Украины өмнөд хэсгийн Запорожье атомын цахилгаан станцад гурван өдрийн турш нисгэгчгүй онгоцоор халдсан хэрэгт Орос, Украин хоёр бие биенээ буруутгаж байна. НҮБ-ын Цөмийн асуудал эрхэлсэн байгууллагын удирдах зөвлөл хоёр орны хүсэлтийн дагуу хуралдаж, асуудлыг хэлэлцэхээр шийджээ.
Украины нисэгчгүй онгоц Ням, Даваа, Мягмар гаригт цөмийн станцын сургалтын төв рүү дайрсан гэж Оросын тал мэдэгдэв. Одоогийн байдлаар гэмтсэн хүн бүртгэгдээгүй байна. Гадаад хэргийн сайд Сергей Лавров гурван өдрийн турш үйлдсэн гэх халдлагыг буруутгаж, энэ бол Украины “шинэ террорист халдлага” гэжээ.
Харин Украины Батлан хамгаалахын тагнуулын албаны төлөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Орос улс Украиныг гүтгэхийн тулд өөрсдөө халдлага үйлдсэн" гэж мэдэгджээ.
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси Мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, хоёр оронд хандаж, цөмийн аюулгүй байдал болон атомын цахилгаан станцын аюулгүй байдалд ямар нэгэн аюул заналхийлэл учруулахгүй байхыг хүссэн. Тэрбээр "Тэдний ард хэн ч байсан тэд галаар тоглож байна. Атомын цахилгаан станц руу халдах нь туйлын хариуцлагагүй бөгөөд аюултай тул үүнийг зогсоох ёстой" гэж мэдэгдсэн юм. Олон улсын атомын энергийн агентлагийн удирдах зөвлөл Орос, Украины хүсэлтээр Пүрэв гаригт хуралдана.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ