Энэ удаагийн парламентын отгон чуулган болох хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт олон байгаа хэдий ч гишүүд тойрогтоо санаа зовоод чуулганы танхимдаа тогтож суухаа болиод удаж байна. Сонгуулийн тойрог томссон учраас 4-5 аймгийн сонгогч иргэдтэй уулзалт хийж төр, засгийн бодлого танилцуулах нэрээр сонгуулийн ажилдаа нэгэнт шуурхайлсан. Байнгын хороодын ирц бүрдэхгүй цагаар, өдрөөр хойшилох нь энгийн үзэгдэл болсон. Ирц, идэвхи тааруухан байгаа парламентын гишүүдийн хувьд энэ хаврын чуулганаар заавал хэлэлцэн батлах ёстой хууль бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль юм. Учир нь Монгол Улсын парламент анх удаа ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийн дараа 126 гишүүнтэй болно. Тиймээс шинээр бүрэлдсэн парламентын гишүүд яг ямар дүрэм, журам, дэгийг мөрдөж, хэрхэн чуулганы хуралдаанаа зохион байгуулах, үг хэлэх зэрэг нарийн асуудлыг уг хуулиар зохицуулах юм. Тиймээс энэ удаагийн "Хууль төрөхийн өмнө" буландаа Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлох заалтуудыг хүргэе.
Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар санаачилан өргөн барьсан. Уг хуулийн зорилтыг Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/-ын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн тодорхойлсон байна.
ХУРАЛДААНЫ ТОВ, ДАРААЛАЛ ТОГТООХОД БАРИМТЛАХ ЖУРАМ
- 6.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Ийнхүү хэлэлцээгүй асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахгүй.
- 6.2.Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 9.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.
- 6.3.Ажлын зайлшгүй шаардлага гарвал Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдааныг энэ хуулийн 6.2-т зааснаас бусад ажлын өдөр зарлан хуралдуулж болно.
- 6.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлгийн хуралдааныг долоо хоногийн Даваа гарагт, Байнгын, дэд, хянан шалгах түр хороодын хуралдааныг Мягмар, Лхагва гарагт, шаардлагатай бол энэ хуулийн 6.3-т заасныг баримтлан бусад ажлын өдөрт зохион байгуулж болно.
- 6.5.Байнгын хорооны хуралдааны санал хураалтыг бусад Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны санал хураалттай давхцуулахгүйгээр зохион байгуулна.
- 6.9.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 6.6-д заасан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэлээ тодорхой бичиж ирүүлнэ.
- 7.1.Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.
- 7.2.Улсын Их Хурлын гишүүн хуралдаан эхлэх цагаас өмнө суудлаа эзэлсэн байна.
- 7.3.Гишүүн өвчтэй буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, зөвлөгөөнд зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй бол хуралдаан тасалсанд тооцно.
- 7.4.Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид энэ хуулийн 7.3-т заасан шалтгаан, үндэслэлээ бичгээр урьдчилан мэдэгдэнэ.
- 7.5.Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.
- 7.6.Хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанаас түр гарах тохиолдолд хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна.
- 7.7.Гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхжих цахим систем ашиглана.
- 9.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.22, 21.23-т зааснаар хууль, тогтоолын төслийн төрөл, онцлогийг харгалзан тухайн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг Зөвлөл тогтоох ба нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилна.
- 9.2.Тухайн нам, эвслийн бүлэг хуваарилагдсан хугацаанд багтаан асуулт асуух гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн байна.
- 9.3.Аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүн энэ зүйлийн 9.2-т заасан журмын дагуу хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух эсэхээ урьдчилан мэдэгдэнэ.
- 9.4.Энэ хуулийн 9.1, 9.2, 9.3-т заасан журам нь энэ хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд хамаарна.
9.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гишүүн Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд асуулт асуухдаа дараах журмыг баримтална.
- 9.5.1.гишүүний асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах;
- 9.5.2.хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад асуулт асуухгүй байх.
9.7.Гишүүн хуралдаанд байр сууриа илэрхийлж үг хэлэх /цаашид “үг хэлэх” гэх/-дээ дараах журмыг баримтална
- 9.7.1.үг хэлэх хугацаа 4 минутаас илүүгүй байх;
- 9.7.2.энэ хуулийн 9.7.1-д заасан хугацаанд багтаан үг хэлж амжаагүй тохиолдолд хэлэх үгээ бичгээр илэрхийлж, хуралдааны тэмдэглэлд хавсаргах.
9.10.Гишүүн зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаанд өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж үг хэлнэ.
9.11.Гишүүн асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэхийг хориглоно.
9.12.Гишүүн үнэн, бодитой, судалгаанд суурилсан мэдээлэлд тулгуурлаж үг хэлнэ.
9.13.Гишүүн асуулт асуух, үг хэлэх эрхээ бусад гишүүнд шилжүүлэхгүй.
9.14.Хууль, тогтоолын төсөл хэлэлцэхэд гишүүний асуултад хууль санаачлагч хариулж тайлбар хийнэ.
9.15.Хууль, тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон, түүнчлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон уригдаж ирсэн хүн хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр тайлбар хийж, асуултад хариулна.
9.16.Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад товч, тодорхой хариулах үүрэгтэй бөгөөд гишүүн хариултыг хангалтгүй, эргэлзээтэй гэж үзвэл тухайн асуултын хариуг 2 хоногийн дотор бичгээр өгөхийг шаардах эрхтэй.
9.17.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Улсын төсвийн төсөл, тэдгээрийн биелэлт, гүйцэтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд болон энэ хуульд хэлэлцэх дэгийг тусгайлан зохицуулсан бусад асуудлыг хэлэлцэх үед гишүүн бүр асуулт асууж, үг хэлэх эрхтэй.
- 12.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.1.5-д заасны дагуу завсарлага авах эрхтэй. Завсарлага авах хугацаа ажлын таваас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг 1 удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно.
- 12.2.Нам, эвслийн бүлгийн дарга, түүний эзгүйд дэд дарга энэ хуулийн 12.1-д заасны дагуу завсарлага авахдаа үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна.
- 12.3.Завсарлага авсан нам, эвслийн бүлэг тухайн асуудлаар дахин завсарлага авахыг хориглоно.
- 12.4.Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно.
- 12.5.Завсарлага авсан хугацаанд тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.
- 12.6.Завсарлага авсан нам, эвслийн бүлэг завсарлагын хугацааг уг хугацаанаас өмнө дуусгавар болгож тухайн асуудлыг хэлэлцүүлэх санал гаргаж болно.
- 15.1.1.сануулах;
- 15.1.2.хуралдаанд үг хэлэх эрхийг хасах;
- 15.1.3.хуралдааныг орхин гарахыг үүрэг болгох;
- 15.1.4.хуралдаанд оролцох эрхийг хасах.
15.2.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуулт асуух, үг хэлэх, зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүний үгийг тасалж, эхний удаа сануулж, дараагийн авах арга хэмжээний талаар анхааруулна.
15.3.Гишүүн эхний удаа өгсөн сануулгыг биелүүлээгүй бол хуралдаан даргалагч гишүүний үг хэлэх эрхийг хасаж, тухайн асуудлын хэлэлцүүлгийн явцад дахин үг хэлэх эрх олгохгүй.
15.4.Гишүүн бусдад саад учруулсан, асуулт асуух, үг хэлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэсэн шинжтэй үг хэлсэн бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна.
15.5.Гишүүн хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахихыг сануулсан шаардлагыг үл биелүүлж, бусад гишүүний асуулт асуух, үг хэлэх, саналаа өгөх эрхэд саад учруулах зэргээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц нөхцөл байдал үүсгэсэн бол түүнийг тухайн асуудлыг хэлэлцэж дуустал хуралдаанаас гаргана.
15.6.Энэ хуулийн 15.5-д заасан хариуцлага хүлээсэн гишүүн хуралдааныг нэн даруй орхин гарах үүрэгтэй бөгөөд гишүүн хуралдааны танхимыг ийнхүү орхин гараагүй нь тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах хариуцлага оногдуулах үндэслэл болно.
15.7.Энэ хуулийн 15.6-д заасны дагуу тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн Улсын Их Хурлын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч тухайн зөрчилтэй нь холбогдуулан уг гишүүний хуралдаанд оролцох эрхийг 3 хүртэл удаа хасаж болно.
15.8.Зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь нэгдсэн болон тухайн Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд хамаарна.
15.9.Гишүүн энэ хуулийн 15.1.4-т заасны дагуу хуралдаанд оролцох эрхээ хасуулсан тохиолдолд ирцийн бүртгэлээс хасна.
15.10.Гишүүн энэ хуулийн 15.1-д заасан зөрчлийг удаа дараа давтан гаргасан бол тухайн асуудлыг Ёс зүй, дэгийн байнгын хороо авч хэлэлцэн санал, дүгнэлт гаргана.
- 18.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлнэ.
- 18.2.Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.
- 18.3.Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.
- 18.4.Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина.
- 18.5.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.
- 18.6.Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.
- 18.7.Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.
- 18.8.Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.
- 18.9.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд энэ хуулийн 18.4, 18.5, 18.6-д заасан журмыг баримтална.
- 19.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
- 19.2.Аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан нам, эвсэл зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
- 19.3.Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.
- 19.4.Нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй бол энэ хуулийн 19.1, 19.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.
иргэн 2024-04-11 202.9.46.97
Бүх гишүүн үндсэн хуулиар үг хэлэх эрхтэй. Дэгийн хуулиа үндсэн хуулиндаа нийцүүлэх хэрэгтэй
80314967 2024-04-11 66.181.166.134
126 гишүүн гэсэн балай юм удахгүй алга бно оо. Сонгуулийн дараахан. Ард түмэн дэмжээгүй байхад МАН хүчиндэж хийсэн хулгайн хууль. Энэ улсад 76 хулгайч нь цөөдөөд байгаа учраас хөгжихгүй байгааг нээн тогтоосон гайхамшигт ололт гэнэ. Нобелийн шагнал ч багадна гэнэ.
Иргэн 2024-04-11 66.181.161.190
үг хэлэх эрхгүй шахам гишүүдээр юу хийх вэ? мануухай маягийн юм болох уу