“Мангасын ам”-ны эзэд

“Мангасын ам”-ны эзэд

Архины шил хөглөрч, хажуугаар зөрөх олноос зарим нэг нь 100, 1000 төгрөг нэхэж нааш, цааш зам таглан зогсох, тоосонд дарагдаж, архичдын орогнол болсон тэрхүү газар нь “Нарантуул” захын хойд хаалга буюу “Мангасын ам”. Угтаа энэ хаалга бол “Нарантуул” худалдааны төв рүү орж, гарах хөдөлгөөний нэг хэсэг боловч зөвхөн хуучин, хэрэглэхгүй эд бараа, хогшил гээд хүний хоёр нүднээс бусдыг нь зарч болох комиссын барааны “наймаа”-чдын хэсэг. Энд ховор сонин содон, хэрэглэсэн, эвдэрсэн эд зүйлс гээд цөм бий. Гагцхүү худалдан авагчдын тоо цөөн, зайлшгүй нөхцөлд хэрэг болсон зүйлээ хайж ирэхээр өөрөөр үйлчлүүлэгчдийн тоо нь өдрийн од шиг. Гэхдээ энэ газар олны хөлд дарагдана.

“Нарантуул” худалдааны төв бол хол ойрынхны наймааны хамгийн гол цэг бөгөөд ялангуяа орон нутгийнхан улирлын хувцас, хүнсээ базаах, бөөндөх зэргээр худалдаа эрхэлдэг газар. Гэвч “Мангасын ам”-ны наймаа, өдөр тутмын үйлдэл тэс өөрөө үргэлжилнэ. Тэнд үнэтэй зүйлс бараг л байхгүй боловч хааяа тэднээс эрснээ олох хүмүүс ч байна. Нэг ёсондоо, “хаягдсан” барааны мини зах ажиллана. Эндээс хүмүүс юу авдаг бол, энэ хүмүүс мөнгө олдог болов уу гэмээр зүйлсийг газраар нэг дэлгэж тавьсан худалдаачид нь ч “Нарантуул”-ынхнаас тэс өөр. Зарж байгаа бараанаасаа илүү хоногийн хоол, хоёр зуун грамм архины мөнгөө олчихвол эсвэл, тамхи, архины мөнгөтэйгээ золгох гэсэн бүлэг наймаачдын тэс өөр дүр төрхийг тэндээс харж болно. “Мангасын ам”-ыг зориод очвол энд тэнд архи уугаад согтож унасан, хир даагандаа баригдсан хувцастай хүмүүс олныг харна. Камер, микрофон бариад очих бидний өөдөөс “Бидэнд 5000 төгрөг өгчих, тэгвэл хүссэн зүйлийг чинь ярьж өгнө. Надаас ярилцлага ав” хэмээн ам уралдан гүйлдэх.

Зурагт, радио ирсэн байна, тэдэнд ярилцлага өгөөд мөнгө авъя гэж хоорондоо ярилцсаар биднийг зорин ирсэн нэгнийг н.Ганбаатар гэдэг, 46 настай. Ганбаатарт эхнэр, нэг охин, хоёр хүүгийн хамт аз жаргалтай амьдарч байсан цаг бий. Гэхдээ тэр сайхан цаг төгсгөл болоод 10 жил болжээ. Тэр цагаас хойш энэ тэрүүгээр тэнүүчилж, элдэв янзын ажил хийж, олсон мөнгөөрөө архи авч ууна. Ингэж л тэр 10 жил 3650 хоногийн амьдралаа бор дарсанд зориулж, өөр зорих хүсэх тэмүүлэлгүй амьдарсаар хэдийн “Мангасын ам”-ны байнгын оршин суугч болжээ. Чухам хэзээнээс архинд өөрийгөө мэдүүлснээ н.Ганбаатар санахгүй, магадгүй санахыг ч хүсдэггүй байх. Зориод очих үр хүүхэд, эхнэр байгаа ч нэгэнт хар усанд толгойгоо мэдүүлсэн тул  ар гэртээ төвөг удахыг хүсдэггүй гэдгээ учирлаж байв. Архи ууж эхэлсэн шалтгаанаа ч мартатлаа архи ууж, тэрэг түрж, хүний юм зөөж өгч олсон мөнгөөрөө архиа аваад уух нь одоо тэрний гол зорилго болжээ.

“Мангасын ам” эмэгтэй, эрэгтэй олон “гишүүн”-тэй. Тэдний олонх нь н.Ганбаатартай амьдралын өнгө ижил. Алдаж, онож, адлагдаж эсвэл дутуу хайрлагдсан, өөрийнхөө арчаагүйг бусдад, нийгэм рүүгээ чихсэн олон өөр өөр өнгө…

Өвлийн тэсгим хүйтэнд дулаан газар бараадаж, дулааны улиралд  “Мангасын ам”-аа сахин хоноглох нь бий. Тэдний өдөр бүрийн амьдрал нэгэн хэвийн үргэлжилдэг гэнэ. Хүнээс гуйж, юм зөөж олсон таван төгрөгөө тал талаас нь нийлүүлээд архиа ууна, маргааш өдөр нь мөн л архины мөнгөө олоод архиа ууна. Өлсөөд ирэхдээ ойр хавийнхаа цайны газраас үлдэгдэл хаягдал идчихдэг гэх 50 орчим насны эмэгтэйг Туяа  /нэрийг өөрчилсөн болно/ гэнэ. Түүний хувьд энд ирж, архитай амьдралын өдрүүдээ холбоод нэлээд уджээ. Хувийн амьдралынхаа талаар яримааргүй байна, бидний амьдралын юуг нь сонирхоод байгаа юм хэмээн ундууцна. Цаг дулаарч байгаа учраас даарахгүй ч өдрийнхөө олсон мөнгийг өөртөө л зарцуулдаг түүнд санаа чилээх, бодох санах зүйлгүй  нарлаж суух нь жаргалтай мэт. Гэхдээ хүн хүний эдлэх жаргал, үүрэх зовлон өөр учраас тэднийг буруутгах эрх байхгшй. Тэдний сонгосон энэ амьдралын цаана ямар хатуу, хүнд зовлон байгааг таахын аргагүй ч ажил хийгээд, гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй учраас л ийм амьдралаар өдөр хоногоо өнгөрөөж байгаа нь харуусал төрүүлмээр.

“Мангасын ам”-анд ажил эхлэх, дуусах цаг гэж байхгүй. Өглөөний ажлын цаг өчигдөр орой хэр их ууснаас шалтгаалах нь их. Хаана хоног төөрүүлээд ирж байгаа нь мэдэгдэхгүй, дулаан газар бараадаж хоноод өглөө яг л ажилдаа ирж байгаа юм шиг замдаа таарсан мөнгө болох юмсыг түүж ирээд нэгэндээ 100, 1000 төгрөгөөр зарах нэгэн байхад өөр нэг нь хогийн цэгээс түүж ирсэн эвдрээгүй ч хуучирсан, гэхдээ хүнд хэрэг болохуйц бараагаа цуглуулан ажилдаа ирэх нь бий. Мангасын амны наймаа эрхлэгчид нь дийлэнхдээ орлого байхгүй, бусдыг бодвол архи уух нь тоотой ч олсон зүйлсээ зарж, борлуулснаар өдрийн хоолоо аргацаах нь бий. Өдрийн орлого нь талх, махан таташ, гурил авахад хүрч байвал болоход л хамаг бараагаа хураагаад гэр лүүгээ яарах хүмүүс нь тун цөөн. “Мангасын ам”-ны эздийн амьдралын өнгө ижил ч сэтгэл доторх нь өөр өөр.

Хуучин цагт “Мангасын ам”-ны ойролцоо орон сууц байхгүй байсан бол одоо олон өндөр барилга сүндэрлэсэн. Энэ хавийн оршин суугчид “Мангасын ам”-ныхандаа бараг л дасчихсан гэлтэй. Тэдний аль аль нь нэгэндээ төвөг удахгүй, анхаарахгүй, анзаарахгүйгээр зөрөлдөнө.

Нэг хэсгийнх нь амьдрал бусдын адил ажил хөдөлмөр эрхэлж, өглөөний нар, үдшийн бүрийтэй уралдаж байхад нөгөө хэсэг нь тавхан мянган төгрөгийн архины төлөө өглөөний нар мандахыг, үдшийн бүрий болохыг үл анзааран зэрэгцэн орших нь сонин бөгөөд гайхширмаар. “Мангасын ам”-ны дэргэдэх БЗД-ийн 87-р байрны оршин суугч Т.Ууганцэцэг "Манайх нүүж ирээд найман жил болж байна. Анх архи уусан олон хүмүүсийг хараад айдаг л байлаа. Хүүхдүүдээ өглөө, орой болгоомжтой явахыг сануулдаг. Тэр хүмүүс өглөө эрт л бужигнаж эхэлнэ. Заримдаа хэрэлдэнэ, зодолдоно, хоорондоо. Одоо харин тооны хувьд их цөөрсөн. Дулааны улиралд бол эндээ бараг л амьдраад байх шиг байгаа юм. Хүйтэнд бол хаа нэг тийшээ явчихдаг. Дулаараад нэлээд олуулаа болчихсон байна лээ. Уг нь гэм хоргүй хүмүүс л дээ. Бид ч одоо тоохоо байж” гэв.

“Нарантуул” захын хойд талын хаалгаар орох хүн бүрт энэ дүр төрх хуучны бөгөөд байдаг л үзэгдэл шиг. Гэвч энэ орчинд амьдарч буй иргэд, “Мангасын ам”-ны сахиурынхны амьдралын хоромхон зуурыг анзаараад харвал нэг ертөнц дээрх хоёр өөр гариг шиг…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-04-10 203.91.115.247

huwi zaya chin gart chin bgaa shu henii ch buruu bish

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.186.136

голдуу хөдөлмөрийн насны залуу хүмүүс харагддаг.. тэднийг нийгэмшүүлж , соц үеийнх шиг албаар эмчлүүлж ,ажил хийлгэвэл олон сайхан залуусыг зөв амьдралд хөтөлсөн буянтай ажил болно доо

Avatar

Surrealist Зураач 2024-04-10 90.213.108.202

Ажлын зар их байдаг л гэх юм. Ажил хийдэггүй юм байх даа?

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.187.184

2016 оноос хойш гэр хороолол, хотын захаар архинд орсон эмэгтэйчүүд, замын хажууд тасарсан эрчүүд мэдэгдэхүйц их болсон байна лээ

Avatar

Нэргүй 2024-04-10 202.9.40.156

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш ийм бүлэг хүмүүс дархрага бий болсон. 1990 оноос хойш өвгөнтийн хөндийгөөр дүүрэн ийм хүмүүс байсан. Капиталист нийгэмд ийм хүмүүс заавал байдаг бололтой. Хоцрогдсон гэж хэлэгддэг социализмын үед ийм хүмүүс огт байгагүй юмдаг. Ажилгүй ч хүн ховор байсан. Эмнэлэг, сургууль үнэгүй байсан. Ардчиллын олигархи том дарга нар энэ үеийг бүдүүлэг хүний эрхийг дээдэлдэггүй, ядуу нийгэм байсан гэдэг. Минийхээр бол эсэргээрээ юм шигээ.

Avatar

Зочин 2024-04-10 139.5.217.185

Төр засаг тэднийг анхаарах хэрэгтэй.Бид цөөхүүлээ ,тэднийг ингэж зөнд нь орхиж болохгүй.

Avatar

Нэргүй 2024-04-10 79.95.86.70

uneheer uruvdultei baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж