Чоно борооноор, улстөрч дүйвээнээр гэж хэн нэгний зохиочихсон үг биш. Амьдралаас бий болсон “аффоризм”. Манай улстөрчид аль нэг дуулиан, шуугианы араар асуудлаа шургуулдаг, ашиг сонирхлоо амжуулдаг нь цөөнгүй.
Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг институци. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлыг хуралдаанаас алх цохисон шийдвэрийг давах эрх бүхий байгууллага, хүн байхгүй. Иймээс Үндсэн хуулийн дээр зөвхөн хөх тэнгэр бий гэж ярьдаг, бичдэг. Гэхдээ үнэндээ өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр биш ялсан намын ялсан дарга нар суудаг. Хэн эрх мэдэлтэй байна түүнд Үндсэн хуулийн цэц нь үйлчилж ирсэн.
Тиймээс 32 жилийн дараа Цэцийн тухай хуулийг шинэчлэх асуудал зөвхөн Цэцийн хэдэн гишүүний асуудал биш. Үндсэн хууль монгол хүний амьд явах эрх, Монголын ардчилал, тусгаар тогтнолын баталгаа гэвэл үүний манаач нь Үндсэн хуулийн Цэц. Нэг ёсондоо манаачийг манах тухай том сэдэв.
Атал сонгуулийн шуугиан, улс төрийн сэвээ, шаваан дундуур УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Цэцийг дотны найз бэлэглэх ажлыг чимээгүйхэн гүйцэтгэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын боловсруулсан Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга нийгмийн шаардлага уу, МАН-ын захиалга уу гэдэг нь асуултын тэмдэг. Тэр дундаа Ц.Мөнх-Оргилын санаачилгын цаад зорилго нь Цэц дэх алдаа, завхралыг арилгах хүсэл үү, аль эсвэл анд нөхөртөө албан тушаал бэлдэх ашиг сонирхол оров уу гэдэг нь мөн анхаарлын тэмдэг. Хууль санаачлагчийн зүгээс “Цэц улс төрийн нөлөөнд автахгүй байх бүх хаалтыг хийсэн” гэх товч, гоё тайлбарын ард “Үндсэн хуулийн цэцэд МАН өөрсдийн хүмүүсээ хийж цоожлоод, зургаан жилийн турш хөдөлгөхгүй байх хууль батлуулах гэж байна” гэх хуульч Х.Тэмүүжингийн хардлага ч байж болох үндэслэлтэй. Хуулийн төсөлд зааснаар Цэцийн гишүүнээр дээд тал нь 12 жил хүртэл ажиллах боломжтой аж. Үүнийгээ ч Цэцийн гишүүдийг томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үйлчилдэг болгох заалт гэж тодорхойлж буй. Тэр талаасаа зөв ч байж мэднэ. Үндсэн хуулийн цэц нэг хэсэг тэтгэврийн хөгшдийн цалинтай өдөр өнжүүлэх болж хувирсан нь худлаа биш. Сүүлийн үед улс төрд үе солигдсон биш Үндсэн хуулийн цэцэд ч үе солигдох болсон. Гээд өнгөлөн далдалсан заалтаар Үндсэн хуулийн манаачдыг МАН-ын мануухай болгож болохгүй.
Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц хоёр харилцан хяналт тавих ёстой субъектүүд. Хэрэвзээ, Ц.Мөнх-Оргил гишүүний санаачилсан хууль парламентын босго давбал цэц, шүүх хоёр хоорондоо цус ойртоно. Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Үүнээс гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог. Дээд шүүхээс санал болгохдоо нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, Улсын дээд шүүгчдийн нийт зөвөлгөөнөөс санал хурааж нэрийг нь УИХ-д хүргүүлдэг.
Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно гэсэн заалт бий.
Атал Ц.Мөнх-Оргил санаачилсан хуулийн төсөлдөө Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа 24 хүн дотроосоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллах хүний нэрийг өгдөг байх өөрчлөлтийг тусгасан. Үүнийгээ “Хүний үндсэн эрхийн маргааныг ҮХЦ-ээр хэлэлцдэг болох гэж байгаа учраас шүүхийн дадлага туршлагатай хүмүүс тэнд сууж нь зүйтэй” гэж хөөрхөн заль гаргаж байна. Хүний үндсэн эрхийн маргааныг шийдэхэд дадлага туршлага биш хүний эрхийн мэдрэмж чухал. Дадлага туршлага гэх нэрээрөөрийн найз Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэрийг Үндсэн хуулийн Цэцэд суулгах гэсэн өнгөлөг далдлалт. Ц.Мөнх-Оргил гишүүний Цэцийн тухай хуулийг шинэчлэх чин хүсэл нь ердөө энэ.
Ц.Мөнх-Оргилын төсөлд бас нэгэн дааль стандарттай заалт нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг гаргасан санаачилга, шийдвэртэй нь холбогдуулан гишүүн байх хугацаанд нь болон гишүүнээс больсон тохиолдолд хэрэг үүсгэж, мөрдөн шалгахыг хориглосон заалт оруулсан нь мөн л “хэний захиалга вэ” гэх хардлага төрүүлж байна.
УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар тэр ч бүү хэл Төрийн тэргүүн нар нь гаргасан санаачилга, шийдвэрээсээ болж хууль, шүүхийн хаалга татсан тохиолдол бий. Атал Монголын тусгаар тогтнолыг манаж яваа манаач нарт хаанч байхгүй хуулийн дааль стандарт бий болгох нь Ц.Мөнх-Оргилд өгсөн Цэцийн гишүүдийн захиалга байж болох уу. Би хардах бас асуух эрхтэй!
Холбоотой мэдээ