Европын хөлбөмбөгийн эргэн тойронд өнгөрсөн шөнө гайхалтай үйл явдлууд тохиолоо. Тодруулбал, Германы Бундеслигт Байерн Мюнхены ноёрхол зогсч, Байер Леверкузен аварга болох болзлоо хангасан бол Английн Премьер лигт Арсенал, Ливерпуль багууд тун чухал тоглолтууддаа бүдэрлээ.
БАЙЕР ЛЕВЕРКУЗЕН 5 – 0 ВЕРДЕР БРЕМЕН
Европын хөлбөмбөгт Шаби Алонсо гэх гайхалтай нэгэн дасгалжуулагч төрлөө. Сайн тамирчин бүр сайн дасгалжуулагч болж чадалгүй, бүтэлгүйтсэн түүх зөндөө. Тэгвэл тамирчин ахуйдаа түрүүлж үзээгүй цом гэж бараг үгүй Шаби Алонсо Байер Леверкузеныг удирдан Бундеслигт түрүүлэх болзлоо хангав. Түүний баг 29 тойргийн дараах байдлаар нэг ч хожигдоогүй яваа бөгөөд өчигдөр Вердер Бременийг хожсоноор таван тойргийн өмнө аварга болсноо зарлалаа.
Тоглолт дуусаагүй байхад хэт баярласан Леверкузены фанатууд талбай руу гүйлдэн баяраа тэмдэглэсэн. Ийнхүү Бундеслигт 11 жил дараалан түрүүлсэн Байерн Мюнхены ноёрхлыг Шаби Алонсо болон түүний хөвгүүд зогсоож, багийнхаа түүхэн дэх анхны аваргаа авав.
Бундеслигийн аварга болсон Шаби Алонсо "Өнөөдөр бид гэр бүл, найз нөхөд, фанатуудтайгаа баяраа тэмдэглэх нь зүйн хэрэг. Энэ бол миний дасгалжуулагчаар бүтэн ажилласан анхны улирал. Энэ мэдрэмж үнэхээр гайхалтай байна" гэжээ.
Тэгвэл өнгөрсөн зун Арсеналаас Леверкузенд нэгдсэн Шака "Үнэндээ улирлын эхэнд ийм зүйл болно гэж төсөөлж байсангүй" гэсэн бол энэ улирал багийнхаа гол хүн болоод буй Виртц "Би хувьдаа одоог хүртэл ийм зүйл болсон гэхэд итгэхгүй байна. Хувцас солих өрөө рүү орж, энэ зүйл бодитой гэдгийг ухаарах хэдэн хором хэрэгтэй байна" гэлээ.
Байер Леверкузен энэ улирал нэг ч тоглолтод хожигдоогүй байгаа бөгөөд тэдэнд дахиад Германы цом болон Европа лигт түрүүлэх боломж бий.
ЛИВЕРПУЛЬ 0 – 1 КРИСТАЛ ПАЛАС
Германы аварга тодорсон бол Английн аваргын төлөөх өрсөлдөөн улам ширүүссэн. Арсенал, Ливерпуль, Манчестер Сити гэсэн гурван багийн дунд гол өрсөлдөөн өрнөж, сүүлийн тойрогт л аварга тодрох шинжтэй.
Өчигдөр Ливерпуль талбайдаа Кристал Паласыг хүлээн авч, хожигдох, оноо алдах эрхгүй тоглолтыг хийсэн. Харамсалтай нь, талбайн зочдоос Эзегийн эхний үед оруулсан гоол багтаа ялалтыг авчирч, Ливерпулийн аваргын төлөөх замд саад хийлээ. Тоглолтын дараа Ливерпулийн Робертсон "Бид одоо ч аваргын өрсөлдөөнд хэвээр байгаа гэж бодож байна. Үргэлжлүүлэн тэмцэж, эцсээ хүртэл явна. Хаа хүрэхээ харъя. Үлдсэн зургаан тоглолтод бүхнээ дайчилна. Асуудал нь дэлхийн хэмжээний хоёр баг бас бидэн шиг үүнийг хийхийг хүсч байгаа. Энэ л хэцүү байна даа" гэжээ.
Харин Ливерпулийн дасгалжуулагч Юрген Клопп "Эхний үед хожигдож эхэлсэн ч бидэнд боломж байсан. Даанч азгүй байлаа. Бид 4-1 гэсэн харьцаатай хожих ч боломж байлаа. Гэхдээ хөлбөмбөг санасны зоргоор болохгүй юм даа" гэсэн юм.
АРСЕНАЛ 0 – 2 АСТОН ВИЛЛА
Ийнхүү Ливерпуль бүдэрсэн учир Арсенал хожвол Ливерпулиэс гурван оноо, Ситигээс нэг оноо илүү гарах байв. Гэхдээ тэд лигийг эргүүлэн тэргүүлэх сайхан боломжоо алдаж, 84 болон 87 дахь минутуудад гоол алдаж, талбайдаа хожигдлоо.
Унай Эмери дасгалжуулагч хуучин багийнхаа түрүүлэх замд саад болов. Астон Виллагаас Бэйли, Уаткинс нар гоолджээ.
32 тойргийн дараах байдлаар Английн Премьер лигийг Манчестер Сити 73 оноотой тэргүүлж, Арсенал, Ливерпуль хоёр 71 оноотой удаалж байна.
зочин 2024-04-15 192.82.64.167
СИТИ одоо 3 оноо алдаж хожигдоно гэдэг бараг үгүй байх.Ливерпүүль гүйцэх үү
Нэргүй 2024-04-15 122.201.31.7
Овоо доо, Байерн шүү дээ. Байерн Мюнхен.
зочин 2024-04-15 66.181.167.4
Арсеналын сэтгэл зүй үнэндээ ац юм аа, Ливерпулийн хожигдолд хэт баярлаж хөөрөөд өөрсдөө юу ч биш болчлоо доо, туршлагагүй дасгалжуулагч, багийн л алдаа юм даа