Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг өнөөдөр /2024.04.11/ танилцууллаа.
Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1 хувь, 2025 онд зургаан хувиар өснө гэж Азийн хөгжлийн банкнаас тооцоолжээ. Тодруулбал, 2023 онд ашигт малтмалын олборлолт өсч, экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц сайжран, Монголын эдийн засаг эрчимтэй өссөн гэдгийг албаныхан онцлов.
Инфляцийн түвшин өмнөх оноос буурсан хэдий ч өндөр хэвээр байна.
Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа Оюу толгойн уурхай нь эдийн засгийн 2024, 2025 оны өсөлтөд гол түлхэц үзүүлнэ гэж таамаглаж байгааг танилцууллаа.
Азийн хөгжлийн банкны тайланд 2023 онд долоон хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1 хувиар өснө гэж тооцоолсон байна. Эдийн засгийн 2024 оны өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрслэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байна. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт хурдасч, зургаан хувьд хүрнэ гэж таамаглажээ.
"Монголын эдийн засаг 2023 онд маш сайн гүйцэтгэлтэй байсан бөгөөд энэ хандлага үргэлжилнэ гэж бид таамаглаж байна" гэдгийг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлсэн юм. Тэрбээр "Энэ оны дөрөвдүгээр сарын эхний байдлаар зургаан сая гаруй толгой мал хорогдсон, цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгааг харахад хөдөө аж ахуйн салбарт томоохон хохирол авчирч буй зудын гамшиг энэ оны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Энэ нь Монгол Улс уур амьсгалын чиглэлээр авсан амлалтуудаа биелүүлж, эрсдэлд тэсвэртэй байдлаа сайжруулахад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг сануулж байна. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд институцийн чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай" гэдгийг онцлон тэмдэглэв.
Инфляцийн түвшин 2024 онд долоон хувь, 2025 онд 6.8 хувь болж буурах төлөвтэй байгаа ч энэ нь өндөр үзүүлэлт хэвээр байна. Сүүлийн үеийн эдийн засгийн идэвхжил, эрчимтэй өсөлтийг дагаад импорт нэмэгдэх төлөвтэй байгаа тул 2023 онд ашигтай гарч байсан төлбөрийн урсгал дансны тэнцэл 2024, 2025 онд эргээд алдагдалтай болох төлөвтэй байна.
Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэл нь хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль цаг уурын гамшиг, Хятад улсын нүүрсний импортын эрэлт саарах, экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ буурах зэрэг болно. Харин түүхий эдийн үнэ өсөх, нүүрсний борлуулалт нэмэгдэх, Оюу толгойн уурхайн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх зэрэг нь төсөөллийг өсгөх магадлалтай гэсэн юм.
Т.Хуншагай
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ