ОХУ, Казахстаны хил дагуух хот, суурингууд шар усны үерт нэрвэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Ням гаригт үерийн ус Курган мужийг хамарч, олон мянган байшин живжээ. Зарим газарт үерийн ус байшингийн дээвэрт хүрээд байна.
Казахстанд 107 мянга гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ. Хойд Казахстан мужийн нийслэл Петропавл хотод ойрын 24 цагт үерийн түвшин дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна. Үер хяналтаас гарсанд иргэнд эрх баригчдыг буруутгаж байна. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ үер нь сүүлийн 80 жилд тохиолдсон хамгийн аймшигт байгалийн гамшиг болоод буйг мэдэгдсэн.
"Яагаад ийм байдалд хүрэв? Яагаад гэвэл 60 жилийн турш хэн ч юу ч хийгээгүй" гэж Петропавл хотын оршин суугч Александр Купраков хэлжээ.
Хаврын үер байнга тохиолддог ч энэ жил ердийнхөөс хамаагүй илүү хүчтэй байгаа аж. Чулуужсан түлшнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь үер гэх мэт цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа гэдэгтэй эрдэмтэд санал нэгдэж байна.
Харин ОХУ-ын өмнөд хэсгийн Оренбург мужид Урал голын усны түвшин нэмэгдсэний улмаас 34 мянган байшин усанд автжээ. Өдгөө зүүн зүгт орших Курган мужид байдал улам хурцдаж байна. Нэмж бороо орсоор байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа аж. Тухайлбал, аадар борооны улмаас Тобол голын түвшин хоёр цагийн дотор 25 см нэмэгджээ.
ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр, Курган мужид 18 мянга гаруй хүн үерт автаж болзошгүй байна.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ