Пак Чоонг-Квон бол Хойд Солонгосын цөмийн пуужинг бүтээхэд гар бие оролцсон нэгэн. Тэгвэл тэр өдгөө ардчилсан хөршийнхөө хууль тогтоох байгууллагын нэг эд эс болжээ. Өнгөрч буй долоо хоногт Өмнөд Солонгосын парламентын сонгууль болоход Пак Чоонг-Квон 300-ийн нэг болж сонгогдсон юм.
Хүмүүс илүү сайхан амьдрал, боломжуудыг мөрөөдөж, авторитар дэглэмээс либерал ардчилал руу зугтдаг. Пак бол Хойд Солонгосоос оргон зайлаад Өмнөд Солонгост парламентын гишүүн болсон анхны хүн биш. Түүнээс өмнө гурван ч хүн Өмнөдийн парламентын гишүүн болжээ.
"Би Өмнөд Солонгост юу ч үгүй ирсэн. Одоо би улс төрийн тавцанд гарч ирлээ. Би энэ бүхнийг манай либерал ардчиллын хүч гэж харж байна. Энэ бол гайхамшиг, адислал юм" гэж тэр хэлжээ.
Пак 10 жилийн өмнө 23 настайдаа анх оргох санаагаа гаргасан. Энэ нь хэт эрсдэлтэй учир гэр бүлийнхэндээ төлөвлөгөөгөө огт хуваалцаагүй. Улмаар 2009 оны дөрөвдүгээр сард Хойд Солонгос анхны тив алгасагч баллистик пуужингаа амжилттай хөөргөсөн өдөр тэр хилийн дээс давжээ. Улс даяараа баярын уур амьсгалтай байсан нь түүнд боломж олгосон аж. Тэр 10 сая вон төлөөд Хятад руу гарах замыг сонгосон.
Өмнөд Солонгост ирсэн хойноо тэр тус улсын хамгийн нэр хүндтэй их сургууль болох Сөүлийн үндэсний их сургуульд элсэн орж, материалын шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Дараа нь Өмнөдийн хүчирхэг конгломератуудын нэг болох "Hyundai Steel"-д ажилд оров. Энэ бол түүний маш их хүсэн хүлээсэн ажил байв.
Өдгөө парламентын гишүүн болсон Пакийн хамгийн эхний зорилт бол Хойд Солонгосын иргэдийг Өмнөдөд ирэхэд нь үзүүлэх дэмжлэгийг сайжруулах явдал ажээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ