Украины хэд хэдэн бүс нутаг Пүрэв гаригийн өглөө Оросын пуужин болон нисгэгчгүй нисэх онгоцны цохилтод өртлөө. Агаарын цохилтын улмаас эрчим хүчний дэд бүтцэд гэмтэл учирч, Харьков мужийн 200 мянга гаруй иргэн тог цахилгаангүй болжээ. Харьков, Киев, Запорожье, Одесса, Львов мужууд агаарын цохилтод өртсөн. Энэхүү халдлагад 40 гаруй пуужин, 40 орчим довтолгооны нисгэгчгүй онгоц оролцжээ.
Украины ерөнхийлөгч Зеленский "Энэхүү халдлага нь агаарын довтолгооноос хамгаалах систем асар их хэрэгцээтэй байгаагийн баталгаа болж байна. Европ дахь хөршүүд, түншүүд харж байгаа байх. Хараагүй мэт царайлж, сунжирсан яриа хэлэлцээ хийх хэрэггүй" гэв.
Дашрамд дурдахад, Ойрхи Дорнодод ч мөргөлдөөн хурцадмал байдалтай байгаа тул иргэдээ тийш зорчихгүй байхыг ОХУ анхааруулжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ "Ойрхи Дорнодын бүс нутагт хурцадмал байдал үргэлжилсээр байна. Палестин-Израилийн мөргөлдөөний бүс, Ливан, Израилийн хоорондох Цэнхэр шугамын бүсэд байдал тогтворгүй хэвээр байна. Онц шаардлагагүй тохиолдолд Израиль, Ливан, Палестины нутаг дэвсгэрт зорчихгүй байна уу" гэв.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ