Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр гарсан галыг унтраахаар ажиллаж байсан нэг алба хаагч үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан. Амиа алдсан аврагчийн ар гэрийнхэн "Тэтгэвэрт гарах хугацаа нь болж, өнгөрсөн 2023 оны есдүгээр сараас хойш удаа дараа хүсэлтээ өгсөн боловч тэтгэвэрт нь гаргаагүй. Өмнө нь 30 хувийн түлэгдэлтийн гэмтэл авсан гэсэн боловч үнэндээ 80 хувь түлэгдсэн байсан. Тэгээд эмчлүүлж байгаад ажилдаа орсон. Тэр өвчний шалтгаанаас ажлаа өгөх хүсэлтээ өгөөд байхад хүлээж аваагүй" гэдгийг хэлж байсан юм. Тэгвэл удаа дараагийн энэ мэт асуудал гарч байгаа ч хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнууд байхгүйд иргэд бухимдаж байна. Олон нийтийн сүлжээнд гал сөнөөгчдийг шаардлагатай хувцас, хэрэгслээр хангаагүй албан тушаалтнууд огцрохыг шаарджээ. Олны уур, бухимдал дээр Шадар сайдын гаргасан эмгэнэлд тос нэмлээ. Өөрийг нь огцрохыг шаардаж байхад өмнөөс нь тайлбар мэт гарсан эмгэнэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
