Швейцарын засгийн газар зургаадугаар сард Украинд энх тайвныг тогтоох дээд хэмжээний бага хурлыг зохион байгуулна гэж мэдэгдлээ. Тус хурлыг Швейцарын төв хэсэгт орших Бургенсток амралтын газар болно гэж Лхагва гаригт мэдэгдэв. Бага хурлын зорилго нь энхийн үйл явцыг эхлүүлэх боломж, арга замыг хайх явдал гэж Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр бага хурлыг зохион байгуулж буй нь Украинд шударга, тогтвортой энх тайвныг тогтоохыг дэмжиж байгааг харуулж байна гэж онцолсон байна.
Швейцарын Гадаад хэргийн яам 120 гаруй орны удирдагчид болон бусад төлөөлөгчдийг урих төлөвтэй байна. Гэхдээ Украины асуудлаарх энэхүү хуралд Орос оролцох нь тодорхойгүй.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Бээжинд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзсаныхаа дараа Мягмар гаригт сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Оросын байр суурийг харгалзалгүйгээр олон улс хуралдах нь үр дүнгүй байх нь дамжиггүй гэдэгт Хятадын тал санал нийлнэ гэж Лавров хэлсэн. Украины хувьд Оросын цэргийг гаргаж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх 10 зүйл бүхий энхийн төлөвлөгөө бий. Өнгөрсөн сард Киевт холбогдох орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд албан бусаар хуралдсан ба Украин дээд хэмжээний бага хурлыг зургаадугаар сард зохион байгуулах саналыг Швейцарт тавьсан тухай ойрын эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж:NHK