Хятадын Коммунист намын гурав дахь өндөр албан тушаалтан Жао Лэжи Хойд Солонгост айлчлах тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Ким Жон Ун, Жао Лэжи нар хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэх талаар ярилцсан тухай Хойд Солонгосын төрийн хэвлэл өнөөдөр мэдээлэв.
Тэд Бямба гаригт үдийн зоог барих үеэр Ким Жон Ун "Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын найрамдал юунд ч дийлдэшгүй болохыг харуулахад чухал ач холбогдолтой. Мөн хоёр орны уламжлалт найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаг үеийн шаардлагаар цаашид хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой" гэж мэдэгджээ.
Мөн хоёр орны социализм мөнх хөгжихийг ерөөгөөд, Хятадын дарга Ши Жиньпинийг урт насалж, эрүүл энх байхын төлөө хундага өргөсөн байна.
Уулзалтад Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын зохион байгуулалтын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Жо Ён Вон, Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй, удирдагчийн дүү Ким Ё Жон зэрэг албаны хүмүүс оролцов.
Эх сурвалж: YONHAP