УИХ-ын сонгууль болж, 126 гишүүн сонгогдоход хоёр сар гаруйн хугацаа үлдсэн ч УИХ дотор намын листээр сонгогдох гишүүдээ “ад үзэх” сонирхлыг цухалзуулж эхлээд байна.
Учир нь, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд зааснаар 126 гишүүн үг хэлэх эрхээ хязгаарлуулах болж буй. Одоогоор хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд яваа ч батлагдахаас нь өмнө тойрогт өрсөлдөх гишүүд ашиг сонирхлоо багтааж мэдэхээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Болорчулуун нар “Тойргоос сонгогдсон гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлаж болохгүй. Харин намын нэрсийн жагсаалтаар сонгогдох гишүүний үгийг л хязгаарлах нь зөв” гэдэг байр суурь илэрхийлж буйг бусад гишүүд нь ч дэмжиж байгаа юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-д сонгогдох 126 гишүүний 48 нь намын нэрсийн жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдоно.
Төсөл санаачлагчдын хувьд чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөл хэлэлцэх үед УИХ-ын 126 гишүүн бүр үг хэлбэл чуулганы үйл ажиллагаанд хүндрэл учруулна. Иймээс УИХ-д авсан суудлынхаа тоонд үндэслэж, гишүүд нь үг хэлэх эрхтэй байхаар зохицуулалт хийсэн юм. Энэ нь хамгийн олон суудал авсан улс төрийн нам, эвслийн гишүүд илүү давуу эрх эдэлж мэдэхээр байгаа юм. Сонгуулиар аль улс төрийн хүчин илүү суудал авч, Засгийн эрх авахыг одоогоор хэлэхэд бэрх ч тойрогт өрсөлдөхөөр “усалгаа” хийж эхэлсэн гишүүдийн хувьд хаяагаа манан өөрсөддөө үг хэлэх эрхийг авахаар ийн лобби хийж эхэллээ.
Сануулахад, 2012 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдсан. Тодруулбал, 26 гишүүн намын нэрсийн жагсаалтаар, 50 гишүүн тойргоос сонгогдож байсан юм. Тухайн үед тойргоос УИХ-д сонгогдсон гишүүд намын листээр сонгогдсон гишүүдээ өөнтөглөн, “Хүрэн оймсны хүчинд УИХ-д сонгогдчихоод цор цор хийхгүй шүү” гэж сургадаг байв. Харин энэ УИХ намын нэрсийн жагсаалтаар сонгогдох гишүүний үг хэлэх эрхийг хязгаарлаж мэдэх нь.
Г.ХОРОЛ