УИХ-ын 2024 оны сонгуульд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгтгэж, нэг тойрог болгож, 6 мандаттай болгож буй. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар Сүхбаатар дүүрэг 3, Чингэлтэй дүүрэг гурван мандаттай байсан бөгөөд тус тусдаа нэг тойрог байсан юм. Харин энэ удаад энэ хоёр тойргийг нэгтгэж байгаа ч мандатын тоон нь нэмээгүй.
XII тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг-6 мандат
МАН: Н.УЧРАЛ, О.НОМИНЧИМЭГ ЗЭРЭГ ШИНЭ НЭР ДЭВШИГЧДИЙГ СОЙНО
2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Сүхбаатар дүүрэгт Д.Цогтбаатар, Ц.Мөн-Оргил, Ц.Мөнхцэцэг нар нэр дэвшиж, ялалт байгуулсан. Элитүүдийн тойрог гэгддэг Сүхбаатар дүүрэг энэ жил МАН-ын даргаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал сонгодсон. Сонгинохайрхан дүүргээ орхиж, Сүхбаатар дүүргийн МАН-ыг удирдахаар ирсэн Н.Учрал XII тойргоо удирдаж орохоор бэлтгэж буй. 32, 33-аараа хуваагдсан МАН-ын үед Сүхбаатар дүүрэг 32-ын тал байсан бөгөөд 2020 оны сонгуульд ялсан ч орон нутгийн сонгуульд ялагдаж, одоо Сүхбаатар дүүргийг АН удирдаж буй. Тиймээс намаараа УИХ, орон нутгийн сонгуульд ялахын тулд Н.Учралыг Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар томилж, итгэл хүлээлгэж байгаа нь улс төрийн хувьд шинэ үеийн сэлгээ ч гэж харж болно. Тиймээс ч тус тойрогт ялалт байгуулсан гурван гишүүнээс энэ удаагийн сонгуульд Д.Цогтбаатар дахин нэр дэвшихээр бэлтгэж буй. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хувьд намын жагсаалтад орох битүүхэн бодол тээж яваа гэх яриа бий. Мөн түүнийг улс төрийн карьертаа цэг тавьж, олон улсын байгууллагад ажиллах зам мөрөө хэдийнэ тэгшилж, тохироогоо хийсэн гэх яриа ч бий. Тиймээс энэ удаад Сүхбаатар дүүрэгт Ц.Мөнх-Оргил нэр дэвшихгүй гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мөн сонгууль өнжиж, намын ажилдаа идэвхийлэхээр тохирсон гэх мэдээлэл бий. Сүхбаатарын МАН-ын шинэ дарга багаа бүрдүүлж, XII тойрогт шинэ нэр дэвшигчид сойж буй.
Тухайлбал, Н.Учрал "Jet sharing Mongolia" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашнямыг зүтгүүлж буй. Г.Дашням нь “Магнай трейд”-ийн Р.Ганзоригийн хүү бөгөөд Жи Мобайл компаниа удирддаг.
“Магнай трейд”-ийн Р.Ганзоригийг Хэнтий аймгийн гаралтай гэдгийг олон нийт сайн мэдэх биз ээ. Харин эмэгтэйчүүдийн квотоор Хотын даргын орлогч О.Номинчимэгийн нэр яригдаж буй. О.Номинчимэгийн хувьд өндөр боловсролтой, УИХ-ын Тамгын газрын дарга, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан, МАН-ын боловсролтой эмэгтэйчүүдийн нэг гэж тодорхойлж буй.
Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар нэр дэвшиж, сонгогдсон. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хувьд нүүрсний хулгайн асуудалтай холбогдож, гишүүнээсээ чөлөөлөгдөж, шүүхээс ял сонсоод байгаа бол Ж.Сүхбаатарын хувьд мөн ногоон автобусны хэргээр сайдаасаа огцорч, яллагдагчаар татагдаад буй. Тиймээс тэдний хувьд сонгууль, улс төрийн карьер нь дуусч буй гэхэд хол зөрөхгүй болов уу. Харин Чингэлтэй дүүргээс сонгогдсон М.Оюунчимэгийн хувьд энэ удаад тойрогтоо нэр дэвшинэ.
Түүнтэй хамт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нэр дэвшихээр бэлтгэгдэж байгаа. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус дүүргийн Засаг даргаар ажилласан, Чингэлтэй дүүргийн МАН-ын даргаар сонгогдсон байдаг.
Тиймээс ч түүнийг МАН энэ удаад нэр дэвшүүлнэ гэж буй.
АН: Б.ХУРЦ, Б.ЛАКШМИ НАРЫГ ДЭВШҮҮЛНЭ
2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас С.Эрдэнэболд, Р.Амаржаргал нар нэр дэвшиж байсан. Сүхбаатар дүүрэгт УИХ-ын сонгуульд МАН ялж, орон нутгийн сонгуульд АН ялсан учраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН тус дүүргийн удирдсан юм. Тиймээс ч энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас хүч хаяж, нэр дэвшигчдээ тодруулж буй гэх.
Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас ТЕГ-ын дарга асан Б.Хурц, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нарын нэрс яригдаж буй.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, АН-ын даргын зөвлөх Б.Хурцын хувьд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн бөгөөд сүүлийн хэдэн жил намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй. Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаярын хувьд намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намынхаа “эвлэрэлд” их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд ганцхан дүүрэгт АН ялсан бөгөөд тус дүүргийг Х.Болормаа удирдсан. Тиймээс ч түүнийг энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж эхэлсэн гэх. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Д.Бадарсан горилж буй.
Чингэлтэй дүүрэгт 2020 оны УИХ-ын сонгуульд Ц.Баатархүү, Р.Булгамаа, Г.Уянга нар нэр дэвшиж байсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Ц.Баатархүү мөн даагаа нэхэхээр бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Түүнтэй хамт Эдийн засагч Б.Лакшми эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвшихээр яригдаж байгаа аж. Мөн Чингэлтэй дүүрэгт УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн төрсөн ах Ж.Баяржавхлан нар горилж буй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ