2024 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэг гурван мандаттай. Тус дүүргийн хувьд өнгөрсөн 2020 оны сонгуулиар мөн л гурван мандаттай байсан бөгөөд МАН-аас нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэсэн байдаг. Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам эл тойрогт хуульч Ч.Өнөрбаяр, Т.Энхсайхан, эдийн засагч Б.Түвшин нарыг нэр дэвшүүлсэн бол МАН УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХҮН-ын дарга Т.Доржханд нар нэр дэвшиж, Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, Т.Доржханд нар сонгогдож байв.
XII тойрог буюу Хан-Уул дүүрэг-3 мандаттай.
МАН: Г.АМАРТҮВШИН, Д.САРАНГЭРЭЛ НАР ӨНЖИЖ, ШИНЭ ГОРИЛОГЧИД ЯРИГДАЖ БАЙНА
МАН 2020 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нарыг нэр дэвшүүлж байсан бөгөөд тэднээс Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан даагаа нэхэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргийн намын хороогоо маш их тойглосон гэдэг. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон алдаагаа засахын тулд Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны гишүүдээ дөрвөн жил тойглож, энэ удаагийн сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж буй.
Харин түүнтэй хамт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан горилж буй. Т.Мөнхсайханы хувьд Эрүүл мэндийн сайдын суудлаа өгөхдөө 2024 оны сонгуульд нэр дэвших тохироотой буусан гэдэг.
Тиймээс ч энэ удаагийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ битүүхэн хийсээр ирсэн. Эрүүл мэндийн салбараас сайд болтлоо дэвшиж, улс төрд “урваж” байгаа түүний хувьд албан ёсоор нэр дэвших нь эцэслэгдээгүй ч Ерөнхийлөгчийн квотоор орж ирэх хүнээр нэрлэж буй. Мөн Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр Цахим хөгжлийн яамны дэд Ж.Эрхэмбаатар горилж буй. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдсөн бөгөөд энэ удаад МАН-аас нэр дэвшихээр горилж буй. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн квотоор Соёлын сайд Ч.Номинг тус тойрогт нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа ч түүний хувьд өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр сонгуулийн бэлтгэлээ битүүхэн хийсээр ирсэн. Эмэгтэйчүүдийн квотоор орж ирэхээр яригдаж буй бас нэг хүн бол Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо яригдаж байна. Харин Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй бөгөөд сонгуулийн дараа гадаадын аль нэг улсад Элчин сайдаар суух тохироо хийсэн гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хувьд хөгжлийн банкны асуудалд холбогдсон учраас нэр дэвших эсэх нь одоогоор эцэслэгдээгүй ч тэрбээр сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод байгаа.
Уг нь МАН-ын дарга нар хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг асуудалтай холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж ам гарсан ч Г.Амартүвшин гишүүн сонгуулийн бэлтгэлээ базааж, тойргоо эргэж тойроод эхэлсэн.
АН: Х.БАТТУЛГЫН ХҮРГЭН О.ТЭНҮҮН, П.БАТЧИМЭГ НЭР ДЭВШИХ ҮҮ?
2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам эл тойрогт хуульч Ч.Өнөрбаяр, Т.Энхсайхан, эдийн засагч Б.Түвшин нарыг нэр дэвшүүлсэн ч тэд ялагдал хүлээсэн. Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж буй ч жагсаалтад орж магадгүй гэсэн мэдээлэл ч бий. Б.Түвшингийн хувьд 2020 оны сонгуулийн даагаа нэхэхээр дахин өрсөлдөхөөр зэхэж буй гэх. АПУ-ийн банк бус санхүүгийн байгууллагыг удирддаг учраас улс төрийн хүрээнд түүнийг АПУ-ийнх гэдэг.
Хэрэв АПУ-ийн П.Батчимэг, Б.Ганхөлөг нарын нэгийг нэр дэвшүүлэхгүй бол Б.Түвшинг Хан-Уулд сойхоор бэлтгэж буй гэх. Хэрэв П.Батчимэг тус тойрогт өрсөлдвөл Б.Түвшин II тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увсын тойрогт нэр дэвшихээр яригдаж буй. Мөн түүнээс гадна Хан-Уул дүүрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий.
О.Тэнүүний хувьд Шадар сайд С.Амарсайханы ах, ОБЕГ-ын дарга асан Отгонбаярын хүү бөгөөд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн юм. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай өрсөлдүүлэхээр Эрүүл мэндийн яамны дэд сайн асан Ж.Амарсанаагийн нэр ч яригдаж буй. Мөн тус дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Ц.Пүрэвням, “Хашаандаа сайхан амьдрая” төслийн зохицуулагч Ц.Түмэнбаяр нарын нэрс яригдаж байна. Харин эмэгтэйчүүдийн квот дээр АПУ-ийн П.Батчимэг, хуульч Х.Номингэрэл, “элийрэгч” Ц.Уянга нарын нэрс яригдаж байна. Улс төрийн хүрээнд Хан-Уул дүүрэгт нэр дэвших хүмүүсийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга “авч”, өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл ч бий.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ