Байр суурь: Хариуцлагын асуудлыг хаа хаанаа орхигдуулж болохгүй

Байр суурь: Хариуцлагын асуудлыг хаа хаанаа орхигдуулж болохгүй

Байр суурь: Хариуцлагын асуудлыг хаа хаанаа орхигдуулж болохгүй

 Сүүлийн таван сарын хугацаанд Онцгой байдлын байгууллагын таван алба хаагч ажил, албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.  Таван гэр бүлийн аав ээж, ахан дүүс, алаг үрс, хайртай хань нь нүдэндээ нулимстай, сэтгэлтэй гомдолтой зурагных нь өмнө зул асааж хоцорлоо. Харин онцгой байдлын байгууллагын удирдлага менежмент, техник хэрэгсэлийн хангалт, хөдөлмөрийн аюулгүй байдалд “онц” өөрчлөлт гарсангүй. Тиймээс бид энэ удаагийн байр суурь буландаа УИХ-ын гишүүдээс онцгой байдлын байгууллагын алба хаагчид амиа алдсан тохиолдлыг хэрхэн дүгнэж байгааг тодруулан хүргэж байна.


"ТӨСӨВ ДУТАГДАЛТАЙ ГЭДЭГ ӨЧҮҮХЭН ШАЛТГААНААР ХАЛХАЛЖ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ"

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:

-Онцгой байдлын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан харамсалтай хэрэг ойр ойрхон гарч байгаад сэтгэл маш их эмзэглэж байна. Алба хаагчид амь насаа алдаж байгаа энэ үйл явцыг харахад онцгой байдлын байгууллагын санхүү, техник хангамжтай шууд холбоотой гэж би үзэж байна. Учир нь алба хаагчид ямар ч төрлийн эрсдэл, аюул, гамшиг тохиолдоход зориулалтын хувцас хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангагдаж чадахгүй, дутуу дулимаг байгаа нь гашуун боловч үнэн. Монголчууд бид гал, ус, гамшгийн нөхцөл үүссэн үед онцгой байдлын алба хаагчидыг санадаг. Харин бусад үед тэднийг мартчихдаг. Ийм байгаа цагт онцгой байдлын байгууллага бэхжихгүй, хөгжихгүй. Ард иргэдээ аюул, ослоос авран хамгаалдаг онцгой байдлын байгууллагаас гар татахгүй, төсөв мөнгийг нь ахиухан шийдэж өгдөг байхад бодлогын түвшинд  анхаарах хэрэгтэй. Гал, ус гэлтгүй  газар хөдлөлт, үер ус гээд дараа дараагийн эрсдлүүд ойрхон байна.  Алба хаагчид амь насаа алдсан үед халаглаад өнгөрдөг, ганц нэгхэн хүнд хариуцлага тооцох талаар сануулдаг биш ужгирсан асуудлыг уг үндсээр нь авч хаяхын төлөө шийдвэр гаргахгүй бол олон аавын хүүхдүүд амь насаа алдаж, тэдний гэр бүлүүд хүнд байдалтай үлдэж байна.

Онцгой байдлын алба хаагчид бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын тулд нэн тэргүүнд өөрийнхөө амь насыг авран хамгаалах хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх ёстой.

Гэтэл улаан галтай нүцгэн гараараа тэмцдэг байж болохгүй. Тиймээс Засгийн газар, Шадар сайд, Онцгой байдлын байгууллагын удирдлагууд хаана, хэн, хариуцлага алдсан бэ гэдгийг шалган тогтоож, хариуцлага хүлээлгэх ёстой бол хүлээлгэх л ёстой.  Онцгой байдлын байгууллагын төсөв дутагдалтай байгаа гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ амь насаа алдсан алба хаагч  бүрийг төсөв дутагдалтай, техник хэрэгсэл хангалтгүй, иж бүрэн хувцасгүй гэдэг өчүүхэн шалтгаанаар халхалж өнгөрч болохгүй.

"ӨМНӨ НЬ ТОХИОЛДСОН ХАРАМСАЛТАЙ ТОХИОЛДЛООСОО СУРГАМЖ АВЧ, АЛДААГАА ДАВТАХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ"

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

-Онцгой байдалд дуудлага аваад үүрэг гүйцэтгэхээр очсон алба хаагчид тухайн газарт очоод эрсдлийг хэрхэн үнэлж, ямар хариу арга хэмжээ авах ёстой, салааны дарга ахлагчид ямар үүрэг даалгавар өгч ажилласан юм,  багаж, техникээр бүрэн хангагдаж, хувцас хэрэгслээ бүрэн бүтэн өмссөн байсан эсэх, хувцас хэрэгслээр бүрэн хангагдсан эсэх гэх мэт маш олон асуудлууд байгаа байх. Бид мэргэжлийн хүмүүс биш, салбарын онцлог, ажиллах орчин нөхцлийг мэдэхгүй  учраас хэн нэгнийг түрүүлж буруутгах нь зохисгүй асуудал. Уг асуудалд холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж, үнэлэлт, дүгнэлтээ гаргах байх. Монгол Улсад төсөв мөнгөний дутагдалгүй нэг ч салбар байхгүй. Бүгд дутагдалтай, гачигдалтай, өр авлагатай байгаа. Ганцхан онцгой байдлын байгууллага гэлтгүй цагдаагийн алба хаагчид ч өөрийгөө хамгаалах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй л байна. Боловсрол, эрүүл мэнд, шүүх, цагдаа, онцгой гээд салбар бүрт тулгамдаж байгаа асуудлыг тоочоод барахгүй. Гэхдээ нэг үеэ бодвол онцгой байдлын байгууллагуудад тулгамдаж байгаа нэн шаардлагатай тоног төхөөрөмж, төсөв мөнгийг үе шаттай шийдвэрлэж  байгаа боловч бүх асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь үнэн.

Хариуцлагын асуудлыг хаа хаанаа орхигдуулж болохгүй.  Цагдаагийн байгууллагын дөрвөн алба хаагч насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон асуудал ч яригдаж байна. Энэ бол цэвэр хариуцлага, ёс зүйн асуудал.

Гал түймэртэй тэмцэх албанд ажиллаж байх хугацаандаа амь насаа алдаж байгаа алба хаагчдын тоо сүүлийн 4-5 сарын хугацаанд яригдаад таван алба хаагч амь насаа алдсан асуудлаар хэмжигдэхгүй. Өмнө нь ч ийм тохиолдол гарч байсан. Хамгийн гол нь бид өмнө тохиолдсон харамсалтай тохиолдлоосоо сургамж авч, алдаагаа давтахгүй байх нь чухал.  Үнэнийг хэлэхэд 20 гаруй давхар барилга, байгууламжинд гал гарлаа гэхэд түүнийг унтраах машин, техник хэрэгсэл  байхгүй байгаа. Гэтэл сүүлийн үед баригдаж байгаа барилгууд бүгд 20, 30 давхар баригдаж байна. Тэгэхэд аюул ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдал, стандарт байхгүй байна.

"ТААВЧИГТАЙ ЭЭЖ"-ЭЭС БОЛЖ ОГЦОРДОГ ХҮМҮҮНЛЭГ ЗАСГИЙН ГАЗАР ХААНА БАЙНА"

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Маш хариуцлагагүй байна. Сүүлийн үед онцгой байдлын алба хаагчид үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алддаг тохиолдол байнга гарч  байна. Онцгой байдлын алба хаагчид аливаа осол аваар, аюулын үед хэрхэн яаж ажиллахаа маш сайн мэддэг. Хамгийн түрүүнд өөрийгөө эрсдэлээс хамгаалах арга техникээ мэддэг. Хамгийн гол нь тэд иж бүрэн тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас хэрэгслээр бүрэн хангагдсан эсэхийг заавал нягтлах ёстой. Сүүлийн таван сарын хугацаанд таван алба хаагч амь насаа алдана гэдэг бол тохиолдлын зүйл биш. Онцгой байдлын байгууллагын удирдлага, энэ салбарт гажуудал, алдаа дутагдал байгаагийн тод илрэл. Энэ удаагийн Засгийн газар шат шатандаа хариуцлагатай ажилладаг болох хүртэл хэдэн хүн амь насаараа эрсдэх ёстой юм бэ. Өмнө нь одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийн Засгийн газар хөхөө өвлөөр дөнгөж төрсөн эхийг таавчигтай гаргасан гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байсан. Энэ бүхэн зүгээр тухайн үеийн шоу байсан юм уу. "Таавчигтай ээж"-ээс болж огцорч байсан хүмүүнлэг Засгийн газар хаана байна. Үндсэн хуульд заасан хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ. Шат шатандаа хариуцлагатай байх, хариуцлагагүй байсан, ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг албан тушаалаас нь цаг алдалгүй огцруулна гэсэн сүржин нэртэй, даржин мэдэгдлүүд хаана байна вэ.

Гэтэл өнөөдөр нийгмийг нийтээр нь айдаст автуулж байгаа аваар осол, хүүхэд хүчирхийллийн асуудлууд, арав арваараа угаартаад амь насаа алдсан асуудалд яагаад нэг ч хариу өгөхгүй байгаа юм бэ. Монголын төрийн нүд сохорч, чих дүлийрсэн байна. Монгол Улсын иргэд эх орондоо амьд явах ямар ч баталгаа алга.

Үнэнийг хэлэхэд эмэгтэй  улстөрчдийг ганц буруу үг хэлсний төлөө сайд болон дэд сайдын суудлаас нь хэдхэн цагийн дотор ёс зүйн хариуцлага тооцож, огцруулж байсан түүх байгаа шүү дээ. Гэтэл энэ олон аймшигт хэргийн араас нэг ч төрийн өндөр албан тушаалтан хариуцлага хүлээхгүй байна. Эсвэл эрчүүдэд ээлтэй, эмэгтэйчүүдэд халгаатай, ялгаатай хандаж байгаа юм уу.  Арай хэтэрч байна. Миний бие дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Нэг удаа нийслэл даяар онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сургалт хийх гэхэд юу ч байгаагүй. Бүх зүйлийг энд, тэндээс гуйж, түүж авч байж сургалт хийж байсан.  Онцгой байдал болоод бусад салбарт байгаа нийтлэг алдаа нь барилга байгууламжид л их мөнгө зарж байна.  Олон давхар байшин, сайхан шалтай, дээр нь хивстэй, тавилга нь гял цал гээд… Гэтэл бодит байдал дээр аюул осолтой улаан нүүрээрээ учирдаг алба хаагчдын цалин хөлс, ахуй амьдрал, багаж хэрэгсэл, техник технологи, хувцас хэрэгсэл нь сайжирдаггүй. “Хүнээ боддог нийгэм” гэдэг ойлголт алдагдсан, алсарсан. Гэтэл төрийн том дарга нар нь ямар сайхан байранд, ямар том машинтай, ямар хангамж хэрэглэж байгаа билээ.  Гэтэл Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд ямар сургууль, цэцэрлэгийн орчинд боловсрол эзэмшиж байна. Бодох л ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-04-10 202.126.90.230

Хэрэв би сайд байсан бол нэг цэцэрлэгийн хүүхэд хальтарч ойчсон бол шууд огцорно. Намайг сайд болговол та нар жаргана шүү.

Avatar

Нэргүй 2024-04-10 66.181.180.174

Хүүк өөрийхөө хир багцааг ойлгоод ЕС-ын албан хариуцла гаас айгаад, залхуу нь хүрээд, сайн дураараа "тавчигдсан" юмаа. Тэгээд орондоо ямар ч боловсролгүй,тэнэг гачигар тавьсан нь энэ дээ !

Avatar

Нэргүй 2024-04-10 59.153.112.101

Ter bol suudlyn tuluu l uzuulsen jujig bsan

Avatar

Зочин 2024-04-10 66.181.182.231

Эгчийгээ өрөвдөөд уйлж байгаад л сэвээд байсан өрөвч залуу хаа байна, зөндөө л уйлж сэвэх зүйлсүүд гарлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж