Нүд, чих салгалгүй сонсох бидний "ЭРХ"-ийн тайлан!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нүд, чих салгалгүй сонсох бидний "ЭРХ"-ийн тайлан!

Нүд, чих салгалгүй сонсох бидний "ЭРХ"-ийн тайлан!

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 23 дахь илтгэлийг хэлэлцэнэ. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлдэг.

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөний индексээр 100 орноос 84 дугаарт эрэмблэгдэж байна.

Энэ удаагийн илтгэлийг,

  • Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх
  • Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал
  • Хүүхдийн эрхийн зарим асуудал
  • Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал
  • Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт
  • Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл гэсэн үндсэн 7 бүлгийн хүрээнд боловсруулжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 23 дахь илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

“УРГИЙН ЭНДЭГДЭЛ ӨВЛИЙН УЛИРАЛД 3,5 ДАХИН НЭМЭГДДЭГ”

Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаарт бичигджээ. Агаар, хөрсний, усны бохирдол болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах нь нэн тулгамдсан гэжээ. Агаар орчны бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндийн дунд өвчлөл нэмэгдэх, эрүү мэндийн зардал нэмэгдүүлэх, газар тариалан, ургацад нөлөөлдөг байна. Мөн нийгмийн үр нөлөө нь эрүүл мэндийн хувьд эмзэг бүлгийнхний тэгш бус байдлыг нэмэгдүүлэх, хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд ч сөрөг үзүүлдэг байна.

Агаарын чанарын суурин харуулын 2024 оны нэгдүгээр сарын мэдээгээр хүхэрлэг хий 145 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 3 дахин, азотын давхар исэл 70мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 1.4 дахин, том ширхэгт тоосонцор 130мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 1.3 дахин, нарийн ширхэглэгт тоосонцор 114 мкг/м3 буюу стандарт хэмжээнээс 2.2 дахин их 23 агууламжтай байна.

Нарийн ширхэглэгт тоосонцрын PM2.5 жилийн дундаж агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс долоо дахин их байна. Монгол Улсад агаарын бохирдол нь хүн амын дунд амьсгалын зам, уушги, гуурсан хоолой, зүрх судас, дархлааны тогтолцооны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. 2021 оны “Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” судалгаагаар уушгины хатгалгааны 18.03, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.3, зүрхний шигдээс өвчний 31.4, тархины судасны өвчний 31 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд  хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна. “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд өртсөнөөр эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсхүл мэс ажилбар хийлгэж, үр хөндөхөд хүрдэг. Ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин их тохиолддог байна. 11, 12, 01 сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд 5-8 дугаар сард дутуу төрөх магадлал өндөр байгаа нь ажиглагджээ.

“БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ТЭГШ, ЧАНАРТАЙ ХҮРГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА”

Боловсрол нь хүний суурь эрх болохоос гадна энх тайвныг бий болгох, тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь учраас улс орны тэргүүлэх ач холбогдол бүхий чиглэл юм. Монгол Улс 2023 оны байдлаар хүний хөгжлийн индексээр 189 орноос 96 дугаар байр, боловсролын индексээр 189 улсаас 103 дугаарт эрэмбэлэгдэж байна. Монгол Улсад 0-19 насны 1,3 сая орчим хүүхэд бүртгэгдсэнээс 1,2 сая орчим нь цэцэрлэг, сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуульд суралцаж байна.

Боловсролын багц хуулийн 2023 оны цогц шинэчлэлтээр хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэж, иргэд насан туршдаа суралцах эрх баталгаажиж, багш тасралтгүй хөгжих боломж нээгдэж, чадахуйн зарчимд суурилсан удирдлага, засаглалын тогтолцоо бэхжиж, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсролын тогтолцоотой болж байгааг онцолжээ. Ийнхүү Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа хэдий ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна.

Боловсролын салбарын чанар, хүртээмж нийслэл болон орон нутаг, төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургуулиудад харилцан адилгүй байна. Малчин өрхийн хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн болон сүм хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүд өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охид, хөдөлмөр эрхэлж байгаа хөвгүүд, сургууль завсардаж байгаа нь анхаарал хандуулах асуудал гэж онцолжээ.

“ХАГАС ӨНЧИН, БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХҮҮХДИЙН ТОО ӨССӨН”

Монгол Улс хүүхдийн эрхийн чиглэлээр дотоодын хууль тогтоомжийг 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал болон олон улсын гэрээ конвенцод нийцүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоо, үйлчилгээг шинэчлэн сайжруулах ажлыг эрчимжүүлэн, тодорхой ахиц гаргаж байгаа. Гэсэн хэдий ч шийдэгдээгүй зарим асуудлууд байсаар байна. Ялангуяа эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал орхигдож байгаа нь төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан мэдээ, судалгаа, ХЭҮК-т ирж буй гомдол, мэдээлэл, түүний мөрөөр хийсэн хяналт шалгалтын үр дүн илтгэж байна гэжээ.

Монгол Улсад 2022 оны байдлаар 1282373 хүүхэд бүртгэгдсэнээс хагас өнчин 36363, бүтэн өнчин 2911, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12882 хүүхэд байна.

Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд буурсан, харин хагас өнчин хүүхдийн тоо болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо өссөн байна. Төрөлжсөн асрамж халамжийн газарт амьдардаг байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд очих болон хүлээн авах газар байхгүйгээс 18 насанд хүрсэн хэдий ч үргэлжлүүлэн амьдарсаар байна. Асрамж халамжийн төвүүдээс байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагад санал хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй өнөөдрийг хүрсэн байна. Бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх зөрчигдсөөр байгаад төрийн зүгээс анхаарал хандуулж, нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, үр дүнг үндэслэн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчныг тодорхойлох нь чухал гэж тайланд онцолжээ.

“ЭЦЭГ ЭХИЙН ХАМТЫН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ АСУУДАЛ СУЛ”

Сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн эхний дөрөвт гэр бүл, ахуй хүрээний дуудлага мэдээлэл эзэлж байна.  Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн орчинд эцэг, эхийн зүгээс үйлдэгдсэн байна. Төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж буй хэдий ч энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо буурахгүй байна.

Энэ нь тухайн хэрэг, зөрчил гарсан хойно биш гарахаас өмнөх урьдчилан сэргийлсэн бодлого, үйл ажиллагаанд ахиц гаргах, шалтгаан, хүчин зүйлд анхаарал хандуулж, хэрэгжилтийг хангах нь зүйтэй байна.

Шүүхээр эцэг тогтоолгох, эцэг эх байх эрх хасах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний хэрэг маргааныг шийдвэрлэсэн тоон үзүүлэлт жил бүр өссөн, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдээ хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эцэг эхийн хамтын хариуцлага хүлээх асуудал сул байгаагаас хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгааг онцгой анхаарч Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай шинэчлэн, батлах шаардлагатай байна.

15 ба түүнээс дээш насны нийт хүн амын гэрлэлт батлуулсан/батлуулаагүй гэр бүлтэй хүн 2020 оны тооллогоор 1303751 болсон байна.

Дээрх хүснэгтээс үзэхэд бэлэвсэн хүн амын тоо 1969-2020 оны хугацаанд 43.7 хувиар өссөн нь 2000, 2010, 2020 оны тооллогын дүнтэй харьцуулахад бэлэвсэн эрэгтэй хүний тоо 10.1 хувиар буурч, эмэгтэй хүний тоо 29.6 хувиар өссөн нь эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалттай холбоотой гэж үзэхээр байна. Гэрлэлт цуцлалт сэргээсэн болон шинээр гэрлэсэн бүртгэлийг нэгтгэж үзвэл 2021- 2023 онд 51122 гэрлэлт бүртгэснээс гэрлэлтээ сэргээсэн нь 248, шинээр 50874 гэрлэлт бүртгүүлж, 12743 цуцлуулжээ.

Сүүлийн 11 жилийн хугацаанд 55-64 насны хосын дунд салалт 2.5 дахин өссөн байна.

Гэрлэлт цуцлалт 2021-2023 онд жил бүр өсөж, нийт 12743 болсон бөгөөд 2021 оныг 2023 онтой харьцуулахад 28.8 хувиар өсжээ. Гэр бүл цуцлалтын 9535 нь зан харьцаа таарамжгүй гэх шалтгаан эзэлж байгаа нь нийт гэрлэлт цуцлалтын 74.8 хувь буюу хамгийн өндөр дүн байна. Эдгээрээс зан харьцаа таарахгүй, гэр бүлийн тогтворгүй байдал болон бусад шалтгаанаар гэрлэлт цуцалж байгаагийн цаана ямар шалтгаан, асуудлууд нуугдаж буй талаар нарийвчилсан судалгаа, мэдээлэл байхгүй байна.

“БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД ӨС ХОНЗОНГИЙН СЭДЭЛТЭЙ ЗӨРЧИЛ ИХ ИЛЭРДЭГ”

Комисс нь 2023 онд “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт” судалгааг Монгол Улс дахь хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн хүний эрх хамгаалагчид болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болох байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагч, ТББ-ын ажилтан, идэвхтнүүдийг оролцуулан хийж, үр дүнд тулгуурлан дүгнэжээ.

Ялангуяа байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болон эмэгтэй хүний эрх хамгаалагчдад аюул, эрсдэл их тохиолддог байна.

Тиймээс хүний эрх хамгаалагчийн аюул эрсдэлийн механизмыг сайжруулах, ялангуяа байгаль орчны хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй өс хонзонгийн сэдэлтэй хүний эрхийн зөрчлүүдийг илрүүлэх, арилгах чиглэлээр бодлого, зохицуулалт бий болгох, мөн нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Судалгаанд оролцсон иргэний нийгэм дэх хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааны онцлогоос хамааран дарамт, шахалт, заналхийлэлд өртөх эрсдэл харилцан ялгаатай байна. Тухайлбал, оролцогчдын уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа хүний эрх хамгаалагчдын 16.7 хувь, маш их эрсдэлтэй, 50 хувь нь их эрсдэлтэй гэжээ. Харин байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүний эрх хамгаалагчдын 25.2 хувь нь маш их, 19.8 хувь нь магадлал ихтэй гэсэн байна. Мөн судалгаанд оролцогчдын 7.9 хувь нь маш их, 14.3 хувь нь их, 37.3 хувь нь дунд зэрэг, 24.8 хувь нь бага зэрэг дарамт шахалт, заналхийлэл ирэх магадлалтай гэж хариулжээ.

“ЯЛ ЭДЛЭЭД СУЛЛАГДСАН ХҮМҮҮСИЙН 38.6 ХУВЬ НЬ 2 ЖИЛИЙН ДОТОР ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ”

Гэмт хэрэг дахин үйлдэж хорих ял эдэлж байгаа хоригдлуудын дийлэнх нь суллагдсаны дараа нийгэмд бие даан амьдрахад хүндрэлтэй байдгаас дахин гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болж байна. Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлжээ.

Нөгөө талаар хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого зөвхөн хорих ял эдлүүлэх явцад, эсхүл суллагдах дөхсөн хоригдолд хамааралтайгаар хэрэгжиж байгаа бөгөөд суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй нь хорих ялын үр нөлөөг сулруулж, хувь хүний хөгжил, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ.

Хорих ял эдлээд суллагдсанаас хойш дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хугацааг авч үзвэл нэг жилийн дотор 24 хувь, хоёр жилийн дотор 14.6 хувь, гурван жилийн дотор 11 хувийг тус тус эзэлж байна. Ялангуяа суллагдсанаас хойш нэг жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэх тохиолдол хамгийн өндөр үзүүлэлттэй байгаад анхаарал хандуулах шаардлагатай юм.

Тухайлбал, 2021 онд 252, 2022 онд 341, 2023 онд 338 хүн хорих ял эдлээд суллагдсанаас хойш нэг жилийн дотор дахин гэмт хэрэг үйлджээ.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ОРЧНЫ ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙДЛААС НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ОРЖ ЧАДДАГГҮЙ”

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд зөвхөн сонгох, сонгогдох тухай асуудлыг хөндөх нь учир дутагдалтай гэж үзэн эрхийг бүрэн дүүрэн, бодитоор хэрэгжүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг олон талт байдлаар, холбогдох салбаруудын ололт амжилт, өнөөгийн нөхцөл байдал, анхаарал татаж буй асуудлуудыг энэ бүлэгт хөндлөө.

Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хуулиар баталгаажуулж, намууд хөгжлийн бэрхшээлтэй улс төрчийг бэлтгэх үүрэг хүлээж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн намд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг бий болгох зэрэг эрх зүй, институтийн арга хэмжээ авсан.

Эдгээр арга хэмжээ нь боловсрол эзэмшсэн, санхүүгийн хувьд харьцангуй хараат бус цөөн тооны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг улс төрд оролцоход дэмжлэг болж болох боловч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог өргөн хүрээнд нэмэгдүүлэхэд өгөөж багатай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь бие даан амьдрах хэвшилгүй, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, санхүүгийн гачигдалтай амьдардаг бөгөөд орчны хүртээмжгүй байдлаас нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхгүйгээр тэдний улс төрийн оролцоо өргөн хүрээнд, бодитой нэмэгдэхгүй гэж дүгнэсэн байна.

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын илтгэлт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, орчныг нь сайжруулах, гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эцэг, эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний эрх хамгаалагчдыг эрхийг хамгаалах, хорих ял эдлээд судлагдсан хүмүүсийг нийгэмшүүлэхэд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн харилцаанд, улс төрийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн харилцаанд оролцох орчныг нь бүрдүүлэх зэргээр хууль эрхзүйн орчныг сайжруулахад анхаарах ёстой гэжээ. Мөн аливаа хууль, тогтоомжийн хэрэгжилтэд төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж, хэрэгжилтэд онцгой анхаарах ёстойг сануулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Солонок 2024-04-15 75.190.35.176

Таалагдлаа

Avatar

Нэргүй 2024-04-15 202.21.109.34

тэгээд болоо юу

Avatar

Ким 2024-04-15 45.117.35.9

Өнөрцэцэг болон эрх нь зөрчигдөж байгаа сэтгүүлчдийн талаар зүгээр суусаар байх уу.ийм янзтай байвал татан буулгаач ТА НАРЫН ХИЙХ ЁСТОЙ АЖЛЫГ ШААРИЙБУУ ГУАЙ ХИЙСЭН ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-04-15 45.117.35.9

ӨНӨРӨӨГӨӨР ХААЛТ БҮҮ ХИЙ ЧАМАЙГ БОДВОЛ ХИЙСЭН ЮМТАЙ Бүсгүй. НЭРГҮЙ НЭРТЭЙ ЭРЭЭЧИГЧ ДОЛДОЙ МИНЬ ХЭЛЭЭ ХЭР,ЧҮҮЛЖ.АМАА ТАГЛУУЛСНАА МЭДДЭГ ҮҮ

Avatar

Нэргүй 2024-04-15 103.71.100.134

сэтгүүлч гэж новшнууд гүтгэлэг хийнэ шантааж хийнэ хаалтын гэрээ хийнэ тэгээд бас хүний эрх гэж хуцна зайл та нар үнэрцэцгүүдээ???

Avatar

Хуульч 2024-04-15 103.212.119.219

Хорих газраас суллагдсан хүмүүсийг нийгэмд хэрхэн хүлээн авч байгаа нөхцөл байдлыг судалсан судалгааг дорвитой, бодлогын чанартай хийх хэрэгтэй. Насны юм бол засраг, ясны юм бол чангараг гэж орхиж болохгүй. Нэг жилийн дотор дахин гэмт хэрэгт холбогдож байгаа үзүүлэлт маш өндөр байна. Энэ бол нийгмийн ноцтой үзэгдэл болно.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Томилгооны сонсгол, улс төрөөс хараат бус томилгоо бол төр цэвэрших эм юм 2024-04-15 139.5.216.27

Сүүлийн жилүүдэд ХЭҮК, ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг улс төрчид, улс төрийн намаас харьцангүй хараат бусаар сонгосон нь тэд ажлаа хараат бусаар хийх нөхцөл болж байна.Одоо АТГ-ыг ЗГ-ын мэдлэээс гаргаж томилгооны сонсгол хийж, УИХ-аас томилдог болох хэрэгтэй.ҮХЦ-ийн гишүүнийг мөн адил.ЗАНДАНШАТАР Кунаныг ХЭҮК-ын даргаас өөрчлөсний шалтгааныг мэдэхгүй. Харин Кунан одоо чөлөөтөй ажиллах нөхцөл бүрдсэн нь сайн болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж