Нэмэлт 13:48
Иранаас Израиль руу 200 гаруй дрон, пуужин харвасан гэж өнөө өглөө мэдээлсэн. Тэгвэл Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч, армийн администратор Даниел Хагари саяхан мэдээллийг шинэчилж, 300 орчим дрон, пуужин байсан гэж мэдэгдлээ. Мөн эдгээрийн 99 хувийг нь саатуулж чадсан гэв.
Иран улс Израиль руу довтлохоор 100 гаруй пуужин, олон тооны нисгэгчгүй нисэх онгоц зэхээд буйг АНУ-ын албан тушаалтнууд мэдэгдээд байсан. Тэгвэл өнгөрсөн шөнө Израиль даяар тэсрэлт, агаарын дайралтын дуут дохио сонсогдлоо. Тодруулбал, Иран улс 200 гаруй нисгэгчгүй нисэх онгоц, пуужингаар Израиль руу довтлов. Энэ бол Иранаас Израиль руу шууд цэргийн дайралт хийж буй анхны тохиолдол болно.
Халдлагыг Иран, Ливан, Ирак, Йемен гэсэн дөрвөн байрлалаас үйлджээ.
Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч, армийн администратор Даниел Хагаригийн хэлснээр, Иран олон тооны нисгэгчгүй онгоц, далавчит пуужин, баллистик пуужин харвасан байна. Эдгээрийн дийлэнхийг нь хилийн гадна буудаж, саатуулжээ. Цөөн хэдэн пуужин Израильд газардсан гэв.
АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтнуудын хэлснээр, АНУ-ын цэргүүд тэдгээр нисгэгчгүй онгоцны заримыг устгасан аж.
Ираны хувьд нисгэгчгүй нисэх онгоц, пуужингийн асар их нөөцтэй. Ираны төрийн телевизээр цацагдсан бичлэгүүдээс харахад ОХУ-ын ашиглаж буй Шахед-136 дронтой төстэй, дельта далавчтай нисгэгчгүй онгоцууд байжээ.
Израилийн арми Сири, Ливаны хилийн ойролцоох Голаны өндөрлөгүүдийн оршин суугчдыг, мөн өмнөд хэсгийн Неватим, Димона хотууд болон Улаан тэнгисийн Эйлат амралтын газрыг хамгаалалтын бүсэд оруулахыг тушаажээ. Димона хотод Израилийн цөмийн гол байгууламж байрладаг бол Неватим хотод томоохон агаарын бааз байрладаг. Түүнчлэн Дотоодын фронтын командлал Ням гаригийн сургуулилалтаа цуцалжээ.
Эх сурвалж: ABC, WASHINGTON POST
Холбоотой мэдээ