Улсын хилээр гаргахыг хориглосон хязгаарласан бараа бүтээгдэхүүний жагсаалтад зарим нэг өөрчлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай болжээ. Тухайлбал өлөн гэдэс тэргүүтэй малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх нь чухал байна. Тэртээ тэргүй Монголд хог болон хаягддаг энэ төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлдэг болчихвол малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэнэ гэдгийг иргэд хэлж байна.
Энэ жилийн хувьд сүүлийн 20 гаруй жил тохиолдоогүй зуд болж, арав гаруй сая толгой мал хорогдоод байна. Хорогдсон малын сэг зэмийг устгах зардлыг аймаг сумын төсөвт дарамт учруулах хэмжээнд хүрчээ.
Мал махны худалдаа хийдэг Эмээлт орчимд малын гаралтай зарим бүтээгдэхүүн тэр дундаа өлөн гэдэс толгой шийр нь хог болон хаягддаг. Шалтгаан нь тун энгийн. Нэгд боловсруулах үйлдвэр байхгүй. Хоёрт, байлаа ч хил давуулах боломжгүй байдаг. Үүний нэг нотолгоо нь хил дээр их хэмжээгээр хураагдсан адууны өлөн гэдсийг та харж байна. Өнгөрөгч гуравдугаар сард Замын-Үүд дэх гаалийн газрын байцаагчид Хятад улс руу гарах тээврийн хэрэгсэлд ачигдсан 40 тоннын чингэлгээс 253 шуудай 5124 кг адууны өлөн гэдсийг илрүүлжээ.
Одоо энд хураагдсан өлөн гэдсийг газарт булах эсвэл шатааж устгалд оруулах нь чамгүй хэмжээний зардал гарна.
Уг нь бол адууны боловсруулсан өлөн гэдсийг хилээр гаргалаа гээд Монголд ямар нэг гарз хохирол учруулахгүй. Харин ч хил давуулдаг болчихвол байгаль дээр хог болон хаягддаг өлөн гэдсийг үйлдвэр эрхлэгчид малчдаас худалдан авч экспорт хийх нь эдийн засгийн хувьд чухал холбогдолтой юм. Ер нь бол малын гаралтай бүтээгдэхүүн бол нөхөгддөг баялаг учир бид эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортлож байх нь малчдын орлого төдийгүй валютын орох урсгалд эерэг нөлөө үзүүлэх боломж бий.
Замын-үүд дэх Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын ахлах байцаагч Ө.Баярсайхан мэдээлэл өгөхдөө "Улсын хилээр оруулж ирэх зарим бараа бүтээгдэхүүний хууль журамд ч бас өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Үүний нэг жишээ нь тарьмал модны суулгац болон бутлаг ургамал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч дотоодын мод үржүүлэгийн албаны тогтолцоо сул, мод тарих хэрэгцээг хангаж чадахгүй хэвээр байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хилээр таримал модны суулгац болон бутлаг ургамал оруулж ирэхийг хориглосон хэвээр байгаа юм. Манайхны дунд Хятадаас мод импортоор авах нь ойн хортон шавьж давхар импортлоно гэсэн болгоомжлол олон жилийн турш амнаас ам дамжин яригдсаар ирсэн.
Гэтэл 20 жилийн өмнө Замын-Үүд шиг улаанаараа эргэж байсан Эрээн өнөөдөр ногоон хот болсныг нийтээрээ бид харж байна. Хавар зуны улиралд хүний гараар бүтээгдсэн ой бүхий чийглэг уур амьсгалыг дагаж хур бороо нь хүртэл Эрээн хотод ордог бол замын-үүдэд жиийн жилд ган гачиг тохиолдож байгааг Замын-Үүдийн иргэд аргаа баран хэлж байна. Монголын хувьд газар зүйн онцлог уур амьсгалын онцлогоос шалтгаалж хангай, говь, хээр гэсэн бүсүүдэд хуваагддаг. Тэгвэл говийн бүс нутгийг ойжуулж ногооруулъя гэвэл тарьмал модны суулгац болон бутлаг ургамлын импортыг нээж өгөх шаардлагатай. Түүнээс биш хэн нэгний батлагдаж нотлогдоогүй амнаас ам дамжсан ярианаас үүдэж бид улсаа бүү хэл ганц Замын-Үүд сумаа ч ногооруулж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай" гэсэн юм.
Харьцуулагч 2024-04-12 49.0.139.175
Уул нь бол өөрөө улс, хувь эхний шатны боловсруулалт хийдэг бол монголдоо шар тос, одоо бол гадны үйлдвэрлэгчид болон наймаа панз үсэргэгчидэд шар тос уу. нөгөө гурилын хан мөнгөө ийш шиднэ. мөнгө хаадын хаан уу…
Нэргүй 2024-04-12 66.181.182.245
Оросоос бүх төрлийн мод модон материалын татварыг тэглэчихээч ээ Модоо хамгаалах аймар хатуу хуультай Тэгээд оросоос мод авахаар алтанбулаг дээр хоёрын хооронд татвар нэхээд бдг
Зочин 2024-04-12 202.9.40.52
Зөв шүү. Алийн болгон туйлширч байхав.
Нэргүй 2024-04-12 59.153.114.178
үнэн