
Ер нь ингэхэд М.Энхболд өөрөө хаанаас угшилтай вэ. МАНХ-ынхны зохиосон дээрх хэлцээс энэхүү асуултын хариулт тодорхой. Түүнийг өөд нь татсан хүн бол Экс Ерөнхийлсгч Н.Энхбаяр.
Учир нь Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, орныхоо хүнээр хотын мэр М.Энхболдыг санал болгосон юм. МАХН-ын 24 дүгээр их хурал 2005 оны зургадугаар сард хуралдаж, С.Баяр, Ц.Нямдорж, Ч.Улаан нарыг хуралд оролцогсод нэр дэвшүүлсэн ч мань хүн цоройгоод л гарч ирсэн. Тус намд диктатурын “машин” маш хүчтэй хөдөлдөг учраас Ц.Нямдорж, Ч.Улаан нар намын дарга болох хэмжээлшгүй хүслээ хориглон байж нэрээ татацгаасан хэрэг. С.Баяр ч мөн ялгаагүй хотын фракцийнхантай түнжин хагарахаас болгоомжилж, М.Энхболдод зайгаа тавьж өгсөн билээ. Тэгэхээр М.Энхболд жирийн л нэг засаг ноён атлаа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, тэр ч атугай УИХ-ын гишүүдээс ч илүү нөлөөтэй, бас хүчтэй байсан хэрэг. Гэвч “М.Энхболдыг нийслэлийн Засаг даргаар ажиллах үед Улаанбаатар хотод газрын наймаа цэцэглэн авлига гаарч, агаарын бохирдол ихэссэн” гэх үг түүнийг мөнхийн дагаастай. Харь гүрэнд иймэрхүү тохиолдолд иргэд хотын даргаа шүүхэд өгөх байсан сан. Гэвч Монголд тийм дүрэм үйлчилдэггүй аж. Ялангуяа М.Энхболдод.
Н.Энхбаяр Миеэгийн хүүд хэмжээлшгүй их эрх мэдэл “бэлэглэсэн”-ээр Энхболд ажиллагаа эрчимжив. Тэрбээр МАХН-ын дарга болсон ч сэтгэл нь ханасангүй. Загалмайлсан эцгээсээ дахиад л “бэлэг” шаардсан юм. Мэдээж хэрэг, энэ нь УИХ-ын гишүүний суудал. Тиймээс Н.Энхбаяр түүнд УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойрогт нэр дэвших замыг нь нээж, Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой халз тулах боломж олголоо. Энхболд ажиллагааны эхлэл үед шантаажны улс төр хүчээ авсан юм. М.Энхболд болон түүний нөхөд Ц.Элбэгдоржоос “Нэрээ татахгүй бол Засгийн газрыг чинь огцруулна” хэмээн тулган шаардах болов. Яг л үнэг, шаазгай хоёрын үлгэр шиг. Хамгийн сонирхолтой нь Ц.Элбэгдорж түүний хүсэлтийг ёсоор болгож, нэрээ татсан. Мистер помещик түүнд талархсан сэтгэгдлээ илэрхийлэн УИХ-ын дараагийн сонгууль хүртэл их эвслийн Засгийн газрыг МАХН, “Эх орон-Ардчилал эвсэл”-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан удаатай. М.Энхболд ийнхүү сарвайснаа авч, УИХ-ын гишүүн болсон билээ.
УИХ-ын гишүүд халдашгүй бүрэн эрхтэй. Тэд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай. Тиймээс Энхболд ажиллагаа үүнд тулгуурласан улс төрийн тоглолтоо хийж эхлэв. Эхний бай нь мөнөөх л Ц.Элбэгдорж. Түүнийг огцруулах марафоныг хотын мэр биш, УИХ-ын гишүүн М.Энхболд өдөөж өгсөн хэрэг. Чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй учраас тэрбээр Ц.Элбэгдоржид “Огцор” хэмээн шулуухан хэлсэн түүхтэй. “Ц.Элбэгдорж өмнө нь түүний тавьсан хүсэлт бүрийг биелүүлж, мужик загнасан л даа. Гэвч М.Энхболд хэлснээсээ буцаж, засаг руу нь түрэмгийлэн дайрсан нь увайгүй үзэгдэл” гэж олон хүн одоо ч ярьдаг. Энхболд ажиллагааныхаа үр дүнд тэрбээр дахиад л санасандаа хүрч, МАХН болон М.Энхсайхан тэргүүтэй Ардчилсан намын зарим гишүүн, “Эх орон”, Бүгд найрамдах нам, Ард түмний намтай хамтран Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулсан билээ. Онцлог нь газрын наймаагаар хэдэн үеэрээ идэж барахгүй өв хөрөнгө хуримтлуулсан гэх тэрбээр улс төрд хэмжээлшгүй эрх мэдэлтэй болохынхоо хэрээр олон дайсантай болсон юм. Ийн дүгнэвээс тэр Н.Энхбаярын хэлдэгчлэн азтай монгол биш, харин ч азгүй монгол. Түүний үед гурван ч сайд нь огцорлоо.
Н.Энхбаяр том алджээ. Төрийн ордонд нэгэн хүн ийн уулга алдаж байлаа. Тэгмэгцээ Энхболд ажиллагааны эсрэг тактик боловсруулж, хүмүүсээ хөдөлгөв. Үүний үр дүнд Н.Энхбаярын фракцийнх гэгддэг Ч.Улааны өрөөнд “Элсний 13” бүлэглэл бий болж, М.Энхболд нарыг үг хэлэхийн завдалгүй унагаж орхисон юм. Чухам энэ нь М.Энхболдын алдаа байж. Учир нь тэр Н.Энхбаярын эрх мэдэл, нэр нөлөө бүрэн бөхөөгүйг тооцоолж чадсангүй. Эрх мэдэлдээ хэт эрдсэн тэрбээр МАХН-ын дарга атлаа намд нь өөрийнх нь эсрэг жигүүр, хөдөлгөөн байгуулагдаж, юуг яах гээд байгааг нь ч харсангүй. Эрх мэдэл гэдэг хүнийг “сохор” болгодог аж. Хоржоонтой үгтэй нэгэн нийтлэлчийн бичсэнчлэн М.Энхболд мангартаж яваад их дээрээс маш хүчтэй уначих нь тэр. Хамгийн эмгэнэлтэй нь Нордовын Болормаа тэргүүтэй хотын фракцийнхан МАХН-ын XXV их хурлын үеэр “Улаанбаатар” сангийн мөнгийг хэн луйвардаж байна вэ. Газрын наймааг хэн цэцэглүүлсэн билээ” хэмээн индэр дээрээс асуух зуур Энхболд ажиллагааны авторууд юу ч хэлж чадаагүй юм. Тэдний хувьд, “Элсний 13”-тай сөргөлдөх бололцоо байсангүй. Яагаад гэвэл, загалмайлсан эцэг түүнд өгснөө л авсан. Ийнхүү МАХН-ын даргын төлөө М.Энхболдтой өрсөлдөж байсан С.Баярт эрх мэдэл шилжив. Тэр үед хуанлийн хуудас 2007 оны аравдугаар сарын 30-ны өдрийг зааж байлаа.
Энхболд ажиллагааны авторууд эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг бүлэглэл. Тэд эрх мэдэлтэй, газартай, бас банктай. Ер нь Улаанбаатараар овоглосон мөнгөний их “савнууд” цөм тэднийх. М.Энхболд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 1998 онд “Улаанбаатар” сангийн хөрөнгөөр Улаанбаатар хотын хөгжлийн банкийг санаачлан байгуулжээ. “Улаанбаатар” сангийн хөрөнгө ингэж л хэдхэн хүний гарын салаагаар урсч эхэлсэн байна. Тус банкны нийт хөрөнгийн 51 хувь нь нийслэлийн өмч, 49 хувь нь хувийнх бөгөөд дүрмийн нийт сан нь 500 сая төгрөг байлаа. Нийслэл хотын нэрээр имиж хийсэн “Улаанбаатар” банкинд М.Энхболд тэргүүтнүүд нийслэлийн төсвийг төвлөрүүлсэн нь мөнөөх Н.Болормаад өгөх маш тодорхой хариулт болох биз. Улс төр, эдийн засгийн бүлэглэл дэх “байгалийн шалгарал”-ын явцад тус банк зуун хувь хувийн банк болсон юм.
М.Энхболдын тухай хар факт олон бий. Тэдгээрийн заримыг “Алтжин” компанийн захирал Г.Алтангийн экс нөхөр С.Жамъянсүрэн болон “Сапу”-ийн хохирогчид задалсан ч үр дүнд хүрээгүй. Тэд “Мон-Уран” компани, Г.Алтан нартай хийсэн газрын наймааных нь талаар 60 гаруй баримтыг дэлгэсэн юм. Гэвч М.Энхболд С.Жамъянсүрэнг “Нэр төрд халдсан” гэх үндэслэлээр шүүхэд өгснөөр асуудал намжсан билээ. Ийнхүү Улаанбаатар хотын АДХГЗ-ны харьяа Аж ахуй, үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар 1987 оноос ажиллаж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн нэгэн залуу хожим нь “Аалзны тор”-оос ч бөх авлигын сүлжээг хэлхэгч болсон аж. МАХН-ынхан түүний тухай хэлц үгнийхээ утгыг өөрчлөх цаг болжээ. Учир нь тэр бусдад дөрлүүлдэг биш, бусдыг өмнөө сөхрүүлдэг Энхболд ажиллагааны удирдагч. Тэр тусмаа 2009 оны зун Н.Энхбаяраас бүхнийг нэгмөсөн авч, хөл дээрээ бат зогссон улстөрч. Одоо түүнтэй хэн юу ярих билээ. Учир нь МАХН-д Энхболд ажиллагаанаас гадна Энхболд дэглэм ноёрхож байна шүү дээ.
С.БАТТУЛГА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин