Рамаданы дараах гоо сайхны бизнес

Рамаданы дараах гоо сайхны бизнес

Рамаданы дараах гоо сайхны бизнес

Индонезийн гоо сайхны "Wardah” брэндийн худалдааны зөвлөх Эксанти нүдний тень, хацар өнгөлөгч, нүүрний шингэн энгэсэг, өө дарагч зэргийг ашиглан нүүрээ тод, бүтэн буддаг. Гэвч өдөр тутамдаа ажлын шаардлагаар нүүрээ буддаг Эксантигийн хувьд Рамадан сарын мацаг барих зан үйлийн төгсгөл маш чухал гэнэ. Учир нь  Рамадан дуусах үед Эксанти өөрийн дүр төрхөө шинэчлэхийг зорьж, чухал гэсэн косметикийн бүтээгдэхүүнээ худалдан авсан байна. Тэрбээр "Индонезид Ид аль-Фитр баяраар гэр бүлээрээ цуглардаг. Бид энэ баярыг тохиолдуулан хамтдаа гэр бүлийн зургаа авахуулдаг. Тэр үед би дүр төрхөө илүү байгалийн, өөгүй байлгахыг хүсч байна. Бас толигор арьстай болмоор байна" гэж "Aljazeera” агентлагт ярьжээ.


Рамаданы сүүлийн долоо хоногт томоохон худалдааны компаниуд хямдрал, урамшуулал олгодог. Энэ нь дэлгүүр хэсэх хүмүүсийн тоог улам нэмдэг гэдгийг мэддэг Эксантигийн хувьд мөн адил урамшуулал ашиглаж гоо сайхны бүтээгдэхүүн авах үе юм.
Индонезийн хэрэглэгчдийн хувьд баяр ёслолын өмнөх үе бол худалдааны оргил мөч юм. Өнгөрсөн жилийн Рамадан сарын үеэр арьс арчилгаа, нүүр будалтын борлуулалт баяр наадмын өмнөх үетэй харьцуулахад 20 хувиар өссөн гэж Индонезийн зах зээлийн судалгааны “Compas” компани мэдэгдсэн байна. Гоо сайхны бүтээгдэхүүн, савласан хүнс, ариун цэврийн хэрэглэл зэрэг түргэн шуурхай худалдаалагдаж буй өргөн хэрэглээний барааны нийт борлуулалтын хэмжээ 2023 онд 57.6 их наяд рупи (3.6 сая ам.доллар) болж, өмнөх оныхоос 1.03 хувиар өссөн. Гэхдээ борлуулалтын өсөлт зөвхөн Индонезиэр хязгаарлагдахгүй.
Өнгөрсөн жилийн Рамадан сарын эхний хоёр долоо хоногт Зүүн өмнөд Ази дахь жижиглэнгийн худалдаа 47 хувиар өссөнийг зар сурталчилгааны “Criteo” компанийн тайланд дурьдсан. Мөн  Малайз гоо сайханы бүтээгдэхүүний худалдаа 40 хувийн өсөлттэй байгаа бол Сингапур 30 хувиар удаалжээ.

“Criteo”-ийн мэдээлснээр хувцас, дагалдах хэрэгслийн борлуулалт 30 хувиар, хоол хүнс, ундааны борлуулалт 23 хувиар, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 16 хувиар өссөн байна. Тус компанийн аж ахуйн нэгж хариуцсан захирал Таранжиет Сингх хэлэхдээ, “Рамадан сарын хугацаанд гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт нэмэгддэг учир жижиглэн худалдаалагчдад борлуулалтын багцаа төрөлжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтандаа өөр стратеги ашиглах  шаардлага гардаг. Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн янз бүрийн нөхцөл байдал, Рамадан сарын үеэр эрэлт ихэссэнийг харгалзан маркетерууд худалдан авагчдад хүрэхийн тулд стратегиа шинэчлэх шаардлагатай байна" гэжээ.

Индонезийн олон компани косметикийн бизнесийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн тулд цахим борлуулалт руу шилжсэн. “Body Shop Indonesia” болон “Wardah”  нь цахим худалдааны “Shopee” хуудас, “TikTok” апп зэрэг платформоор дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг юм. Учир нь цахимаар хамгийн их борлуулагддаг зүйлс бол гоо сайхны брэндүүд билээ. Дээрх хоёр  брэнд хоёулаа баярын үеэр худалдан авагчдад зориулсан урамшуулалтай бөгөөд "Рамадан сарын хямдрал", "Баярын саналууд" гэх мэт сурталчилгаанууд гаргадаг байна. Ингэснээр Малайз, Индонезийн гоо сайхны борлуулалт огцом өсдөг юм.

Энэ жил Индонезийн арьс арчилгаа, гоо сайхны хамгийн том брэнд болох “Wardah”  нь "Сайн алхмаа үргэлжлүүл" хэмээх Рамадан сарын хямдралын аяныг өрнүүлжээ. “Wardah”-ын  хувьд Рамадан сар бол сайн сайхан, эв нэгдлийн үнэт зүйлсийг  сануулдаг онцгой үе юм. Үүнээс гадна Рамадан бол мусульманчуудын талархал, шүтэн бишрэх сэтгэлээ нэмэгдүүлж, “Аллахад ойртохын тулд хүлээдэг өдөр” гэж тус брэндийн гоо сайхны группийн тэргүүн Новиа Сукмавати өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Мөн  “Рамадан сарын үеэр гаргасан урамшуулал нь эмэгтэйчүүдэд, ялангуяа Индонези улсыг хүмүүст үр өгөөжтэй, сайн үйлсийг тууштай хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой" гэж Сукмавати хэлэв. Медан дахь “Body shop” Индонезийн салбарын худалдагч Эла баярын үеэр "хөөрхөн харагдах" нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Эксантийн өнгө аясыг багасгах арга барилаас ялгаатай нь Элагийн баярын дүр төрх нь ердийнхөөс илүү гайхалтай будалтыг гаргасан байна. "Тэд баярын өмнөх долоо хоногт арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авч, нүүр будалтаа хамгийн сайхан харагдуулахын тулд арьсаа бэлдэж эхэлдэг" гэж Эла ярьжээ.

Баяр ойртох тусам хүмүүс гоо сайхан болон нүүр будалтын хэрэгсэл худалдан авдаг байна.  Элагийн хэлснээр  тод өнгийн уруулын будаг, хацар өнгөлөгч зэрэг бүтээгдэхүүнүүд баяр ёслолын үеэр эрэлттэй байдаг. Баярын үеэр хүмүүс өглөөнөөс орой болтол үдэшлэг эсвэл гэр бүлийн цугларалтад оролцдог тул нүүр будалтаа хадгалах гэж бүтэн, тод будалт  хийх хэрэгтэй болдог байна. Суурь, нунтаг энгэсэг, хөмсөгний гель, уруулын будаг, тогтворжуулах шүршигч зэрэг бүтээгдэхүүнүүдийн борлуулалт нэмэгдэж байгааг мөн онцлоод байна.

Эх сурвалж: Aljazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж