Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос өнөөдөр /2024.04.12/ цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр "Ер нь 13/А маягт нь лавлагаа шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдэд үзүүлэхийн тулд зөвшөөрөл олгож байгаа илгээх бичиг. Энэ нь хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Энэ маягтыг цахим болгосонтой холбоотойгоор эмнэлэг үзүүлэхгүйгээр утсаар холбогдож авна гэдэг хүсэлт их ирсэн учраас бид олгохоо зогсоосон. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд иргэд эмчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох эрхтэй. Тиймээс иргэд өөрөө эмнэлгээ сонгож үйлчлүүлэх эрхийг нээхээр 13/А маягтыг олгохоо зогсоосон. Одоо бол энэ маягтыг сэргээх талаар санал асуулга авч, судалгаа хийгээгүй.
Нөгөө талдаа сөрөг үр дагавар нь лавлагаа шатны эмнэлгүүдий ачаалал нэмэгдэж байгаа. Хувийн эмнэлгүүд иргэдэд үйлчилж байгаа учраас улсын эмнэлгийн ачаалал хэт хүндэрсэн асуудал гараагүй байгаа.
Зайлшгүй лавлагаа шатны эмнэлгээс тусламж үйлчилгээ авах ёстой иргэд 13/А маягт авах ёстой байсан. Ихэнх иргэд улс, аймгийн нэгдсэн эмнэлэгт хандах тохиолдол их байгаа. Одоогоор энэ маягтыг сэргээх талаар яриагүй байна. Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар өгдөг. Газар нутгийн хэмжээ, хүн амын тооноос хамаарч, зөвшөөрөл олгодог. Зарим алслагдсан дүүргүүдэд эмийн сан байхгүй ч газар байна. Нийслэлийн төв суурин газруудад замбараагүй зөвшөөрөл олгосон мөртлөө алслагдсан газруудад бага байгаа нь үнэн" гэв.
Холбоотой мэдээ