Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадоржоос Ардчилсан намын байр болон С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх талаар тодрууллаа.
Тэрбээр "С.Зориг агсны хөшөө Ардчилсан намын өмч биш. Энэ бол "Зориг сан" болон ард түмний өмч. Энэ хөшөөг үнэхээр нүүлгэн шилжүүлэх гэж байгаа бол хотын дарга Х.Нямбаатарыг "Зориг сан"-тай шууд холбогдохыг хүсч байна. Хоёрт, энэ хөшөөг Ардчилсан нам зараагүй. Бид хөшөөг зарах эрх мэдэлтэй субъект биш. Ардчилсан намын цэнхэр байранд манай намын Хэрэг эрхлэх газар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ байранд бид сар бүр түрээс төлж, байрладаг. Цэнхэр байрны үндсэн эзэмшигч нь 1990 оны Ардчилсан хувьсгалын гол оролцогч холбоодын нэг болох Шинэ дэвшилтэт холбоо байдаг.
Энэ холбоод бид сар бүр гэрээ байгуулж түрээс төлдөг. Тиймээс бид Х.Нямбаатар даргын гаргасан худал мэдээллийн дагуу "Шинэ дэвшилтэт холбоо"-гоос албан ёсоор тайлбар авахад "Бид энэ байрыг нурааж, дотроос нь Ардчилсан намыг гарган, барилга байшин барих асуудал худлаа" гэдгийг хэлсэн.
Харин Х.Нямбаатарын олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хүсэлт нь 2012 оных бөгөөд тухайн үед яриа төдий болж өнгөрсөн мэдээлэл байсан. Тухайн үед түүхэн дурсгалт барилга учраас нураахгүй байхаар цуцалсан байдаг. Одоо энэ газар дээр дахин шинэ барилга барих асуудал байхгүй. Хэрвээ энэ байшин "Голомт"-ын гэгддэг Д.Баясгалангийн нэр дээр байдаг бол тэр хүний данс руу түрээсийн мөнгө орох ёстой. Гэтэл бид сүүлийн 10 жил "Шинэ дэвшилтэт холбоо"-ны гүйцэтгэх захирал Н.Цэнгэл гэж хүнтэй харилцаж, гэрээ байгуулсан. Өчигдөр гэхэд Н.Цэнгэл эгчтэй уулзаж, ярилцсан. Хуучин мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье. Хотын дарга аа, та улс төр хийж болно. Гэхдээ ардчилсан Монгол Улсын хүн бүрийн хүндэлдэг С.Зориг агснаар улс төр хийхгүй байхыг хүсч байна" гэв.
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өмнө ярилцлага өгөхдөө "Ардчиллын өргөө барина гээд Н.Алтанхуяг намын дарга байх үедээ тэр байрыг зарж үрээд алга болсон. Одоо хууль шүүхийн байгууллагаас шалгаж байгаа. Шинэ дэвшил холбооны намын байр буюу бидний нэрлэдгээр “Муурын байшин” түүх соёлын дурсгалтай байр. Намайг 2017 онд намын дарга болоход “Голомт”-ын Д.Баясгалан уулзаж, “Энэ байрыг худалдаж авсан. Монголын үндэсний дэвшил нам болон Шинэ дэвшил холбооныхонтой яриад, газрыг худалдаж авсан. Хотын захиргаанаас бүх бичиг баримт нь миний нэр дээр гарсан. Энэ газар дээр 41 давхар үйлчилгээний зориулалттай барилга босгох гэж байна” гэж хэлсэн.
Би зөвшөөрөөгүй. Нэгдүгээрт, энэ байр түүх соёлын дурсгалтай барилга. Хоёрдугаарт, 200 гаруй мянган гишүүнтэй Ардчилсан нам байргүй, ганц үлдсэн байр нь энэ гэдгийг хэлсэн. Жилийн дараа дахин ийм санал тавихад би зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Энэ барилга Д.Баясгалангийн эзэмшил хэвээрээ юм билээ.
Гэхдээ түүх соёлын дурсгалтай барилга, С.Зориг агсны хөшөөг шилжүүлэх асуудал ярьж байгаа бол Ардчилсан нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Өмнө нь ч хоёр удаа боломжгүй гэдэг хариулт өгсөн" гэдгийг хэлж байсан юм.












Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ