​ Б.Мөнхбаатар: Баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал

​ Б.Мөнхбаатар: Баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал

​ Б.Мөнхбаатар: Баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал

                                          Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан уул уурхайн инженер, эрх зүйч Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-Үндэсний баялгийн сангийн хуулийг баталснаар ямар давуу тал бий болох  вэ?

-Бид байгалийн баялгийн үр өгөөжийг “Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш шударга хүр­тээ­хэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малт­малын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тог­тооно” гэж 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Баялгийн сан байгуулах суурийг тавьсан.

Үндсэн хуулийн энэ заалт Үндэсний баял­гийн сангийн тухай хуулийг баталс­наар амилж байна. Иргэн бүр уул уурхайн баялгаасаа шууд хүртэх боломжийг маш тодорхой хуульчилсан.

-Үндэсний баялгийн сан гаднын орнуудад ямар жишгээр үйл ажиллагаа явуулдаг вэ. Сайн туршлага юу байна?

-Та бидний хамгийн сайн мэдэх жишээ бол Норвегийн тэтгэврийн сан /нефтийн сан ч  гэдэг/, Сингапурын Темасек, Казахстаны Самрук-казыныг дурдах нь зүйтэй байх. Норвегийн Тэтгэврийн сан хөрөнгөөрөө Хятадын Тэтгэврийн сантай дүйцэх хэмжээтэй ч хүн ам нь 250 дахин бага. Анх 60-аад жилийн өмнөөс нээн илрүүлсэн нефтиэс олсон орлогоо иргэддээ тэгш хуваарилах, нийгмийн олон асуудал, сайн сайхны төлөө зориулахаар 1990 онд анх байгуулсан. Үүнээс зургаан жилийн дараа буюу 1996 оноос эхлэн мөнгөн хуримтлал үүсгэж эхэлсэн байдаг. Үүнээс хойш сангийн хөрөнгө үлэмж хэмжээгээр өсөж өнөөдөр 1.6 триллион ам.долларт хүрээд байна.

Казахстаны Самрук-казыны хувьд нефть, хий, ашигт малтмалын нөөц ашигласны татвараас олсон орлогын тодорхой хувиас татан төвлөрүүлдэг. Тус санг ашигт малтмал газрын тосны үнийн хэлбэлзлээс төсвийн хэт хамааралтай, эмзэг  байдлыг тогтворжуулах зорилготой анх 2000 онд байгуулсан.

Харин Сингапурын Баялгийн сан холдинг компанийн загвараар ажилладаг бөгөөд Темасек хөрөнгө оруулалтын хамгийн том сангуудын нэг болсон. Тус сангийн хөрөнгө өнөөдрийн байдлаар 300 тэрбум ам.долларт хүрээд байна. Анх Сингапурын Засгийн газар уг санг байгуулахдаа хэд хэдэн зарчим баримталсан байдаг. Тодруулбал, хувийн хэвшлийн дангаараа хөрөнгө оруулалт хийх боломжгүй төслүүдэд хөрөнгө оруулах механизмыг бүрдүүлэхээс гадна компанийн одоогийн үйл ажиллагаанд оролцохгүй зөвхөн хөгжлийн стратеги боловсруулахад оролцохоор тогтсон. Мөн дотоодын болон гадаад зах зээл дээр ирээдүйтэй, ашиг олохуйц төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн байна. Өнөөдрийн байдлаар сангийн 70 гаруй хувь нь гадаад улс оронд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд дэлхийн 11 улсад салбараа байгуулаад байна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлжсөн сангаас бүрдэж байна. Энэ сангийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Нэн тэргүүнд эдгээр сан шилэн, ил тод байх ёстой. Ирээдүйн өв сангийн тухайд одоогийн эрх зүйн зохицуулалт хэвээр байхаар тусгасан байна. Хуримтлалын сангийн тухайд төрийн өмчит компанийн хуулийн этгээдүүдийн ногдол ашгийн 34 хувийг төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэнд, орон сууцанд зарцуулахаар тусгажээ. Энд ногдол ашгийн 34 хувь гэхээс илүүтэйгээр АМНАТ-ын татварын тодорхой хувь хэмжээнээс санхүүждэг байх нь илүү богино хугацаанд санхүүгийн чадамжтай болоход дөхөмтэй байх болов уу. Учир нь, зарим төрийн өмчит компани ашиггүй ажиллавал яах вэ гэдэг асуулт хэвээр үлдэж байна. Энэ тохиолдолд Төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах ямар бодлого байх вэ гэдэг дараагийн асуулт ч урган гарна.

-Та “Эрдэнэс Тавантолгой” төсөлд олон жил удирдах албан тушаал хашиж байсан. Сангуудыг ямар менежментээр удирдвал үр дүнтэй вэ?
-Хөрөнгийн удирдлага чухал. Норвегийн сангийн орлого гэхэд л энэ жил 212 тэрбум ам.долларт хүрсэн. Хуримтлуулах нэг хэрэг, үүнийг удирдаж өсгөх нь дараагийн том сорилт байдаг. Засаглалын хувьд ил тод байх зарчмыг баримтлах нь зүйтэй. Сангийн бие даасан байдалд анхаарах шаардлагатай, төрийн оролцоо зөвхөн бодлогын түвшинд байвал үр дүнтэй. Үндэсний баялгийн сан эрсдэлтэй  хөрөнгө оруулалт хийх ёсгүй. Тиймээс уул уурхайн салбар, дотооддоо хөрөнгө оруулалт хийхийг хуулиар хязгаарлах нь зүйтэй.

-Үндэсний баялгийн сан мөнгөтэй байх үгүй нь уул уурхайн томоохон төслүүд нэмэгдэх эсэхээс шалтгаална гэсэн үг үү?
-Монгол Улсын Үндэсний баялгийн сангийн нийт үнэлгээг ойролцоогоор 10 тэрбум ам.доллар гэж тооцоолж болохоор байна. Энэ нь нэг хүнд 3000 орчим ам.доллар ногдоно гэсэн үг. Тэгвэл бидний үлгэрлэн харж байгаа Норвегийн сангийн үнэлгээ 1.6 триллион ам.доллар нэг хүнд 300 мянган ам.доллар ногдоно. Энэ тоо бидэнд эхлээд юу хийх ёстойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, сангаа арвижуулах нь хамгийн эхний чухал ажил.

-Тэгэхээр бид юу хийх ёстой вэ?
-Бэлэн байгаа төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Хэлэлцээрийн шатанд байгаа Зөөвч-Овоо зэрэг том төслийг урагшлуулж чадвал Үндэсний баялгийн сан үнэлгээгээ нэг тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой.  Цаашлаад уул уурхайн томоохон төслүүд тэр дундаа чухал ашигт малтмалын төслийн тоог нэмэгдүүлэх ёстой. Гаднын хөрөнгө оруулалтыг татаж хайгуулын ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. Сүүлийн 12 жил буюу 2012 оноос  бүтэн нэг үе геологи хайгуулын салбар уналтад орж зогссон.Тухайн үед жил бүр 100 сая ам.доллар зөвхөн хайгуулын салбараас орж ирж байсан гэж үзвэл 1.2 тэрбум ам.доллар олох боломжийг алджээ. Үүнийг даган мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажил зогссон. Энэ онд геологич мэргэжлээр ердөө гурван оюутан төгсөх гэж байна.

Хайгуулын салбарын хөрөнгө оруулалтыг даган геофизикийн компани онгоцтой болтлоо хөгжиж, олон улсын итгэмжлэгдсэн лабораториуд нээгдэж байсан бол өнөөдөр хоёрхон лаборатори ажиллаж байна.

Том ордыг нээж, эдийн засгийн эргэлтэд оруулахад 10-25 жил шаардлагатай гэж үзвэл дараагийн орд гарахад цаг хугацаа орох нь тодорхой. Засгийн газар энэ жилээс хайгуулын ажлыг нээлттэй болгох алхмуудыг хийж эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ зөвхөн процессын асуудлыг л хөндөөд байна. Уул уурхайн төслүүдэд нэг  бичигдээгүй дүрэм үйлчилдэг. Тэр нь юу вэ гэвэл хайгуулын ажлыг хэзээ ч уул уурхайн томчууд хийдэггүй. Гигантууд биш уул уурхайн жуниорууд энэ ажлыг хийж, төсөл болгон бойжуулж ашиглалтын шатанд нь хүлээлгэн өгдөг. Тэгэхээр хайгуулыг эрчимжүүлнэ гэдэг нь уул уурхайн жуниоруудыг дэмжиж тэднээр хайгуулын ажлыг өргөн хүрээтэй хийлгэх явдал юм. Ингэж байж бид дараагийн Оюутолгой, дараагийн Тавантолгойг нээж Үндэсний баялгийн сангаа арвижуулна.

-Цаашдаа том төслүүдэд төрийн оролцоо ямар байвал зохистой вэ. Одоо байгаа төслүүдээс авах сургамж юу байна? 
-УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор стратегийн ордуудыг баталсан. Харин хэдэн хувь эзэмшихийг тогтоох эрх нь Засгийн газарт хадгалагдаж байна. Нэг талаас харахад төр өөрийнхөө баялгаас илүү их хувь эзэмших таатай мэт. Магадгүй тухайн цаг үед ач холбогдолтой байсан байх. Оюутолгой дээр жишээ авч үзье. Монгол Улсын Засгийн газар  Оюутолгой ордын 34 хувийг эзэмшдэг. Ингэхдээ олсон ашгийн 34 хувийг бид авна гэсэн хүлээлттэй байдаг.

“Оюутолгой” ХХК-ийн хувийг эзэмшсэн нь одоогийн ярвигтай нөхцөл рүү аваачсан гэж хардаг. “Оюутолгой” ХХК бол олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулж байгаа компани учраас төслийн санхүүжилт, үйл ажиллагааны зардлаа өсгөчихөөр ногдол ашиг авах хугацаа нь хойшилчихдог.

Нэгэнт бид олборлогч компанийн гал тогоотой өдөр тутамд зууралдаж үйл ажиллагааны зардлыг хянаж чадахгүйгээс хойш заавал өнгөц 34 хувьтай зууралдах хэрэггүй мэт. Үүний оронд олон улсын жишгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хангалттай хэмжээнд авах нь зохистой юм. Төр хэр их хэмжээний хувьцаа эзэмшсэнээр биш хэдий хэмжээний татвараа тогтвортой авч чадах эсэхэд анхаарлаа хандуулах ёстой. Дахин хэлэхэд гарч байгаа зардлыг Монголын тал хянаж чадахгүйгээс хойш ашиг хүртэх нь хойшилсоор байх нь зүй ёсны хэрэг шүү дээ. Түүнчлэн төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, ил тод болгож, олон улсын зах зээл дээр хувьцааг арилжаалахад анхаарах нь зүйтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-04-12 45.117.35.3

Зүйтэй бнаа! Хувь эзэмшинэ гэдгийг ойлгохгүй бна. Тэгэхээр эзэн буюу өмчлөгч нөгөө талд нь эзэмшигч гэдэг ойлголтыг тодруулах ёстой!
Яг л газрын эзэн буюу өмчлөгч нөгөө талд тухайн газрыг хөгжүүлэхээр эсвэл түрээсээр эзэмшиж буй Талуудын харилцаатай үндсэндээ адилхан!
Төр аль болох ахиухан татвар авах, бүтээгдэхүүн хуваах зэргээр өмчийн эзэн баймаар бна! Тэрнээс биш эзэмшигч нь болчихсон, хөрөнгө мөнгө гаргах үүрэг хүлээчихсэн байвал эзэн биш эзэмшигч болчоод бна!!!

Avatar

Bold 2024-04-12 122.201.31.217

Зөв л хэлсэн байна. Одоо ирээдүйд үр дүнтэй байх, орлого нэмэгдүүлэх талаар ажиллах ёстой

Avatar

Нэргүй 2024-04-12 202.131.225.242

baylgiin san san geed l bdag nernees tsaahgui bishuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж