харин 1993 онд Германы цомд түрүүлсэн бол 1997 онд Бундеслигт аман хүзүүдэж, УЕФА Аваргуудын лигт шалгарчээ. 1999 онд Байерн Мюнхенээс 15 оноо дутуу, дахин аман хүзүүдэв.

Дараа улирал нь дахиад л хоёрдугаар байрт орлоо. Гэхдээ бүр түрүүлэх боломжоо өөрсдөө алдчихсан хэрэг. Тэдний түрүүлэх магадлал бүр 99.9 хувь байсан гэж ярьдаг. Гэвч сүүлийн тойрогт Антерхашин багт 0-2 гэсэн харьцаатай хожигдож, гоолын зөрүүгээр Байерн Мюнхен дахиад түрүүлэв. Тэнцэхэд л түрүүлэх байсан ч Михаел Баллак өөрийн хаалгандаа гоолдож, эцэст нь Оберлейтнер багийнхаа ялалтыг баталгаажуулжээ. Ингэснээр Байерн Мюнхен, Байер Леверкузен багууд адил 73 оноотой болсон ч гоолын зөрүүгээр Байерн түрүүлсэн аж.

2001-2002 оны улиралд Леверкузенд дахин боломж гарч ирсэн. Ингэхдээ бүр гурван цомд түрүүлэх боломж. Гэвч нэгийг нь ч ашиглаж чадаагүй. Бундеслигт аман хүзүүдэж, Германы цом, УЕФА Аваргуудын лигийн финалд дараалан хожигдов. Зиданы домог болсон цохилтоор Реал Мадрид түрүүлсэн түүхтэй.

Энэ үеэс л Леверкузены эсрэг фанатууд "Та нар хэзээ ч аварга болохгүй" гэж дуулдаг болсон бол фанатууд нь ч "Бид хэзээ ч аварга болохгүй" гэж дуулдаг, инээлддэг болжээ.

2010 онд Леверкузен Юпп Хейнкесийн удирдлага дор 24 тоглолт дараалан хожигдоогүй сайн эхлэлийг тавьсан ч дөрөвдүгээр байраар улирлыг өндөрлүүлэв. Дараа нь 2011 онд дахиад л аман хүзүү.

Тэгвэл энэ улирал энэ бүх гуниг, азгүйтэл дуусгавар болж, Байер Леверкузен багийнхаа түүхэн дэх лигийн анхны түрүүгээ хүртлээ.

БАЙЕР ЛЕВЕРКУЗЕНЫ ГОЛ ТАВАН ТОГЛОГЧ

Леверкузены энэ гайхалтай амжилтад дараах таван тоглогч чухал үүрэгтэй.

1.АЛЕКС ГРИМАЛДО

Байрлал: Зүүн жигүүрийн хамгаалагч

Нас: 28

Улс: Испани

Үзүүлэлт: 21 гоолд шууд байдлаар оролцсон

Грималдогийн талаар дээр дурдсан. Алонсогийн системийн гол хүн бөгөөд хамгаалалт, довтолгоонд чухал үүрэгтэй оролцдог. Антонио Контегийн Челсигийн үеийн Маркос Алонсо шиг л байгаа.

2. ФЛОРИАН ВИРТЦ

Байрлал: Довтлох чиглэлийн хагас хамгаалагч

Нас: 20

Улс: Герман

Үзүүлэлт: 21 гоолд шууд байдлаар оролцсон

Германы шигшээ багийн ирээдүй гэвэл буруудахгүй болов уу. Европын том багуудын анхааралд хэдийн өртөж, үнэ өртөг нь 100 сая евро давж байна. Алонсо ч түүнийг Месситэй зүйрлэж, ямар үед юу хийхээ дэндүү сайн мэддэг, ухаалаг, шилдэг залуу гэж тодотгосон. Байерны номер 10 одоогоор 11 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгөөд байна.

3. ГРАНИТ ШАКА

Байрлал: Төвийн хагас хамгаалагч

Нас: 31

Улс: Швейцарь

Үзүүлэлт: 3145 удаа бөмбгөнд хүрсэн

Арсеналд адлуулж ч, хүндлүүлж ч үзсэн хуучин бууны хугархай, чанга залуу Шака замналаа сэргээж чадсан. Тэрбээр хэдийн 3145 удаа бөмбгөнд хүрч, ашигтай үйлдэл гаргаад байна. Зөвхөн гоол, гоолын дамжуулалтаар тоглогчийг үнэлж болдоггүй гэдгийг тэр харуулж байна.

4. ЖОНАТАН ТА 

Байрлал: Төвийн хамгаалагч

Нас: 28

Улс: Герман

Үзүүлэлт: 97 хувийн дамжуулалтын гүйцэтгэл

Одоогоор Европд Та шиг үнэлэгдэж, үнэд хүрч, үгүйлэгдэж байгаа төвийн хамгаалагч тун цөөн байна. Эсрэг багийнхаа ямар ч аюултай довтолгоог няцааж, хана хэрэм мэт л бат зогсч буй. Германы шигшээ ч түүнд хамгаалалтаа хариуцуулах шинжтэй.

5. ЖЕРЕМИ ФРИМПОНГ

Байрлал: Баруун жигүүрийн хамгаалагч

Нас: 23

Улс: Нидерланд

Үзүүлэлт: 863 удаа спринт хийсэн

Грималдо, Фримпонг хоёр шиг жигүүрийн хамгаалалтын хослолтой баг Европд тун цөөн. Ялангуяа Фримпонг шиг хурдтай, довтолгооны машиныг том ирээдүй хүлээж байна. Тэрбээр одоогоор найман гоол, долоон гоолын дамжуулалт өгчээ. 863 удаа довтолгоо дэмжиж, эсрэг багийн хамгаалалтыг сэтэлж, хурд хийсэн гэхээр үнэхээр гайхалтай.

ШАБИ АЛОНСОГИЙН ЯРИА

Бундеслигт түрүүлж, том даалгавраа амжилттай биелүүлсэн испани мэргэжилтэн Шаби Алонсо дараах зүйлсийг ярьжээ.

Тэрбээр "Тамирчин байхад цом бүр л онцгой байсан. Дасгалжуулагч болсон ч ялгаа алга. Реал Соссьедадын В багийг дэвшүүлэхэд би үнэхээр баярласан. Гэхдээ энэ бол үнэхээр онцгой. Бүхнээс илүү нь Байер Леверкузены түүхийн нэг хэсэг болж, Бундеслигийн анхны түрүүг нь авчирна гэдэг бол гайхалтай. Одоо бол баяраа тэмдэглэх цаг. Бид үүнийг хүртэх эрхтэй. Герман шар айргаар баяраа тэмдэглэнэ. Даваа гаригт бид амарна. Энэ мөчийг тэмдэглэх хэрэгтэй.

Бид үнэхээр түрүүлэхийг хүссэн. Гэхдээ цомын талаар ярьж байгаагүй. Хоффенхэймаас эхлэн бид түрүүлэх боломжтой гэдгээ харсан. Бидний түрүүлэх болсонд олон шалтгаан бий. Энэ цом бол ганц багийн ч гэлтгүй фанатуудын цом. Энэ цомоо энэ багт байсан өмнөх домгуудтай хуваалцмаар байна. Энэ бол түүх. Одоо бид илүү ихийг хүсч байна. Германы цомд түрүүлж, Европа лигийн аварга болмоор байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

НГ 2024-04-15 103.212.118.178

Сэтгүүлч хүү ер нь их гоё, голын олсон нийтлэл бичдэг шүү. Ажлын өндөр амжилт ерөөж байна.

Avatar

DR. ADITY 2024-04-15 102.88.81.115

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл APPLY NOW

Avatar

зочин 2024-04-15 66.181.167.4

германдаа ч босоо л байх шиг, харин европд босоо гэж хэлэхэд арай эрт бус уу, европа лигд хэдэн хожил авах ч яах вэ, аваргуудын лигт түрүүлж байж л европын хэмжээний баг гэж яригдана ш дээ

Avatar

Нэргүй 2024-04-15 202.131.225.242

яаж бичээд байгаа хар мал вэ. монгол дутуу хагас сурсан хар хжаа юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж