Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох эхний тэмцээн өнөөдөр/2024.04.14/ өндөрлөлөө. Хонг Конгт гурван өдөр үргэлжилсэн тэмцээний эцэст эрэгтэй ганц эрхийг олимпийн аварга Латви авч, Парист аваргаа хамгаалахаар очно. Харин эмэгтэй ганц эрхийг тооцооны гадна байсан Азербайжаны баг авлаа.
Латви хагас шигшээд Нидерландын хүчирхэг багтай учраа таарч, нэмэлт цаг сунгасны эцэст өнөө цагийн 3х3 сагсан бөмбөгийн ертөнцийн шилдгүүдийн нэг Наурис Мьезисийн хожлын шидэлтээр өрсөлдөгчөө буулган авсан. Харин финалд Австрийн багийг илт илүүрхэж, олимпийн эрхээ авлаа.
Латвийн шигшээ багийн гол хүн Ласманис энэ удаагийн тэмцээнд бэртлийн улмаас оролцоогүй ч бусад нь үүргээ хангалттай биелүүлж, эрхээ авав.
Тэгвэл Тиффани Хэйс гэх NCAA, WNBA-д данстай явсан америк бүсгүйд иргэншил олгосон Азербайжаны эмэгтэй шигшээ баг Унгар, Польшийг буулган авч, анх удаагаа багийн спортын төрлөөр олимпод оролцох боллоо.
Олимпийн эрх олгох Япон болон Унгарын тэмцээнүүд үлдлээ.