Украины арми ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү удаа дараалан дайрсны улмаас тус улс гадаадын орноос шатахуун импортлохоос өөр аргагүйд хүрснийг "Telegraph" хуудас мэдээллээ. Тодруулбал, ОХУ нь Казахстанаас шатахуун нийлүүлэхийг хүссэн гэх мэдээлэл байна. Хомсдол үүссэн тохиолдолд 845 мянган баррель буюу 100 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлэхийг Казахстанаас хүссэн аж. Гэхдээ хоёр улс хэлэлцээрт хүрсэх эсэх нь тодорхойгүй байна.
ОХУ мөн Беларусиас нийлүүлэлт хүссэн байж болзошгүй.
Угтаа бол ОХУ нь шатахуун экспортлогч орон. Гэхдээ Украины нисгэгчгүй онгоцнуудын дайралт нь үйлдвэрүүдийн боловсруулах чадавхийг бууруулж, импортод найдахаас өөр аргагүй болжээ. ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дор хаяж 12 удаа нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн байна. Эндээс зөвхөн гуравдугаар сард л гэхэд таван удаагийн цохилтод өртжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, цохилтуудын улмаас үйлдвэрүүдийн боловсруулах хүчин чадлын 10 гаруй хувь нь идэвхгүй болсон байна.
Нисгэгчгүй нисэх онгоцны цохилтоос гадна өнгөрсөн амралтын өдрөөр Казахстаны хилийн ойролцоох Оросын томоохон нефть боловсруулах үйлдвэр үерийн улмаас үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.
Шатахууны үнийг тогтворжуулж, үйлдвэрүүдээ засварлах зорилгоор ОХУ өнгөрсөн сард шатахууны экспортоо зургаан сарын хугацаатай хориглосон. Үүнээс өмнө өнгөрсөн оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд хориг тавьж байсан. Гэхдээ эдгээр тохиолдолд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнууд хоригоос чөлөөлөгдсөн билээ.
Тус улс өнгөрсөн онд 5.8 сая тонн шатахуун экспортолсон нь нийт үйлдвэрлэлийнх нь 13 хувь юм.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ