"Өрсөлдөгчөө намнах зорилгоор сонсгол хийж, дарга нь мөрдөгч шиг аашилсан"

Live"Өрсөлдөгчөө намнах зорилгоор сонсгол хийж, дарга нь мөрдөгч шиг аашилсан"

"Өрсөлдөгчөө намнах зорилгоор сонсгол хийж, дарга нь мөрдөгч шиг аашилсан"
18 : 40
2024-4-11

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шалгах Түр хороо байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд санаачилсан байна.

Хуулийн этгээдэд хуульд тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон, зохих төлбөр, татвар ногдуулсан, хураасан эсэхийг шалгах шаардлагыг харгалзан УИХ-ын хянан шалгах түр хороо нь  Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр  төсөлд тусгажээ. Хянан шалгах түр хороо нь ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг бүртгэх үйл ажиллагаа; тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа гэсэн дөрвөн хүрээнд шалгалт хийх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллахаар төсөлд тусгасан байна. Гэхдээ эл асуудлаар санал хурааж чадсангүй, маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэхээр боллоо. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

 

 

18 : 20
2024-4-11

Ш.Адьшаа: Өрсөлдөгчөө намнах зорилгоор сонсгол зохион байгуулr, дарга нь мөрдөгч шиг аашилсан

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Түр хороо байгуулахад цөөнхийн бүлгээс даргална гэдэг буруу биш. Гэтэл хуулийн төсөлд асуудлаас шалтгаалаад олонхи, цөөнхийн аль нэг нь дарга болно гэж заасан нь буруу. Тодорхой болгох ёстой. Хяналтын ерөнхий сонсголыг гадаад орны жишиг рүү оруулах хэрэгтэй. Хяналтын ерөнхий сонсголыг ямар асуудлаар хийх юм, тусад нь хороо байгуулж хийх юм уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай.  

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Ард түмний мэдэх эрхийн хүрээнд хууль тогтоох байгууллага мэдээлэл өгөх зорилгоор Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Олон Түр хороо байгуулж хяналт шалгалт явуулсан. Энэний үр дүн юу болов. Тодорхой бодлоготой, тодорхой хуулийн хүрээнд өөрчлөлт хийх ёстой. Сонсголоос үр дүн ихийг хүлээж байсна. Гэтэл сонсгол даргалсан хүмүүс өөрсдийгөө мөрдөгч гэж ойлгосон. 1937 оны онцгой бүрэн эрхт комисс шиг л юм болсон. Хөгжлийн банк, нүүрсний сонсголын үр дүн юу болсон бэ гэдгийг бид бүгдээрээ харж байгаа.  Сонсголыг тодорхой зорилгоор явуулах муухай жишгийг энэ УИХ тогтоосон.

Өөрсдийнхөө намын зөрчилтэй, улс төрийн өш хонзон авах  зорилготой хүмүүсийг тодорхой зорилгоор ялладаг,  сөрөг хүчнийг хамаатуулахыг оролддог, том гэмт хэргүүдийг дардаг, жижиг зүйлийг том болгож харуулдаг жүжиг болгож болохгүй.

УИХ дээр авчирч шүүдэг, цагддаг, мөрддөг байдлаар шийдвэл төрийн эрх барих дээд байгууллага, төрийн эрх мэдлийн хуваарилалт чинь юу болох вэ гэдгийг бүгдээрээ харсан. УИХ өөртөө мөрддөг шалгадаг ийм байгууллага байна гэж ард түмэндээ харуулахыг оролдоод эсрэгээрээ хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндийг ямар төвшинд аваачсан бэ гэдгийг бодох ётсой.  Өнөөдөр ямар төвшинд очсон бэ. Энэ хуулиар ямар асуудлыг шийдэх юм бэ гэдэг дээр шийдэл гаргах ёстой.  

Олон том асуудал гарлаа гээд хууль хүчний байгууллага руу шилжүүллээ гэдэг асуудал гарсан. УИХ дээр яригдсан асуудал шүүхийн нотлох баримт болох юм уу. Шинжээч нарын дүгнэлт нотлох баримт болох уу. Хуурамч нотлох баримт гаргасны хариуцлагыг хэн хүлээх вэ, эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шийтгэх юм уу. Хуучин нотлох баримт маш их гарсан. Оффтейк гэрээ  зэргийн хариуцлагыг хэн хүлээх юм.  

УИХ -ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэдэг хуулийн хүрээнд  үндэслээд худлаа ярьсан асуудлууд ч бий.

Хуулийн төслөөр санал хураах ёстой байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс хурааж чадсангүй. 

17 : 34
2024-4-11

Шүүх дээр байгаа эрүүгийн хэрэг дээр Түр хороо байгуулж, сонсгол хийхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Түр хороо тайлангаа тавьснаар татан буугдана гэдэг. Түр хороо байгуулаад ажиллаад байдаг, үр дүн нь юу байсан бэ гэж иргэд асуудаг. Хариуцлага тооцох механизм байна уу гэж асуудаг.

Улсад хохирол учирсны дараа Түр хороо байгуулаад байгаа. Заавал хохирол үүссэний дараа биш түүнээс өмнө Түр хороо яагаад байгуулж болохгүй байна вэ. Гэрч гадаадад улсад байж байгаад Монголд ирж мэдүүлэг өгөх бол зардлыг нь төр даах нь.  

Хуулийн төслийг боловсруулсан, УИХ-ын гишүүн Н.Энхболд:  

-УИХ хянан шалгах асуудал хийх ёстой юм уу, үгүй юм уу гэдэг асуудал тавигдаж байна. Асуудал аль хэдийнэ шийдэгдсэн, Үндсэн хуулиар онцгой бүрэн эрх авсан. Хэрэгжүүлэх ажил тийм ч хангалттай байж чадахгүй явж ирснийг энэ УИХ эхлүүлсэн. Үндсэн хуулийхаа дангуу  баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих гол үүргээ биелүүлж яваа.

Ажлын хэсгийн гишүүн н.Үнэнбат:

-Гэрч, хянан шинжээч сонгохтой холботой зохицуулалтыг нарийн тусгасан. Тухайлбал,  Түр хорооны хянан шалгагчийг сонгохдоо сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх гэхчлэн хянан шалгалгачтай холбогдох харилцааг нарийн зааж өгсөн.

Гэрчийг хэрхэн дуудах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрч сонсголд ирээгүй бол хууль хяналтын байгууллагад өгч хэрхэн шалгуулах вэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт юуг хэлэх вэ гэдгийг зааж өгсөн. Ингэснээр тухайн сонсголтой холбоотой оролцогчийн эрх үүргийг нарийн тодорхойлсноос гадна хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрч ирээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хариуцлага тооцохоор заасан.

Хуулийн төслийг боловсруулсан, УИХ-ын гишүүн Н.Энхболд:  

-Хэнийг гэрчээр дуудахаа Түр хороо шийднэ. Тэр хүнд ийм сэдвээр мэдүүлэг авна гээд болох өдөр он сар, өдөр цагийг хэлнэ.  Та тийм эрхтэй, үүрэгтэй шүү гэдэг зарыг хүргээд дууддаг. Хянан шалгагч нарыг Түр хороонд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар тодорхой болзол  шаардлага хангаж байгаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилгүй, мэргэжлийнхээ чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх зэрэг шаардлагыг хангасан хүн байна. Хэрэв худал мэдээлэл өгсөн, буруу зөрүү дүгнэлт гаргуулсан бол Зөрчлийн тухай хуулиар , цаашлаад Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалт оруулсан.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

-Өмнөх практикаас харахад Нүүрсний түр хороон дээр хянан шалгагчаар томилогдсон эрх бүхий этгээд хамаарал бүхий нөхцөл байдал илэрлээ гээд эрхийг нь түдгэлзүүлэх асуудал гарсан. Нууцын мэдээллийг бүхэлд нь авсны дараа би хамаарал бүхий болчихлоо гээд энэ ажлаа өгтье гээд өргөдөл гаргадаг. Тухайн ажилласан хугацааных нь цалинг оруулахаас гадна хариуцлагын асуудлыг хэрхэн тусгах вэ. Хянан шалгагчаар ажиллахаас татгалздагийг яаж зохицуулах вэ. Мөн гэрч өмгөөлөгчөө ирүүлээд өөрөө ирдэггүйг яах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Парламент өнгөрсөн 30 жил хууль үйлдвэрлэх ажил хийсэн. Хуулийн гүйцэтгэл биелэлт хангалтгүй явж ирсэн.  Хуулийнхаа араас гүйцэтгэлд хяналт тавьдаг асуудал орхигдсон байсан. Харин хууль батлагдсан учраас нүүрсний сонсгол хийсэн, Хөгжлийн банкны сонсгол хийсэн.

Парламент  хууль үйлдвэрлэдэг, амьдрал дээр яаж байна вэ гэдгийг хянан шалгадаг дэлхийн жишиг болсон арга хэрэгслийг зүгшрүүлэх  эхний оролдлогыг хийсэн.

Одоо харин шүүх дээр байгаа эрүүгийн хэрэг маргаан дээр Түр хороо байгуулахгүй гэдэг тэр асуудлыг эргэж ярих ёстой.  Яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлсэнэрүүгийн  хэрэг хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй бол Түр хороо байгуулах хэрэггүй. Дэлхийн улс орнууд удчихсан асуудал дээр Түр хороо байгуулдаг.

Хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй бол Түр хороо байгуулахгүй байх хэрэгтэй. Хугацаа зааж өгөх. Зургаан сар болоогүй байхад зэрэгцээд Түр хороо байгуулж байгаа нь буруу. Адилхан мөрдлөгө хийх гээд байгаа юм уу, шүүгч хийх гээд байгаа юм уу болчихож байгаа.

Хуулийн төслийг боловсруулсан, УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Ажлын хэсэг гарна. Ж.Сүхбаатар гишүүн ажлын хэсэгт ороод ажиллаасай гэж бодож байгаа. Яагаад энэ асуудлыг тусгаагүй вэ гэхээр нийгмийн сэтгэлгээ, дуулиантай хэрэгт хандах хандлага, тойрч хийж байгаа улс төр зэргээс болгоомжилсон зүйлүүд бий.  Тэр үүднээс эрүүгийн хэрэг үүсгэчихээд байгаа хэрэг дээр сонсгол хийхгүй гэсэн агуулгаар заалт орсон. Ужгираад дарах гээд нуух гээд байгаа нь ойлгомжтой болсон хэрэг дээр хугацаа тавиад сонсгол хийж болно гээд томъёолоод оруулаад ирвэл болохгүй зүйлгүй.

16 : 05
2024-4-11

УИХ: Түр хороо 31 хүртэл гишүүнтэй байхаар заажээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Энхболд хийлээ. 

Энэхүү төсөлд үүрэг чиглэл өгсөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх тайланг Засгийн газар хагас жил тутамд УИХ-д ирүүлдэг хэдий ч Байнгын хороод хэлэлцдэггүй, хугацаа тодорхой биш, хэзээ, хэрхэн хэлэлцэхийг хуульчлаагүй, тайлан нь зөвхөн үүрэг, чиглэл өгсөн заалтаар хязгаарладаг зэргээс хуулийн хэрэгжилтэд УИХ хяналт тавих үр нөлөөтэй арга механизм болж чадаагүй байна. Иймд УИХ-ын шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож хэлэлцэх, УИХ-аас хууль, тогтоолоор үүрэг, чиглэл өгсөн шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож, хэлэлцдэг байнгын шинжтэй механизмыг бий болгоно гэж үзжээ.

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосонтой уялдуулан сонсгол явуулах хүсэлт гаргах гишүүний тоо 9 байсныг 15 болгон өөрчилж, Түр хорооны бүрэлдэхүүнийг 7-31 гишүүнтэй байхаар заасан байна.          

Мөн УИХ-ын хяналт шалгалтын цаглаварыг тогтоолоор батлах, ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэх асуудлын нэгэн адил агуулга, хүчин чадлыг авч үзэж, холбогдох өөрчлөлтийг тусгажээ.    

 

14 : 53
2024-4-11

Б.Пүрэвдорж: Иргэдийн дуу хоолой болох ёстой, хаалгана гэж байхгүй тэмцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга” –ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, төсөл санаачлагчаас хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-УИХ 126 гишүүнтэй болоход замбараагүй болно, 76 байхдаа ийм байгаа юм чинь.  Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалдаг зүйлийг хаагаад хууль тогтоож, иргэд олон нийтийг төлөөлдөг л байгаасай.  Энэ парламент саналыг хүлээж аваасай гэж бодож байна. УИХ-ын 126 гишүүн холимог тогтолцоогоор сонгогдоно. Орон нутгаас сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллахаар хэлж ярих зүйл их гардаг. Хэлж ярих эрхийг нь хаах хэрэг байна уу. Хоёр тогтолцоондоо тохирсон өөрчлөлт хийж болох уу. Амьдрал дээр хуулийг хэрэгжүүлэх ч хэцүү байх хэцүү юм их гардаг. Хэрэгжүүлэхгүй болохоор хэрэгт орчих гээд, хэрэгжүүлэх гэхээр утгагүй юм байгаад байдаг.

Хуулийн төслийг боловсруулсан, УИХ-ын гишүүн Н.Энхболд:  

-С.Одонтуяа гишүүний хэлсэнтэй адил санал байна. УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд оролцох үеэр биш бүхий л үйл ажлилагаанд оролцох бүхий л үеэрээ авлига гэж үзэж болох үйлдлүүд гаргадаггүй байх тухай томъёоллоо гаргаад явахад дэмжээд явахад бэлэн. Зарчмын зөрүүтэй санал гаргаад явахад хууль санаачлагчийн хувьд татгалзах зүйл байхгүй.  Үг хэлэх хугацааны хувьд бодлогын цөм болсон бүлэг дээрээ төвлөрүүлж ярихгүй бол 126 гишүүн бүгдээрээ цаг авч ярьдаг болбол УИХ-ын ажил цаг их алдах болов уу гэдэг үүднээс авсан суудлынх нь цагтай уялдуулаад гишүүн үг хэлж, ярьж байхаар зохицуулсан. Одоо ч гэсэн аливаа  хууль хэлэлцэхэд 76 –уулаа үг хэлдэггүй, хэлье гэсэн нь санаа зовсон асуудлаараа ярьдаг. Байнгын хороон дээр ярих чөлөөтэй, бүлэг дээрээ ярих зэрэг нь чөлөөтэй. Бүлэг л асуудлаа зангидаад бодлого болгоод оруулаад ирвэл ийм зарчмаар явах нь зөв болов уу гэж оруулж ирсэн. Ингэхгүй одоогийнхоороо явна гэвэл санал хураалтаар шийдээд явах боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Та нар ард түмэн дээр очоод сонгогдох болохоор ард түмнийхээ дуу хоолой болж ажиллана гэж сонгогдчихоод, Дэгийн тухай хуулиар ард түмний дуу хоолой болж ажиллахыг хасах нь. Хууль батлах бол бидний нэг л үүрэг. Гүйцэтгэх засаглалд чиглэл өгөх ажлыг тодорхой хэмжээгээр хийх ёстой.  Ж.Сүхбаатар гишүүн хэлээд байгаа. “Таны УИХ дээр сум, багийн иргэний үгийг хэлдэг чинь УИХ -ын гишүүний үндсэн ажлаа хийж байгаа нэг ажил” гэж зөвлөөд байгаа. Энэ боломжийг хаана гэдэг, хүмүүсийн үгийг дамжуулахгүй юм бол иргэдтэй уулзаад яах юм. УИХ төрийн бодлогыг тодорхойлдог газар.

Тойрог томссон, ард иргэдтэйгээ уулзалт хийх явцад цахимаар оролцох боломжийг олгох ёстой.  Иргэдийн дуу хоолой болох зохицуулалтыг хаалгана гэж байхгүй, тэмцэнэ.

Хуулийн төслөөр санал хураах гэсэн боловч гишүүдийн ирц хангалттай бус байсан тул санал хурааж чадсангүй.

Иймээс Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ -ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж эхэллээ. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Энхболд хийлээ.

Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-д УИХ-ын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх, санал хураах журам, хугацаанд холбогдох өөрчлөлтийг оруулж, хуулийн төсөл хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг УИХ-д авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилахаар тусгасан байна.

Мөн дэг тогтоох олон улсын жишигт нийцсэн мэтгэлцээний зарчмыг тусгаж, нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн үе шатуудыг мэтгэлцэх зарчмаар явуулах зохицуулалтыг тусгасан байна.

Хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үе шатны зохицуулалтыг боловсронгуй болгож, Чуулганы хуралдааны тов, дарааллыг тогтоох, түүнийг гишүүдэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхойлж, хуулийн төслийг хэлэлцэх дарааллыг тогтоохдоо түүнийг өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан үздэг байх. УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг буцаах зохицуулалтыг тусгажээ.

УИХ-ын Тамгын газраас холбогдох Байнгын хороо хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахын өмнө хууль, тогтоолын төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх, тухайн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх, хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд шаардлагатай бүх хууль, зүйл, хэсэг, заалтыг хамааруулсан эсэх зэрэг асуудлаар хууль зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг байх. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй хуулийн төслийг тодорхой хугацааны дотор дахин өргөн мэдүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан аж.

Мөн Байнгын хороонд хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал, дүгнэлт гаргах боломжийг нээн өгч, УИХ-д өргөн мэдүүлсэн хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах, ингэхдээ олон улсын гэрээтэй хамт бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хамтатган хэлэлцэж, олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөл, бусад хууль тогтоомжийн төслийн уялдааг хангасны үндсэн дээр хамтад нь эцэслэн батлах зэрэг зохицуулалтыг тусгажээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэх үеэр "Тойргоос сонгогдсон гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлаж болохгүй. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн үгийг хязгаарлах зохицуулалт хийх хэрэгтэй" гэдэг саналыг түлхүү илэрхийллээ. 

Улмаар санал хураахад Монгол Улсын Их хурлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийг гишүүдийн 55.8 хувь нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийг гишүүдийн 57.1 хувь нь  хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.  Иймээс дээрх хоёр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/-ийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. 

13 : 29
2024-4-11

С.Одонтуяа: УИХ-ын сонгуулиар дөрвөн аймагт 40 тэрбумыг тараана гэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга” –ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, төсөл санаачлагчаас хариулт авав.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:  

-Хуулийн төсөлд “УИХ ын гишүүн нь бүрэн эрхийн хугацаандаа иргэд сонгогчиддоо эд зүйл тараах, аливаа хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэж оруулах ётсой. УИХ -ын гишүүд дөрвөн жилийнхээ гуравт нь сонгогчиддоо ул боов, чихэр жимс тараадаг. Энийгээ болимоор байна. Тайлангаасаа өөр ямар нэг эд зүйлс тараахгүй л байх хэрэгтэй. Монгол Улс авлигын индексээрээ пуужиндаж байна. 

УИХ-ын гишүүн сонгогчдынхоо талд 30 мянган төгрөгийн ул боов тараахад, зарим нь 30 мянгаас 100 мянган төгрөгийн эд зүйл тараадаг. Сонгогчдынхоо талд тараахад 75-150 тэрбум.  УИХ-ын гишүүний цалингаас давсан орлого. Энэ бол авлига нэмэгдүүлж байгаа эх үүсвэр.

Ард иргэдтэй уулзахаар сонгогчдын боловсрол өндөр болсон байна. “Баярын арга хэмжээ хийх гээд хэрэггүй, тэтгэврийн шинэчлэлээ хий, үнийн хөөрөгдлөө зогсоо. Дүүргийн жижиг ажилтай нарыг зовоохгүй, улсаа хөгжүүлэх үндсэн ажлаа хийгээч ээ” гэж зөвлөж байна.  Зарим УИХ-ын гишүүн чуулгандаа суудаггүй, нэг ч төсөл санаачилдаггүй, хуулийн хэрэгжилтэд анхаардаггүй. Юм л тараадаг. Тойрог томсохоор бэлэг сэлт тараах нь багассан болов уу гэтэл дөрвөн аймагт 40 тэрбумыг тараана гэж байна. Тиймээс бэлэг сэлт тараадгийг хориглох заалтыг заавал оруулах ёстой. Хоёрт, Агаарын бохирдлын түр хороог яагаад байхгүй болгов?

Хуулийн төслийг боловсруулсан, УИХ-ын гишүүн Н.Энхболд:  

-Гишүүд бэлэг сэлт тараахыг хориглоно гээд томъёолоод оруулаад ирвэл эсэргүүцэх зүйл байхгүй. Бүх л УИХ-ын тухай хуульд хурал тасалж болохгүй, хууль санаачлах, хуралдаа оролцох  шүү гэж заасан байгаа. Агаарын бохирдлын тухай дэд хороог гишүүдийн олонхийн саналаар байгуулах боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Хуулийн төсөлд гишүүний үг хэлэх эрхийг нь хязгаарлах заалт орж ирж байна. Сүүлийн үед цөөнхдөө  хүндэтгэлгүй хандах, тэдний өргөн барьсан хууль журмын дагуу явж байгаа юмыг хааж боох асуудал хэрээс хэтэрлээ. УИХ ын дэгийн тухай хуулийн төсөл санаачлаад өгсөн. Хоёр сар хэрээтэй өргөн барих товыг нь гаргаж өгөхгүй явж болдог юм уу. Хуулийн төсөл УИХ-д өргөн барих товыг нь хүртэл тогтоож өгөхгүй байна. Хуулийн төсөлд сөрөг хүчин нь үгээ хэлдэг,  хуулийн төслөө санаачилдаг асуудлыг зааж өгмөөр байна.

Эрх баригч хүчин нь хувийн үзэмжээр  сөрөг хүчиндээ хандаад байвал ард иргэдийн хүсч байгаа зүйлийг яаж хуулийн төсөлд тусгах юм.

Хуулийн төслийг боловсруулсан, УИХ-ын гишүүн Н.Энхболд:  

-Ц.Туваан гишүүн ээ улстөржөөд цөөнхийн үг хэлэх эрхийг өөр болголоо гэж ярьж болохгүй. Төсөлд ямар зохицуулалт байгаа вэ гэхээр аливаа хууль, шийдвэрийн төслийг хэлэлцэх цагаа гаргая. Ингэхдээ УИХ-д хэдэн суудал авсан байна түүнд нь пропорцолж цаг олгоё. Бүлгүүд дотроо асуудлаа яриад цөөнхөө хүндэтгээд олонхийн шийдвэр гарч байх үүднээс энэ бүх зүйлийг хийсэн. Үгийг нь огт хязгаарлаад байгаа юм байхгүй. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулж өгөх байх, тэр үед саналаа оруулаад яв.

Цөөнхийг хязгаарлах зорилгоор хуулийг боловсруулаагүй.  Шинэ парламентад хэн нь цөөнх болж, хэн нь олонхи болохыг урьдчилан мэдэх боломжгүй шүү дээ.

Цайны цаг болсон тул УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулаад байна.

 

 

 

12 : 50
2024-4-11

126 гишүүн сонгогдох парламентын дэг жаягийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга” –ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын нэрийн жагсаалтаар сонгоно гэж заасан тул УИХ-ын тухай хуулийг түүнд нийцүүлэн шинэчлэх шаардлага үүссэн юм.

Иймд УИХ дараах Байнгын хороотой байхаар төсөлд тусгагджээ. Үүнд:

  1. Аж үйлдвэржилтийн бодлогын;
  2. Аюулгүй байдал, гадаад бодлогын;
  3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;
  4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;
  5. Ёс зүй, дэгийн;
  6. Инновац, цахим бодлогын;
  7. Нийгмийн бодлогын;
  8. Төрийн байгуулалтын;
  9. Төсвийн;
  10. Хууль зүйн;
  11. Эдийн засгийн.

Байнгын хорооны бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж 25 хүртэл гишүүнтэй байхаар, ингэхдээ нэг гишүүн хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдахаар тусгасан байна. Гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн ажлын зааг ялгааг тодруулах зарим зохицуулалтыг шинээр оруулжээ. Тухайлбал, УИХ-ын дарга болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдахаар, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүний хувьд эрхлэх асуудал нь хамаарах салбарын Байнгын хороонд харьяалагдахгүй байхаар төсөлд тусгажээ. Түүнчлэн нэг Байнгын хороонд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй байхаар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн нь Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй байх зохицуулалт төсөлд тусгасан байна.

Мөн Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болох бөгөөд дэд хорооны гол үүрэг нь хяналт шалгалтын ажил байхаар төсөлд тусгажээ. Тусгай хяналтын, Төсвийн зарлагын хяналтын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн, Тогтвортой хөгжлийн дэд хороог хуулиар байгуулахаар, бусад дэд хороог Байнгын хорооны саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгуулахаар төсөлд тусгажээ. Хянан шалгах түр хорооны зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд түр хороог байгуулах хугацаа, байгуулж болохгүй нөхцөл, төсвийн харилцааг зохицуулахаар төсөлд шинэ зохицуулалт нэмжээ.

 

12 : 19
2024-4-11

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж байна

Байнгын хороод хуралдахтай холбогдуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нэг цагийг хугацаатай завсарлуулаад байсан ч дуусав. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан юм.

Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 56
2024-4-11

Д.Ганбат: Монголын хамгийн том хулгайч нарыг МАН ивээлдээ авч байна

Чуулганы хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Монголын ард иргэдээ хямд хүнсээр хангах нь төрийн үүрэг юм.  Энэ үүргээ биелүүлэх ёстой. Импортын гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх асуудлыг ярьсаар байгаад таван сар боллоо.

Импортын гурилын гаалийн татварыг тэглэж,  хямд үнэтэй гурил тэжээлээр хангах гэхээр том бүлэглэлийн эрх ашиг орж ирж, монголчуудынхаа эрх ашгийн эсрэг ажиллаж, Монголын төрийг эзэлсэн асуудалдаа хэзээ бид дүгнэлт хийх вэ.

Монголын банк санхүүгийн байгууллага банкны хүүгээр сорон мөлждөг, гадаадын банк орж ирэх гэхээр үндэсний аюулгүй байдал гэдэг систем ярьсаар байгаад Монголын төр өмнө нь сөхөрч байна. Хямд үнэтэй гурил оруулж ирье гэхээр үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах гэж байна, дотоодын үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх гэж байна гэж худал мэдэлэл тарааж нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашгийг хангаж байна.

Ингэж байсаар УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах нь.  Импортын гурил, тэжээлийг Гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч ирж, шийдлээ гаргаач ээ. Хэдий болтол муур хулгана болж тоглох юм бэ? .

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-УИХ-аар хэлэлцэх чухал асуудал олон байхад гишүүд хуралдаа суухгүйгээс Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна. Тэгсэн хэрнээ хүний тойргоор өлмөн зөлмөн царайлаад явах юм. Өвөрхангай аймаг манай аавын нутаг. Сав сааль тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж бодож хүлээж байгаа байх.  Хоёр асуудлыг анхаарах шаардлагатай байна.  С.Зориг агсны асуудал байна. Амь насаа алдаад 26 жил болжээ. Сонгууль дөхөхөөр л эрх баригч нам хэргийг нь илрүүлнэ гэж ярьдаг, гэвч өнөөдрийг хүртэл эцэслэж чадсангүй.  Ар гэрийнх нь ч хүсдэг хэргийг нь нууцаас гаргаж, олон улсын мөрдөгч авч ирж, хэргийг нь шалгуулах хэрэгтэй.  

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан парламентын дэд дарга байсан хүн. Хэн тэр хүнийг тангаргын буг гэдэг байлаа, хэн тийм нэвтрүүлэг цацдаг байлаа.  Энэ хэрэг дээр мөн олон улсын мөрдөгч авч ирж ажиллуулах ёстой. Дараа дараагийн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй гэх баталгаа алга.  

Монголын хамгийн том хулгайч нарыг МАН, удирдлага нь ивээлдээ авдаг.  Хамгийн том хулгайч нартайгаа тэмцэхгүй байгаа МАН жижиг том авлигачидтайгаа тэмцэхээр нөгөөдүүл нь хэлж байна.

Хэдэн арваараа авлигад ороогдсон. Шүүх дээр очоод 40 сая төгрөгөөр л торгуулдаг. Шүүх хууль хяналтын байгуулага нь дохио зангаагаар ажилладаг.

Хүүхдэд ээлгүй Засгийн газар, харанхуй засаг.

2017 онд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллэл үйлдэхийг өөгшүүлсэн хууль баталсан. Үүнээс болж, 12, 13 настай хүүхдийн амь насыг бүрэлгэдэг. хүчирхийлдэг хэрэг удаа дараа гарч байна. Саяхан өөрийгөө хамгаалах чадваргүй, хүүхдийг хамгаалах ёстой цагдаагийн дөрвөн албан хаагч бүтэн жил бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн гэж хэвлэлээр ярьж байна. Та нарын хүүхдийг ингэвэл яах вэ. Яасан хүйтэн хөндий сэтгэлтэй муухай хүмүүс вэ. Ийм засаг төр, парламент  байж болохгүй. Засгийн газар өчигдөр хуралдлаа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргах болов уу гэтэл тэгсэнгүй. Хэрэв Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол ийм гэмт хэрэг гарахгүй.

Үүний дараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гишүүдээс санал хураахад 60 гаруй хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталж, цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 2018 онд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 4 дэх удаа сунгасан. Уг өөрчлөлтийн үр дүнд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг; улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульчилсан. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд олон иргэн цагаатгуулах тухай гомдол гарган, материал бүрдүүлэн өгч, цагаатгагдаж, нөхөх олговор авсан байна. Хуулийн төслөөр цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгохоор тусгасан юм. 

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нэг цагийн хугацаатай түр завсарлуулаад байна. Энэ хооронд хоёр байнгын хороо хуралдах аж.

 

10 : 20
2024-4-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.04.11/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-11 192.82.92.42

Мянга мянгаар нь ордонд цуглуулж хурал,форум нэрээр цунх тарааж, ямар ч ур дунгуй их херенге, цаг барсан сонгуулийн бэлтгэл хийж байгаа НАМ ичээчээ!!!

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: ТАРИАЛАНЧДЫН ЧИНЬ ТОЛГОЙД БУУДАЙ БИШ, ШАР БУУРЦАГ ТАРЪЯ ГЭСЭН БОДОЛ ТӨРӨӨГҮЙ ГЭЖ НАЙДЪЯ 2024-04-11 139.5.216.27

Социализмын үед өдийд тариалалтын техникийн засвар, чийг хаах борнойдолт дууссан, үрээ нарлуулаад, бордоо, ариутгах бодисоо авчихсан, тээвэр, ажиллах хүчний гэрээ хийгдсэн, дутуу зүйлээ гүйцээх гээд газар сайгүй хөл хөдөлгөөн ихтэй, тариалалтын арга технологио зөвлөгөөн хийгээд тогтчихсон байдагсан.Одоо тариалалтын талаар чимээгүй, ЗГ нь гурилын үйлдвэрүүдтэйгээ ноцолдсон шигээ, ХАА-н сайд нь Дэгийн хуулийн ажлын хэсэгт орно гээд давхиж явдаг.Болж л байдаг юм байхдаа.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа Сонгуулиар төр засгийн эрх мэдэл бүлэглэл хооронд шилжих нь гол аюул юм шүү дээ 2024-04-11 139.5.216.27

Монголын БҮЛЭГЛЭЛИЙН бүтэц= улс төр+бизнес+хууль хяналт+банк+хэвлэл мэдээлэл.Энэ 5 бол сонгодог бүтэц бөгөөд хамгийн хүчтэй нь.Зарим бүлэглэлд тавуулаа байхгүй байж болно.Жишээ нь банкгүй г.м.. Хамгийн чухал бүтэц бол хууль хяналт, энэ дундаа шүүгч, прокурор, АТГ.Бүлэглэл шинээр үүсгэхгүй байх, байгааг нь сарниулахын тулд улс төр, хууль хяналт гэсэн хоёр бүтцийг онилох хэрэгтэй. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, шүүх, прокурор, АТГ, мөрдөх албаны бие даасан байдлыг хангах.

Avatar

CAMAP 2024-04-11 75.190.35.176

OYUN ERDENE GEJ NEG TENEG SURGUULI CH BAIHGUI ERDEM CH BAIHGUI BOLOBSROL CH BAIHGUI NEG KACHKAR UURUU HAMGIIN TOM HULGAISH TIIMEES MAN IIN HAMAG TOM HULGAICHDIIG TSUGLUULAAD ABCHIHSAN
JINHENE ULS TURD BAIH YOSTOI HUMUUSIIG ULDEECHIHSEN UCHRAAS ULS ORNII EDIN ZASAG OO ZALAA
ELVEGDORJ YAG ZUB HELSEN OYUN ERDENE YU CH HIIGEEGUI BAAHAN ULSUUDIIG SHUUJ SHALGAJ SHUGEL ULEEJ BN GEJ TENEGTSEN

Avatar

зочин 2024-04-11 202.21.103.170

бидон ганбаа тэр хулгайч алуурчдаа нэрлээч дээ тэгвэл бид итгэе худлаа битгий попор л доо

Avatar

АЛТАА 2024-04-11 66.181.180.64

Баянгол дүүргээрээ алхаж явахад стандартын дагуу аятайхан тавьсан явган хүний зам даан ч алга, эдвэрхий, далий, мурий, даанч сэтгэлгүй, Одонтуяа авгай одоо болимоорсон. Манай дүүргийг ч баллаад хаясан байна даа, Нөгөө Орсоо нь хамаагүй дээр

Avatar

Зочин 2024-04-11 66.181.176.236

Сав сааль тараадаг Ганбаа маань манай тойрогт өрсөлдөөч, хэдэн бидонтой болж авах минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж