Засгийн газар заргалдах бэлтгэлээ базааж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Засгийн газар заргалдах бэлтгэлээ базааж байна

Монголын Засгийн газар “Алтан дорнод Монгол” компанийн Олон улсын арбитрын шүүх дэх  маргааны хариу өнөө, маргаашгүй ирнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Тэгвэл манай улсын Засгийн газар Хятадын хөрөнгө оруулалттай “БЛТ” компанитай олон улсын шүүхэд заргалдахаар бэлтгэж байна. Хятадын хөрөнгө оруулалттай “БЛТ” компанийн Сэлэнгэ аймгийн нутгаас хүдэр олборлох лицензийг дөрвөн жилийн өмнө төрөөс цуцалсан. Тухайн үед тус компанийн олборлолт хийж байсан газрыг төрийн мэдэлд шилжүүлж, тоног төхөөрөмжийг нь битүүмжилжээ. “БЛТ” компани дээрх асуудлаар хуулийн байгууллагад хандаж байсан. Гэвч шат шатны шүүх тус компанийн эсрэг шийдвэр гаргасан учраас олон улсын шүүхэд хандсан ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тус компани “Ашиглалтын лиценз хураасан нь Хятад, Монголын Засгийн газар хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг зөрчсөн” гэдэг үндэслэл гаргажээ. Улмаар олон улсын шүүхэд Английн нэр хүндтэй хуульчийг арбитрчаар сонгоод байгаа аж. Харин Монголын Засгийн газар ажлын хэсэг байгуулж, заргаа авах нотлох баримт цуглуулж байгаа ажээ. Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалжээ. Түүний удирдлагад Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар ажиллаж “БЛТ” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар нотлох баримт цуглуулж байгаа ажээ. Мөн олон улсын шүүхэд Монголыг өмгөөлөх арбитрчдыг сонгохоор судалж эхэлжээ.

“БЛТ” компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөртэйн ордод 216 га талбай бүхий ашигт малтмал олборлох 939А тоот, Хустай-Уул ордын 940А тоот тусгай зөвшөөрөлтэй байжээ. Тус компани дээрх зөвшөөрлийг “Дарханы төмөрлөгийн комбинат”-ын захирал Л.Нацагдоржийн тусламжтайгаар авсныг эх сурвалж хэлсэн. Тодруулбал, Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор 1990 оны тавдугаар сард Хустай, Төмөртэйн ордуудыг нэгтгэн “Дарханы төмөрлөгийн цех” болгожээ. Ингээд 1995 оныг хүртэл улсын төсвөөр хайгуул хийж дээрх ордуудын нөөцийг тогтоосон байна. Улмаар 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар Хустай, Төмөртэйн ордыг хувьд шилжүүлэх боломжтой болжээ. Тухайн үед Л.Нацагдорж захирал ашиглалтын лицензийг дүү, хүргэн ахынхаа хамтарсан компанид шилжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн аж. Тухайн үед ах дүүсийн компанид Хятадын Хэлэмжан мужийн Олон улсын техник эдийн засгийн хамтын ажиллагааны компаниудын хамтарсан компанийн гишүүн Ли Шо Мин хөрөнгө оруулжээ. Ингээд Баярцогт, Туяа, Ли Шон Мин гурав нэрнийхээ эхний үсгээр буюу “БЛТ” гэж компаниа нэрлэсэн байна. Тус компани Төмөртэйн ордоос олборлолт хийж байгаад ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөө 2005 онд охин компани болох “Төмөртэйн хүдэр”-т шилжүүлжээ. “БЛТ” болон “Төмөртэйн хүдэр” компаниуд дэлбэрэлт хийж хүдэр олборлодог байсныг нутгийн иргэд эсэргүүцэн хөдөлгөөн өрнүүлснээр мэргэжлийн байгууллагуудын анхаарлыг татаж эхэлжээ. Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Б.Жаргалсайхан 2006 онд тус компанид мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар “БЛТ” компани улсын хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийсэн ч төлбөрөө төлөөгүй, тэсэлгээ хийж байгаль орчин сүйтгэсэн зэрэг олон зөрчил илэрсэн байна. Иймээс мөн онд “БЛТ” компанийн лицензийг хүчингүй болгож, ордуудыг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлжээ. Гэхдээ “Эрдэнэс МГЛ” компани өнөөг хүртэл дээрх ордуудыг ашиглаагүй. Учир нь “БЛТ” компани олон улсын шүүхийн шийдвэр гартал ордуудад хэнийг ч ойртуулахгүй гэсэн байр суурьтайгаар хамгаалуулж байгаа ажээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж