"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа дэлхийн хагас дамжуулагчийн технологийн түүчээлэгч AMD компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, цахилгааны инженер Лиза Суг онцолж байна. Тайвань гаралтай тэрбээр хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэж, тусгаарлагч дээрх цахиурын загварыг хөгжүүлэн илүү үр дүнтэй, хүчирхэг хагас дамжуулагч чип үйлдвэрлэх боломжийг нэвтрүүлсэн билээ. Өдгөө 54 настай түүний хувьд АНУ-ын технологийн томоохон компаниудаар дамжиж, одоогоор дэлхийн технологийн салбарын хамгийн хүчирхэг эмэгтэй болоод байна.
ХЯТАДААР ТААРУУ БИЧДЭГ ОХИН
Лиза Су нь 1969 оны арваннэгдүгээр сард Тайванийн Тайнан хотод мэндэлжээ. Түүнийг гурван настай байхад гэр бүл нь АНУ руу цагаачилж, тэнд боловсрол эзэмшив. Лиса болон түүний дүү багаасаа л математик, шинжлэх ухаанд сонирхолтой байсан аж. Учир нь эцэг Су Чун-Хвай нь тэтгэвэртээ гарсан статистикч байсан бол ээж Сэнди Ло нь нягтлан бодогч байжээ. Тиймээс хүүхдүүдээ багаас нь үржихийн хүрд цээжлүүлж, сонирхолтой байдлаар тархийг нь хөгжүүлж байсан гэнэ.
Лиза Су хүүхэд насаа дурсахдаа "Би ердийн л Ази хүмүүжилтэй хүүхэд байсан. Сайн сурч, сайн хөдөлмөрлөж, үргэлж шилдэг нь бай гэсэн хандлагаар хүмүүжсэн. Гэхдээ эцэг эхийн минь том алдаа нь намайг бага байхад хятад сургуульд сургасан явдал. Миний хятад хэлний бичгийн хэв үнэхээр аймшигтай байсан. Үргэлж л бичгийн ажил дээрээ С авдаг байсан. Энэ л намайг галзууруулсан даа" гэв.
Хэдий хятад хэлээр тааруу бичдэг байсан ч математик, шинжлэх ухааны хичээлдээ сонирхолтой, өөрийгөө инженер болно гэдэгт багаасаа итгэдэг байжээ. Тэрбээр 10 настай байхдаа л дүүгийнхээ удирдлагатай машиныг задалж, засч, бага сургуульд байхдаа анхны "Apple II" компьютероо авчээ. Энэ талаараа Лиза "Би зүгээр л тэдгээрийг хэрхэн ажилладгийг сонирхдог байсан" гэв.
Тэрбээр Нью-Йорк хотын Куинст өсч, торниж, Бронксын шинжлэх ухааны ахлах сургуулийг төгсчээ.
ХАМГИЙН ХЭЦҮҮ МЭРГЭЖЛЭЭР ДОКТОР ХАМГААЛАВ
Ахлах сургуулиа төгссөн, инженер болох хүсэлтэй охин дэлхийн тэргүүлэх MIT буюу Массачусетсийн технологийн их сургуульд 1986 оны намар элслээ. Ингэхдээ цахилгааны инженер эсвэл компьютерийн ухаанаар суралцах бодолтой байсан бөгөөд эцэст нь цахилгааны инженер хамгийн хүнд мэргэжил юм шиг санагдаж, өөрийгөө сорихоор шийджээ. Оюутан насныхаа талаар Лиза "Цахилгааны инженерчлэл MIT-д хамгийн хэцүү мэргэжил нь байсан тул би ‘Энэ чиглэлээр яваад юу болохыг харвал ямар вэ?’ гэх бодол төрсөн" гэв.
"Ээж минь намайг төгөлдөр хуурч болгох хүсэлтэй байсан ч би инженер болсон"
Их сургуулийн эхний жилдээ л Лиза "UROP" гэх хөтөлбөрийн ачаар магистрын хөтөлбөрийн оюутнуудад зориулсан туршилтын цахиур хавтан үйлдвэрлэх судалгааны ажилд туслахаар ажиллажээ. Түүнчлэн зуны амралтаар хийсэн ажил нь түүний хагас дамжуулагчийг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэв. Тэрбээр оюутан насаа лабораторид өнгөрүүлж, бүтээгдэхүүн зохион бүтээх болон тохируулах ажилд анхаарлаа хандуулжээ.
Цахилгааны инженерээр бакалавраа хамгаалсны дараа тэрбээр дахин MIT-д магистр хамгаалж, удалгүй Димитри Антониадсиын удирдлага дор докторын зэргээ хамгаалсан аж. Түүний докторын зэрэг горилсон ажил нь тусгаарлах материал ашиглан транзисторын үр нөлөөг нэмэгдүүүлэх SOI буюу цахиур дээрх тусгаарлагч технологи байсан гэнэ. Энэ ажлаараа ч тэрбээр салбартаа анхдагч судлаачдын нэг болжээ.
Ийнхүү Лиза Су 1994 онд докторын зэрэгтэй их сургуулиа төгсөхөд технологийн акулууд түүнийг угтаж байлаа.
IBM-ИЙН АЖИЛТНААС AMD-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
1994 оны зургадугаар сард Лиза Су "Texas Instuments" компанийн хагас дамжуулагчийн үйл ажиллагаа ба төхөөрөмжийн төвд техникийн албаны ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж, 1995 оны хоёрдугаар сар хүртэл ажиллажээ. Түүнд "IBM" компаниас илүү том санал тавьж, судалгааны ажилтнаас хагас дамжуулагчийн судалгаа, хөгжлийн төвийн дэд ерөнхийлөгч хүртэл албан тушаал дэвшүүлэв.
"IBM"-д байхдаа Лиза Су зэсийг хөнгөн цагааны оронд хагас дамжуулагч чиптэй хоршуулах аргыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэж, чипний дизайн гаргахад хувь нэмрээ оруулжээ. Зэстэй зууралдахаас залхсан Лиза Су асуудал байгаа салбар, хэлтэс бүрт ажиллаж, өөрийн ур чадвар, мэдлэг туршлагаа харуулав. 1998 онд зэсийн технологийг нэвтрүүлж, үр дүнд нь чип 20 хувь илүү ажиллажээ.
Түүний гар бие оролцсон чипийг тухайн үеийн компьютеруудаас эхлээд "PlayStation 3" тоглоомын консолд хүртэл ашигласан.
"IBM"-ийг технологийн салбарт хүчирхэг болоход хувь нэмрээ оруулсан Лиза 2007 онд "Freescale" компанид технологийн ахлах захирлаар ажилд орж, удирдах түвшинд бүхий л албыг нь хашжээ. Харин 2012 оны нэгдүгээр сард "AMD"-д элсч, "Xbox One", "PS4" зэрэг тоглоомын консолуудад "AMD"-ийн чип ашиглах ажлыг ахалж, компанийн нэр хүндийг өсгөсөн аж. Ийнхүү 2014 онд "AMD" компани Лиза Суг Рори Ридийн оронд гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчөөр томилсноо зарласан юм.
Лиза Сугээс өмнө "AMD" компани 2011, 2012 онуудад ажилтныхаа тоог 25 хувиар цомхотгож, компанийн үнэлгээ нь 60 хувиар унасан байв. Үүнээс гадна "Intel", "Nvidia" зэрэг салбарынхаа гол өрсөлдөгчдөөс бүхий л талаараа хоцорч, тэдний сүүдэрт дарагдаж байсан түүхтэй. Харин Су ирснээс хойш "Zen" чипний архитектурт хөрөнгө оруулж, "Ryzen" гэх чипийг зах зээлд нэвтрүүлснээр компанийн ашиг орлого нэмэгдсэн.
Лиза Су "AMD"-ийн гүйцэтгэх захирал болох үед компанийх нь үнэлгээ 2 тэрбум ам.доллар байсан бол өдгөө 66 тэрбум ам.доллар болжээ.
ГОЛ ӨРСӨЛДӨГЧТЭЙГӨӨ ХАМААТАН
Дээр дурдсанлчан "AMD" компанийн гол өрсөлдөгч нь "Nvidia" компани. Гэтэл Лиза Су "Nvidia"-ийн гүйцэтгэх захирал Хенсен Хуантай хамаатан гэнэ. Лизагийн эх талын өвөө нь Хуангийн ээжийнх нь том ах гэнэ. Гэхдээ тэднийг хамаатан эсэх талаарх яриа удаан хугацаанд гарсны эцэст Лиза Су "холын хамаатан" гэж маргааныг тасалжээ.
Хуан, Лиза Су хоёр хоёулаа Тайнанд төрсөн. Хенсен 1963 онд төрсөн бол Лиза 1969 онд төрсөн. Хоёулаа багадаа АНУ руу цагаачилжээ.
Одоо "AMD" компанийн хувьд "Nvidia"-ийн хиймэл оюун ухааны технологи дахь ноёрхлыг зогсоохоор шаргуу ажиллаж байна.
АНХНЫ БҮХНИЙ ЭЗЭН
Лиза Сугийн хүртсэн шагнал бүр түүнийг анхдагч болгосон гэх хилсдэхгүй. Тэрбээр 2021 онд Микроэлектроникийн салбарын тэргүүн дээд шагнал болох Роберт Нойсын медалийг хүртсэн анхны эмэгтэй хүн болжээ. Мөн технологийн салбарын эмэгтэйчүүдийн алдрын танхимын гишүүн, АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх шинжлэх ухаан, технологийн зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнээр тус тус нэрлэгдсэн аж. Мөн Форбс сэтгүүлээс тодруулсан 100 хүчирхэг эмэгтэйн жагсаалтын 49 дүгээр байр, "EE Times"-аас тодруулсан 2014 оны шилдэг удирдах ажилтан, 2016 оны технологийн салбарын хүчирхэг 50 эмэгтэйн нэг, 2019 оны АНУ-ын хамгийн том 500 хувьцаат компанийн хамгийн өндөр орлоготой гүйцэтгэх захирал гээд түүний талаар дурдаад баршгүй.
2019 онд Лиза Сугийн орлого 58.5 сая ам.доллар байжээ.
Лиза Сугийн хобби нь нөхөр Данын хамтаар гольф тоглох гэнэ.
МАНЛАЙЛАГЧ
Технологийн салбарт эрчүүдтэй өрсөлдөж, "AMD" шиг том компанийг удирдана гэдэг жирийн эмэгтэй хүнээс гарахааргүй хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр. Энэ ч утгаараа тэрбээр технологийн салбар дахь эмэгтэй ажилтнуудын роль модель, үлгэр жишээ. Түүнд ээж нь үлгэр дуурайлал үзүүлжээ. Лизагийн ээжийн англи хэл төдийлөн сайн биш байсан ч Америкт ирсэн хойно бизнес эхлүүлж, Тайванийн үйлдвэрүүдтэй холбогдож, Америк руу бараа татаж, борлуулдаг байжээ.
Лиза Су эмэгтэйчүүдэд хандан зөвлөхдөө" Нэгдүгээр, сайн, өндөр боловсрол хамгийн чухал. Хэн ч чамаас мэдлэгийг чинь булааж чадахгүй. Хоёрдугаарт, хийж буй зүйлдээ амбицтай бай. Олон эмэгтэйчүүд том зүйл бодохоос айдгийг би анзаарсан. Гэхдээ амбицтай бай гэж би хэлмээр байна. Гуравдугаарт, сайтар тунгааж, алдаанаасаа суралц. Энэ чадварууд үнэхээр чамайг сайжруулна гэдэгт би итгэдэг" гэв.
Мөн тэрбээр удирдагч хүн төрдөггүй, бэлтгэгддэг гэж боддог аж. Боломж, төлөвлөлт, орчин гурав сайн удирдагчийг бэлтгэдэг гэнэ.
MIT-ийн нано шинжлэх ухааны барилгыг түүний нэрээр нэрлэжээ.
Чан кай ши 2024-04-11 66.181.184.72
Тайван ноёлоод эхлэвэл монголын тусгаар тогтнолын асуудал дахин хөндөгдөхгүй гэх баталгаа байна уу
Нэргүй 2024-04-11 103.57.92.102
Хятад үндэстнүүдийг үздэггүй монголчууд АНУ-ын даалгаврын дагуу Тайваньчуудыг сурталчлаад байна.
GANAA 2024-04-11 178.174.229.45
GAIHAMSHIGTAI YUM . BISHIRCH BNA