Иранаас Израиль руу өнгөрсөн Бямба гаригт 300 гаруй дрон, пуужин харвасан. Эдгээрийн дийлэнх буюу 99 хувийг нь Израиль болон түүний холбоотоон АНУ саатуулж чадсаныг албаныхан хэлж буй. Израилийн "Iron Dome" хамгаалалтын систем энэ халдлагаар томоохон шалгалт өглөө гэж үзэж байна.
300 гаруй цохилтыг ангилбал, 170 нь нисгэгчгүй нисэх онгоц, 120 гаруй нь баллистик пуужин, 30 гаруй нь хөлөг онгоцноос харвагч пуужин байжээ. Эндээс АНУ 80 нисгэгчгүй нисэх онгоц, зургаан баллистик пуужинг нь устгасан. Агаарын цохилтуудыг хэдий амжилттай няцааж чадсан ч гэлээ Ираныг дутуу үнэлж болохгүй гэдгийг Израилийн Батлан хамгаалахын холбооны хэвлэлийн төлөөлөгч Питер Лернер хэлжээ.
Цохилтын улмаас нэг л хүн бэртэж гэмтсэн гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, долоон настай хүүхэд сөнөөгдсөн пуужингийн хэлтэрхийд өртөж, хүнд шархаджээ.
Ираны цохилтод ямар хариу өгөх талаар өргөн сонголтуудыг Израилийн цэргийн албан тушаалтнууд танилцуулжээ. Цаашид хэрхэх шийдвэр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны Даваа гаригт тодорхой болно.
Пуужингийн цохилттой холбоотойгоор сургуулиудыг хааж, олноор цугларахыг хориглоод байсан. Тэгвэл Израиль даяар боловсролын үйл ажиллагааг эргэн сэргээхээр шийдсэнийг өнөө өглөө мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын Конгресс Ням гаригт хуралдсаны эцэст "Израиль болон Украинд тусламж илгээхийн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн" зөвшилцөлд хүрч чаджээ. Тиймээс энэ долоо хоногт хоёр улсад туслах ямар нэг арга хэмжээ авна гэж найдаж байна.
Эх сурвалж: ABC
Холбоотой мэдээ