Ерөнхийлөгч Жо Байден АНУ-д Хятадын цахилгаан машины импортыг хориглох заалт гаргахыг уриалав. Түүнчлэн, Сенатын банкны хорооны дарга, сенат Шеррод Браун "Хятадын цахилгаан машинууд Америкийн автомашин үйлдвэрлэлд заналхийлж байна" гэж бичжээ. АНУ-ын ихэнх эрх баригч Жо Байдены санаачилгыг дэмжиж байгаа бол зарим нь импортын машинд өндөр татвар тогтоох нь зөв гэж үзэж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард Цагаан ордноос Хятадын цахилгаан машин АНУ-ын аюулгүй байдлыг зөрчиж байгаа эсэхийг шалгах мөрдлөг явуулж эхэлсэн байна.
Энэ талаар сенат Шеррод Браун өөрийн цахим хуудаснаа "Бид Хятадын засгийн газрын дэмжлэгтэй машинуудыг оруулж ирж, АНУ-ын автомашин үйлдвэрлэлд заналхийлж болохгүй" гэж бичсэн байна. Машин үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг Охайо мужийн Ардчилсан намаас сонгогдсон сенат Браун арваннэгдүгээр сард болох сонгуульд дөрөв дэх удаагаа төрийн эрхэнд гарахыг эрмэлзэж байгаа.
Жо Байден өнгөрсөн хоёрдугаар сард мөн адил Браунтай санал нийлж, Хятадын импорт ихсэх нь АНУ-ын автомашины зах зээл болон үндэсний аюулгүй байдалд халдана гэж үзсэн. Хятадад үйлдвэрлэсэн автомашины технологи нь "жолооч, зорчигчдынх нь талаар их хэмжээний нууц мэдээлэл цуглуулж чадна" гэсэн болгоомжлолоос үүдэн Вашингтон хориг тавьж магадгүй гэж Цагаан ордон мэдэгдэв. Мөн Хятадын машинууд "АНУ-ын дэд бүтцийн талаар нарийвчилсан мэдээллийг бүртгэхийн тулд камер, мэдрэгчээ тогтмол ашигладаг, чухал дэд бүтэцтэй шууд холбогдох; зайнаас жолоодох эсвэл идэвхгүй болгох боломжтой" гэж анхааруулав.
Мөн Америкийн томоохон агаарын тээврийн компаниуд АНУ-Хятадын хооронд шинээр нислэг үйлдэх зөвшөөрлийг зогсоохыг Пүрэв гаригт Байдены засаг захиргаанаас хүссэн байна.
Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен болон Тээврийн яамны нарийн бичгийн дарга Пит Бутигиег нарт илгээсэн захидалдаа тэд Хятадын “өрсөлдөөнийг сааруулах бодлого” АНУ-ын агаарын тээврийн компаниудыг хүнд байдалд оруулж байна гэжээ. Трампын засаг захиргаа 2018 онд Хятадын 360 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулснаас хойш дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг худалдааны дайнд түгжигдсэн. Бээжин хариу арга хэмжээ авч, АНУ-ын 110 тэрбум гаруй ам.долларын бүтээгдэхүүнд татвар ногдуулсан юм.
Эх сурвалж:BBC