“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ жил бүр тасралтгүй нэмэгдсээр байгаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр өссөөр байгаагийн илрэл юм. Үүнтэй холбоотойгоор тус нийгэмлэгийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ ажлын хүрээнд тус нийгэмлэг жил бүр замынхаа найдвартай байдлыг хангахын тулд замын их засвар, шинэчлэлийн ажлыг хийж иржээ.
Энэ ажлыг дагнан хариуцдаг УБТЗ-ын Замын аж ахуйн алба өнөөдөр “Галт тэрэгний эрчимжсэн хөдөлгөөний үеийн замын мастер” нэртэй зөвлөгөөнийг зохион байгууллаа. Төмөр замын тээврийн хөдөлгөөний аюулгүй найдвартай байдлыг хангахад замчид, тэр дундаа замын мастерууд чухал үүрэгтэй.
Төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөхийн хирээр галт тэрэгний хөдөлгөөн улам бүр эрчимжиж байгаа үед өдөр бүр хариуцсан хэсгийнхээ замд үзлэг шалгалт, үйлчилгээ засвар чанартай хийж, галт тэрэгний хөдөлгөөний тогтоосон хурдыг хангаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй замчдыг ахалж ажилладаг замын мастеруудын ажлын арга барил, ур чадвар, хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг зөвлөгөөнөөр хэлэлцлээ.
УБТЗ-ын хамт олон өнгөрсөн жил тогтоосон ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа ахиулахаар шамдан ажиллаж байгаа үед замын аюулгүй найдвартай байдал чухал юм. Дашрамд дурдахад өнгөрсөн жил Монгол Улсын тээврийн салбар бүх төрлийн тээврээр нийтдээ 105 сая тонн ачаа тээвэрлэсний 32.4 сая тонныг нь буюу 30.8 хувийг нь “УБТЗ” ХНН тээвэрлэсэн юм. 2025 оноос хэрэгжиж эхлэх Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замыг шинэчилснээр УБТЗ-ын тээврийн хэмжээ 90 гаруй сая тоннд хүрэх тооцоо байгаа юм.
Холбоотой мэдээ