Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын олимп, паралимпийг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.










ТОКИО-2020
2019 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 59 дүгээр тогтоол баталсан. Улмаар Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг тодорхойлохоор загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан.
Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Michel & Amazonka” ХХК-ийн ирүүлсэн загвар шалгарсан юм. Тус компани нь олимпийн нээлт, хаалтын ёслолын болон спортын хувцас үйлдвэрлэх эрх авсан. Мөн тамирчдын өдөр тутмын бэлтгэл сургуулилалтад зориулсан спортын хувцсыг Японы "Mizuno" брэнд бүрэн хариуцахаар гэрээ байгуулсан. Ийнхүү "Токио-2020" олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргахаар тооцоолж, “Токио олимп сан”-гаас санхүүжилтийг нь шийдвэрлэсэн аж.
"Michel & Amazonka" брэндийн хамт олон олимпийн эрх авсан тамирчдын үс засалт, нүүр будалт зэрэг дээр зөвлөгөө өгч, тамирчдаас биеийн хэмжээг нь авч тааруулан хийсэн ба бүрэн хэмжээгээр нь малгай, толгойн гоёл, гутал, оймс гэх мэт цогц байдлаар шийдсэн гэнэ.
Токиогийн олимпийн нээлтийн дараа Монголын ёслолын хувцсыг олон орны хэвлэл мэдээлэл онцолж байсан билээ.










РИО-2016
"Рио-2016" олимпийн наадамд Монголын баг тамирчдын өмссөн ёслолын хослолыг Шилмэл загвар компанийн дизайнер Д.Өнөболор урласан. Тухайн үед Ариунаа Сүри, н.Цэлмэг, Н.Үнэнбат, Д.Ариундэлгэр, Д.Өнөболор тэргүүтэй загвар зохион бүтээгчдийн дунд сонгон шалгаруулалт явагдаж, өмнө нь хоёр удаагийн олимпийн наадамд Монголын тамирчдын хувцас дээр ажилласан туршлагатай Д.Өнөболорын загвар шалгарсан юм. Мөн Японы "Asics" брэнд спорт хувцсыг хариуцан ажилласан билээ.
"Рио-2016" олимпийн наадмын ёслолын хувцасны урьдчилгаа 114,660,000 төгрөгийг Шилмэл загварт, олимпийн баг тамирчдын спортын хувцасны урьдчилгаа 135,844,580 төгрөгийг "Asics" компанид, олимпийн наадмын баг тамирчдын чемоданы 33.3 сая төгрөгийг "Мийт экспорт интернейшнл" компани руу тус тус шилжүүлжээ. Үүний дараа долдугаар сард ёслолын хослолын үлдэгдэл 39.1 сая төгрөгийг дахин "Шилмэл загвар" руу шилжүүлсэн аж.




ЛОНДОН-2012
"Лондон-2012" олимпийн наадамд Монголын баг тамирчдын өмссөн алтан шаргал хувцасны загварыг "Шилмэл загвар" компанийн дизайнер Б.Цогтгэрэл урлаж байжээ. Тухайн үед Б.Цогтгэрэл дизайнер “Алтны туяа ногоондуу шаргал өнгөтэй байдаг. Тийм учраас алтан медалийг бэлгэдэж завсрын шаргал өнгө сонгосон" гэж байв.
Б.Цогтгэрэл дизайнерын бүтээлийн нэгэн онцлог нь ороолтны загвар байсан бөгөөд төрийн далбааны улаан, цэнхэр, өнгийг хослуулсны зэрэгцээ дээр нь монгол хээ хатгасан билээ. Малгайны хувьд XX зууны эхэн үед дэлгэрч, эргээд тухайн зун моодонд орж байсан “Booter hat” загварыг сонгож байв.
Өмнө нь 11 удаа олимпийн наадамд оролцохдоо огт алтан шар хувцас өмсч үзээгүй Монголын баг, тамирчид 2008 оны Бээжингийн олимпод медалийнхаа өнгийг өөрчилнө хэмээн бэлгэдэж, шар өнгийг сонгосон. Бэлгэдэл ёсоор болж 2008 онд хос алтан медаль, ихэр мөнгөн медальтай ирсэн түүхтэй.
Холбоотой мэдээ