Монгол бол ардчилсан улс. Азийн ардчилалын баянбүрд гэж дэлхийд нэрээ “тамгалж” явсан цаг саяхан. Гэвч ардчилал бол нэг удаа бүтээгээд орхичихдог бурхны сэрэг дүр биш аж. Өдрөөс өдөрт алсарсаар байгаа ардчиллын цэнхэр өнгө хувиран, хувирсаар Монгол дэлхийн газрын зурагт “цусан улаан”-аар будагдаж байна. Байн байсаар бүх дэлхийг бүрхэх төлөвлөгөөтэй социалист хувьсгал Монголын хаалгаар хэдийнэ ороод ирснийг энэхүү дэлхийн газрын зураг дээр тэмдэглэгдсэн өнгө гэрчилнэ. Улаан өнгийг дарангуйлал, түрэмгийллийн өнгө гэдэг. Цусан улаан “цулам” Монголыг бүрхэж эхэлсэн нь монголчуудад АРДЧИЛАЛ зөвхөн үүлэн чөлөөний нар, үзэгдээд өнгөрөх түүх биш байгаасай гэх болгоомжлолыг төрүүлж байна.
Учир нь, өнгөрсөн 2023 онд Монголд улс төрийн дэглэмийн шилжилт хийгдсэнийг олон улсын /хамгийн нэр хүндтэй индексүүдийг гаргадаг/ V dem институциас гаргасан Сонгуулийн ардчиллын тайланд онцолжээ.
Уг тайланд дурдсанаар Монгол Улс ардчилсан улсаас гажуудсан ардчилал уруу нэг дэглэм ухарч автократ буюу дарангуй засаглал уруу шилжиж байгаа есөн орны тоонд багтсан байна. Автократ засаглаалыг өнгөц харахад ардчилсан улс мэт боловч нэг хүн, нэг бүлгийн үнэмлэхүй дарангуйллын шинж агуулсан нийгэм гэж ойлгож болно. Энэхүү хайбрид нийгэм нь:
- Сонгууль хийдэг ч хариу нь тодорхой байдаг
- Үндсэн хуультай ч иргэд нь эрх эдэлдэггүй
- Гадаад бодлоготой ч өөртэйгээ ижил дэглэмтэй илүү найрсаг харилцаатай
- Зах зээлийн эдийн засагтай ч баялгийн ихэнх нь төрийн нэрээр эрх баригчдын гарт байдаг
- Улс төрийн олон намтай ч сөрөг хүчнийнхээ юу хийх хийхгүйг зааварладаг гэсэн таван үндсэн шинжийг бүрдүүлдэг байна.
Сүүлийн үед Монголын улс төрийн намууд өнгөнөөс өөр үнэт зүйл, үзэл баримтлалын /баруун зүүний/ ялгалгүй, эрх баригч хийгээд сөрөг хүчний улстөрчдийн зүгээс
- Коммунизмийн үеийн нэгдлийг байгуулна,
- Уул уурхайн лицензийн уурхайг хураана,
- Хөрөнгө оруулагч нарт газар эзэмшүүлэхгүй
- Татвар нэмнэ, үнийг төрөөс тогтооно
- Баялаг бүтээгчдийн газрыг хураана, чөлөөт зах зээл гэж байхгүй гэсэн гал цогтой коммунист урианууд орон даяар цуурайтах боллоо. Коммунизмд бцуаж ухарч болно. Гэвч коммунизм бол хомсдолын, дарангуйллын нийгэм. Тэд эдийн засгийн, улс төрийн, нийгмийн, иргэний эрх чөлөө үгүй.
Тийм нийгэмд бүх амьтад тэгш эрх, харин гахай илүү тэгш эрхтэй амьдардаг. Ийм нийгэмд монголчууд 70 жил амьдарсан. Москвагаас Монголыг удирддаг байсан. Харин ардчилал ялснаар иргэд малтай, газартай, машинтай, өмчтэй болсон. Тиймээс АСУУЯ: Энэ өмч хөрөнгөө, эдлэх ёстой эрхээ та эргээд алдмаар байна уу. Малаа нийгэмчилж, нэгдлийн малчин болох уу. Машинаа хураалгаж, орон байраа олны өмч болгох уу. Монголчууд өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг. Энэ нь өнөөдрийн эд хөрөнгөөр эрх чөлөөгөө битгий солиорой гэсэнтэй ижил утгатай үг.
Иймээс ардчилсан Үндсэн хуульд зааснаар хүний амьд явах эрх, үзэх бодлоо илэрхийлэх эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, товчхондоо ардчиллаа хамгаалах нь хэн бүхний бас хэвлэлийн үүрэг болж байна. Тиймээс NEWS.МН сайт хэн бүхний эрх чөлөөний индэр болохоор энэхүү “Communism VS Capitalism” эрх чөлөөний буланг нээж байна.
Холбоотой мэдээ