ОБЕГ-аас онцгойгийн алба хаагчдын техник хэрэгсэл, хувцасны хангамжийн талаар тодрууллаа.
Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан:
-Онцгой байдлын байгууллага 2003 оноос хойш Япон, Австри, Польш, Франц улсуудтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд орж ирсэн автомашин, техник хэрэгсэл, объектод гарсан гал түймэр унтраах тусгай хувцсыг алба хаагчдад хангалтаар хүргүүлж, аврах ажиллагаанд ашиглаж байгаа. Тусгай хувцас нь Монголд батлагдсан стандартад нийцсэн байдаг. Галд тэсвэрлэн шатдаг хувцас гэсэн үг. Яг одоо алба хаагчид үүргээ гүйцэтгэхдээ өмсдөг хүчилтөрөгчийн хоолой, станц, гар чийдэнг үрэгдүүлсэн тохиолдолд алба хаагч өөрөө хариуцна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
Тэр багаж хэрэгслийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа алга болгож, эвдсэн бол ондоо. Хувьдаа ашигласан бол нэг өөр. Тэгэхээр ажлаа хийж байгаад ажлын багаж хэрэгслийг санаатай болон санамсаргүйгээр үрэгдүүлж, нөхөн төлүүлж байсан тохиолдол байхгүй. Тэр бол ташаа мэдээлэл.
Нийслэлийн хэмжээнд алба хаагчид хүн нэг бүр бүрэн хувцсаар хангагдаж байгаа. Сүүлийн 5 жилд 182 алба хаагч хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн бол хоёр алба хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа бус эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Объектын гал түймэрт үндсэн, тусгай, туслах албаны гэсэн гурван төрлийн машинтай дуудлагад ажилладаг. Тухайн дуудлагын төрлөөс шалтгаалж өндөр барилга бол шатны автомашинтай, битүү орчинд бол хоолойн албаны гэрэл холбооны машинтай гардаг. Шаттай автомашин, техник хэрэгсэл, багаж хэрэгслийн тоо нууцын зэрэглэлд байдаг учраас олон нийтэд мэдээлэх боломжгүй. Шатны автомашин нь 32 метр сунаж, тавцан дээрх хошуу нь 25 метрээс дээш ус цацаж, хамгийн өндөртөө 12-25 давхарт гарсан галыг унтраах боломжтой. Автомашины мэдээллийг ийм төсөл, тусламжаар хүлээж авч байгаагаа нээлттэй мэдээлдэг. Хүчилтөрөгчийн багийн хангалт улсын хэмжээнд 60 хувьтай байгаа. Объектын гал түймэр дээр ажиллаж байгаа алба хаагчид бүгд баг зүүж, ажилладаг" гэсэн юм.
Холбоотой мэдээ