"Ногдол ашгийг цөөн хүн аваагүй, шилжүүлэг хийж дуусаагүй байна"

"Ногдол ашгийг цөөн хүн аваагүй, шилжүүлэг хийж дуусаагүй байна"

"Ногдол ашгийг цөөн хүн аваагүй, шилжүүлэг хийж дуусаагүй байна"

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн зарим иргэний шилжүүлэг мэдээллийн зөрүүтэй байдлаас болж дансанд нь орохгүй байгаа. Тэгвэл ямар асуудлаас болж хүмүүсийн хувьцааны ногдол ашгийн мөнгө ороогүй болон, хэрхэн дансандаа мөнгөө авах талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн хэвлэлийн төлөөлөгч Г.Билэг-Ариунтай ярилцлаа. 


-Одоогоор хэчнээн иргэн 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгөө аваад байна вэ?

-Хувьцаа эзэмшигч гурван сая 407 мянга 426 иргэний 761 тэрбум төгрөгийг төрийн сан руу шилжүүлсэн. Дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар төрийн сангаас ногдол ашгийн 720 орчим тэрбум төгрөгийг 1072 хувьцаа эзэмшигч нийт иргэний 95-96 хувьд тараасан. Өнгөрсөн долоо хоногоос буюу дөрөвдүгээр сарын 4-нөөс хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Одоо ч шилжүүлж байгаа. Бүрэн шилжүүлж дуусаагүй.

Ногдол ашгаа аваагүй иргэдийн тухайд мэдээллийн зөрүүтэй болон бусад шалтгаанаар авч чадаагүй. Тухайлбал, үнэт цаасны дансгүй, арилжааны банкны дансаа бүртгүүлэхдээ буруу данс бүртгүүлсэн, эсвэл хамтран эзэмшигчтэй данс бүртгүүлснээс шалтгаалж ногдол ашгаа авч чадаагүй тохиолдлууд байна.

-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандах иргэдийн ачаалал ихэссэн гэлээ. Иргэд хэзээнээс, ямар шалтгаанаар хандах болов?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг тараалттай холбоотойгоор шилжүүлэг эхэлсэн өдрөөс эхлэн манайд хандах иргэдийн тоо эрс өссөн. Өдөрт 100-200 хүн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд биеэр ирж дугаарлаж, шаардлагатай мэдээлэл, үйлчилгээгээ авч байгаа. Мөн утсаар 1000 орчим иргэн холбогдож, ногдол ашигтай холбоотой мэдээлэл тодруулж байна.

Иргэдийн хувьд ногдол ашгийн мөнгө ороогүй байна гэдэг шалтгаанаар их хандаж байгаа. Мөн аль үнэт цаасны компанид данс нээлгэснээ шалгуулах, 2-3 брокер дилерийн компанид нээлгэсэн дансны мэдээллүүдээ шалгуулах тохиолдлоор хандаж байна.

Хувьцааны ногдол ашиг бүртгэлтэй иргэдийн идэвхтэй ашигладаг аль нэг данс руу автоматаар заавал шилжиж орно. Тиймээс дансны мэдээлэл, өөрийн хувьцааны тоо ширхэг зэрэгтээ эргэлзэж байгаа ногдол ашгаа аваагүй иргэд цахимаар болон биеэр хандаж лавлагаа мэдээлэл авах боломжтой.

-Өмнө 2019, 2022 болон энэ удаагийн 2023 ногдол ашгийг нэмбэл нийт гурван удаагийн тараалт хийгдсэн байна. Гэхдээ өмнөх ногдол ашгуудаа авсан дансанд нь мөнгө нь шилжиж ороогүй иргэд яах ёстой вэ?

-Ийм тохиолдол цөөнгүй бий. Манай байгууллага 3.4 сая гаруй иргэний мэдээллийг эхлээд үнэт цаасны компаниудаас авсан. Өөрөөр хэлбэл баталгаажсан дансны мэдээллийг нь авсан гэсэн үг. Эхний багцын гүйлгээ тэдгээр дансны мэдээллийн дагуу хийгдэж дууссан. Хоёр дахь бол үнэт цаасны дансгүй хүмүүс. Үнэт цаасны буюу 1072 хувьцаатай эсэхээ дансаар баталгаажуулаагүй иргэдийн хувьд И-баримтын буцаан олголтоо авдаг идэвхтэй ашигладаг дансны мэдээллийг авсан. И-баримт ашигладаггүй, бүртгүүлдэггүй иргэдийн тухайд арилжааны таван банкнаас хамгийн идэвхтэй ашигладаг аль нэг банкны данс руу ногдол ашгийн мөнгө шилжиж байгаа.

Үнэт цаасны данс болон арилжааны банкны дансны мэдээллийг иргэд сайн ойлгохгүй байна. Үнэт цаасны данс гэдэг нь 1072 хувьцааг тухайн иргэн өмчилж байгааг баталгаажуулсан данс. Хувьцаа байршиж байгаа дансыг үнэт цаасны данс гэнэ. Харин арилжааны банкны данс бол төгрөгийн буюу ногдол ашиг авах данс гэж энгийнээр ойлгож болно.

Үнэт цаасны данс нь брокер дилерийн компаниуд дээр нээгддэг. Брокер дилерийн компаниудын тухайд санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийт 52 үнэт цаасны компани өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Иргэд эдгээр брокерын компаниудаас сонголтоо хийж, өөрийн ашигладаг нэрийн дансаа тухайн брокертоо бүртгүүлнэ.

"НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН НОГДОЛ АШИГ ОРСОН ЭСЭХИЙГ Ч ШҮҮЛГЭЖ БОЛНО "

-Данстай иргэд ямар ч байсан хувьцааны ногдол ашгаа авна гэлээ. Тэгвэл бүртгэл мэдээлэл огт байхгүй болон хувьцаа эзэмшиж байгаад нас барсан хүмүүсийн мөнгө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд түгжигдсэн гэсэн үг үү?

-Бүртгэл мэдээлэл огт байхгүй иргэд бичиг баримттайгаа ирж мэдээллээ заавал бүртгүүлнэ. Нас барсан хүмүүсийн хувьд 1072 хувьцаа эзэмшиж байсан тохиолдолд тухайн иргэний нэр дээр ногдол ашиг орсон. Тодруулбал, нас барахаасаа өмнө үнэт цаасны компанид очиж данс нээлгэж, хувьцаагаа эзэмшсэн байсан бол нэр дээр нь ногдол ашиг хуримтлагдаад л байж байгаа гэж ойлгож болно. Ар гэрийнхэн нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр тухайн хүний нас барсны гэрчилгээг авч ирж шүүлгэхэд хувьцааны тоо ширхэг зэрэг мэдээллүүд гарч ирнэ.

Нас барсан хүний хувьцаа өвлөгдөх эсэх асуудлыг Засгийн газраас тодорхой үе шаттайгаар зохион байгуулах байх. Одоогоор шууд өвлөгдөнө гэсэн ойлголт байхгүй.

Мөн иргэд ногдол ашгийг бүрэн тарааж дууссан гэж ойлгоод байгаа. Ногдол ашгийн шилжүүлэг бүрэн дуусаагүй. Шилжүүлэг дуусах сүүлийн хугацаа гэж байхгүй учир мөнгө нь ороогүй иргэд мэдээллээ шалгуулж, дансаа холбоод хэзээ ч ногдол ашгаа авч болно.

Жишээ авч үзвэл, нэг иргэн өөрт ойр байрлах үнэт цаасны компанид дансаа нээлгээд Голомт эсвэл, Хаан банкныхаа дансыг холбосон байлаа гэж бодъё. Гэхдээ ногдол ашгийн мөнгө нь ороогүй. Энэ тохиолдолд манайд ирэхэд дансыг шалгаж, мөнгө нь төрийн данс руу орсон байгааг хэлж байгаа.

Төрийн сан руу илгээгдсэн байна гэдэг нь ногдол ашиг орсон гэсэн үг биш. Илгээгдсэн гэсэн тохиолдолд ажлын гурав хоногт тухайн иргэний бүртгэлтэй данс руу мөнгөний гүйлгээ хийгдэнэ. Гүйлгээ амжилттай хийгдсэн тохиолдолд иргэд дансаа шалгаж, мөнгөө авах боломжтой.

-Мэдээлэл зөрүүтэйгээс хэр олон хүний ногдол ашгийн шилжүүлэг буцаагдсан бэ?

-5000 гаруй байгаа. Шилжүүлэг бүрэн дуусаагүй байгаа учир нэгдсэн дүн мэдээ эцсийн байдлаар гараагүй. Мэдээлэл зөрүүтэй гэдэг дээр овог, нэрээ сольсон, хүүхдийнхээ нэрийг сольсон, шүүхийн шийдвэрээр овгоо өөрчилсөн зэрэг. Эдгээр тохиолдолд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүйгээс зөрүүтэй байдал үүсч, данс руу нь шилжүүлэг хийгдэхгүй байгаа. Мөн гадаад руу шилжиж явсан иргэд ч бий. Үүнээс гадна гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа хүмүүсийг ар гэрийнхэн нь төлөөлж ихээр ирж байна.

Гадаадад байгаа иргэд мөн ялгаагүй үнэт цаасны дансаа нээлгэж, монгол дахь арилжааны банкны дансаа холбож ногдол ашгаа авч болно.

Түүнээс гэрийнхнийх нь аль нэгнийх нь данс руу шилжүүлэг хийгдэнэ гэсэн ойлголт байхгүй.

-Үнэт цаасны дансгүй хэчнээн иргэн байна вэ?

-2024 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаа мөртлөө дансгүй иргэдийн тоо нийт нэг сая 171 мянга 723 байна. Эдгээрээс 674 мянга 653 нь хүүхэд. 397 мянга 70 хүн нь насанд хүрсэн иргэн байгаа юм. Гэхдээ энэ хүмүүст ногдол ашгийг олгоогүй гэсэн үг биш. Дээр хэлсэнчлэн албан ёсны бүртгэлтэй арилжааны банкны данс руу шилжүүлгүүдийг хийсэн. Үнэт цаасны данс нээлгээгүй хүүхдүүдийн мөнгийг хүүхдийн мөнгө авдаг данс руу нь шилжүүлсэн.

-Ногдол ашгаа авч чадаагүй иргэд тэгвэл заавал танай дээр ирж дугаарлах шаардлагагүй юм уу?

-Манай байгууллага нээлттэй учир шаардлагатай иргэд ирэхэд нээлттэй. Мэдээллийн зөрүүтэй байгаа эсэхээ ирж шалгуулж байгаа хүмүүс их байна. Бид хүмүүүсийн асууж байгаа асуултад бүхий л боломжоор хариулж байгаа. Мөн заавал биеэр ирэхгүйгээр холбогдох мэдээллийг шалгаж болно. Тухайлбал,

  • Нэгдүгээрт, нэг цонхны үйлчилгээ. Нэг цэгийн үйлчилгээгээр иргэдийг хүлээн авч анхан шатны баримт буюу иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг үндэслэн E-Clearing house системээс хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр авсан үнэт цаас, ЭТТ ХК-ийн хувьцаа болон ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна.
  • Хоёрдугаарт, ТҮЦ машин. Иргэн өөрт байрлах Төрийн үйлчилгээний цахим машинаас өөрийн үнэт цаасны үлдэгдэл, ЭТТ ХК-ийн ногдол ашиг болон мэдээллийг авах боломжтой.
  • Гуравдугаарт, мессеж үйлчилгээ. Иргэн 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа латинаар галиглан илгээж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааны үлдэгдэл мөн аль ҮЦК-д данстай эсэх мэдээллээ гар утсандаа хүлээн авах боломжтой.
  • Дөрөвдүгээрт, веб хуудас. Иргэд өөрсдийн регистрийн дугаараар өөрийн эзэмших эрхтэй хувьцааны тоо ширхэг, ҮЦК дээр данс нээлгэсэн эсэх мэдээлэл, данс нээлгэсэн тохиолдолд тухайн ҮЦК-ийн хаяг, утас зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
  • Тавдугаарт, И-Монголиа. Цахим үйлчилгээний нэгдсэн портал И-Монголиагаар иргэд өөрийн үнэт цаасны компаниар нээлгэсэн данс, үнэт цаасны үлдэгдэл, ЭТТ ХК-ийн ногдол ашиг болон бусад мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.

Гэрэл зургийг О.БОЛОРСУВД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд. Г 2024-04-10 202.126.90.135

2022 оны ногдол ашиг орчихоод байхад 2023 оных нь одоо болтол ордоггүй ээ. Нэг л данс бүртгэлтэй . Заримдаа худлаа яриад байх юм. Тэр дансыг хэн ч өөрчлөөгүй . Өөрсдийнхөө ажлын уялдаа холбоогоо сайжруулаач ээ.. Дансаа цэгцлээч ээ. Энд тэндээс мэдээлэл авдгаа болих , цэгцлэх хэрэгтэй …

Avatar

Зочин 2024-04-10 66.181.161.6

миний бүх мэдээлэл бүрэн. ногдол ашиг ирээгүй байна. бүх хүний бүх мэдээллийг шалга. буруу ажиллаж байн

Avatar

Зочин 2024-04-10 66.181.161.6

урьд нь зүгээр л ирээд байсан. энэ ногдол ашиг ирэхгүй байна. бүх хүнийхийг бүгдийг дахин шалга
андуурал буруу ажиллагаа явагдаж байна дээ

Avatar

Нэргүй 2024-04-10 103.161.242.190

Өмнө нь хүүхдийн ноогдол ашиг хүүхдийн мөнгөний дансаар шууд ордог байсан 2023 оных орсонгүй. Үнэт цаасны компани дээр анх ноогдол ашиг тараахад данс нээлгэсэн. Үнэт цаасны компани нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс тодруул гээд энэ газар нь утас нь байнга завгүй холбогдож чадахгүй юм аа.

Avatar

Амар 2024-04-10 192.82.65.74

НООГДОЛ АШИГАА АВААГҮЙ БГАА

Avatar

Зочин 2024-04-10 103.212.119.216

ноогдол ашиг юм чинь алга болчихгүй байхоо иргэд маань тайван хөөцөлд авч л таараа

Avatar

Нэргүй 2024-04-10 122.201.23.83

Сонгуулийн АВИЛГАЛ аваагүй эээээээээ

Avatar

Нэргүй 2024-04-10 202.126.89.129

нээх их юм өгөх гэж байгаа юм шиг баахан чирэгдэл учруулахын. Авахгүй ээ наадхыг чинь за араас нь хөөцөлдүүл бараг тэрнээсээ их зардал гарах нь байна .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж